Сүүлийн жилүүдэд уул уурхайг даган эдийн засгийн өсөлт нэмэгдэх хандлагатай байгаа ч тэр нь төсвийн орлогыг бүрдүүлэхэд гол нөлөө үзүүлж байгаа гэнэ. Тиймээс байгалийн баялгаас олж байгаа орлогыг иргэнийхээ эрүүл мэнд, боловсролыг дээшлүүлэх, орчин нөхцлийг нь сайжруулах хүрээнд зарцуулахаар Засгийн газрын зүгээс ажиллаж байгааг дуулгав. Мөн хүн амын дундахь ажилгүйдлийн төвшинг бууруулахын тулд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд 60 тэрбум төгрөгийн зээл олгосон. Ингэснээр 11 мянга гаруй ажлын байр шинээр бий болсон гэлээ.
Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд холбогдох сайд нарт асуулт тавьж, хариулт авч байна. Асуултын багагүй хэсэг нь цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар ямар бодлого баримталж байгаа, уул уурхайн баялгаас олсон орлогоо хүнийхээ хөгжилд зориулах зорилт тавьсан ч харамсалтай нь хуримтлагдсан хөрөнгөнийхөө 70-80 хувийг бэлэн мөнгөөр тараагаад өгчихөж байгаа учраас цаашид Засгийн газар иргэнийхээ амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлээр юу хийхийг зорьж байна вэ гэдэгт хариулт авлаа.
Ерөнхий сайд хэлэхдээ “Цалин, тэтгэврийг нэмэх асуудлыг судалж байж шийдвэрлэнэ. Иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд амьжиргааных нь баталгаа болсон цалин, тэтгэврийг нэмэх шаардлага байгаа. Энэ ч үүднээс саяхан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 хувь хүртэл нэмэгдүүлсэн. Гэхдээ цалин, тэтгэвэр нэмэх бүрийд түүнийг дагаад сөрөг үр дагавар гардаг учраас тэр бүгдийг тооцож, судалгаа шинжилгээтэй хандах шаардлага бий. Бэлэн мөнгө тарааж байгаатай холбоотой шүүмжлэл нэлээд гарч байгаа. Бэлэн мөнгө тараахаас улстөрийн намууд татгалзаж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүнийгээ ажил хэрэг болгох чиглэлээр ажиллаж байна” гэсэн хариулт өглөө.