Төрийн ордонд сандал, ширээний төлөөх тулаан үргэлжилж байна. Өнгөрсөн хэд хоногт Ардчилсан намынхан сайд нарынхаа нэрийг тохиролцох гэж дотооддоо нэлээд зөрчилдсөн бол түүн дээр нь сөрөг хүчнийхэн давс үрж, Түгжилдэх ажилдаа оров. Дөрвөн ч яам удирдлагагүй болж үүрэг гүйцэтгэгчид томилогдсон нь Түгжлүүдийн “гавьяа”. Аягүй бол бие биедээ баатар цол олгож суугаа байлгүй. Цаашид юу эсийг сэдэж, хор найруулахыг таашгүй.
Уг нь сайд чөлөөлөхтэй зэрэгцүүлэн шинэ сайд нарыг томилох шаардлага байгааг хэлж, завсар гарахаас сэргийлэхийг зөвлөсөн нь Түгжилүүд. Харамсалтай нь, хэлсэндээ хүрсэнгүй буцсанаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Уул уурхай, эрчим хүчний яам, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Сангийн яам сайдгүй боллоо. МАН ялж, Монголын төр хүчгүйдлээ. Өөр юу гэж хэлэх юм.
Чухамдаа асуудлыг энэ хэмжээнд хүргэхгүй байх боломж байсан уу гэвэл бий. Түгжилүүд л хүсээгүй хэрэг. Бойкот хийсэн шалтгаан нь ч бас инээдтэй. Сайд нарын нэрийг цувруулж өргөн мэдүүлсэн учраас МАН-ын бүлэг завсарлага авахаас арга байсангүй гэх. Ингэж онигоо болж байхаар “Сайдад нэр дэвшигчид чинь таалагдахгүй байна” гэсэн бол Түгжилүүд шударга харагдах байлаа. Даанч чадсангүй. Бойкот нь хэтрэхээр эцэстээ үндэслэлээ ч зөв гаргаж тайлбарлаж чадахгүй болох юм даа.
Ер нь тэгээд Түгжилүүдийн “шантааж”-аас болж ард түмний амьдрал ч туйлдаж гүйцэж байна. Засгийн эрхийг Ардчилсан нам барьж байгаа хэдий ч байгуулагдсан цагаас нь амар заяа үзүүлээгүй нь хэн билээ дээ. Засагтаа оруулсангүй гэж шантааж хийсээр өнөөдрийг хүргэсэн нь худлаа биш. Энэнд нь Ардчилсан намдаа “гомдсон” хэсэг нөхөд ч ташуур өгч ирсэн. Ийм нөхцөлд Засгийн газарт амар тайван ажил хийх боломж байх уу. Одоо бүр ч хүндэрнэ. Хэдийгээр дээр нэр дурдсан дөрвөн яамдыг бусад сайдууд хавсрах ч ажил хийдэж, хариуцлага тооцох болбол ярих эзэнгүй л боллоо.
Дээр нь шийдэх асуудал шилээ даран хүлээгдэж байгаа ч бас л хариуцах эзэн алга. Хамгийн эмгэнэлтэй нь, 2015 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэхэд Сангийн сайдаа чөлөөлчихсөн, шинэ сайдаа томилоогүй сууж байх нь бүр шившиг. Урьд гараагүй үзэгдэл ч байж мэднэ. УИХ-аар улсын төсвийн хуулийг хэлэлцэхэд Ерөнхий сайдаас илүүтэй Сангийн сайд голлох үүрэг гүйцэтгэдэг. Аль ч улсад тогтсон жишиг. Харин Монголын парламент ирэх жилийн төсвийг Сангийн сайдгүйгээр хэлэлцэх нь.
Нөгөөтэйгүүр, тэд Оюутолгойн асуудлыг яаралтай шийдээч ээ гэж хашгирах атлаа Уул уурхай, эрчим хүчний сайдыг томилохоос татгалзсаныг ч бас ойлгохгүй нь. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаач ээ, гадаад ертөнцтэй холбогдооч ээ гэж бархирах атлаа Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайдыг томилохоос татгалзсан нь бас л гайхал төрүүлэх. Юу нь таалагдахгүй байгаа юм бэ, Түгжилүүд ээ. Наад хөгийн “амбиц” тань сандал ширээтэй зууралдах нь Ардчилсан нам биш Ардын намын бодлого юм байна гэж харагдуулах боллоо. Ичих нүүр байна уу.
Монголын улстөрийн сүүлийн 20 гаруй жилийн түүхийг аваад үзвэл Төсөв, мөнгөний бодлого хэлэлцэх үеэр гол яамдын сайд нараа чөлөөлчихөөд сууж байсан жишиг үгүй биз. Түгжилүүдийн “гавьяа”-гаар Монголын түүхэнд шинэ жишиг тогтлоо. Түгжилүүдэд ард түмний нэрийг барьж, улстөр хийх эрх үлдээгүй гэж найдъя.
Г.ДАРЬ