Дуудлага худалдаа маргаан үүсгэв

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Дуудлага худалдаа маргаан үүсгэв

Нийслэлийн хаа нэгтээ явж байхад таардаг хуучин, эсвэл аль хэдийнэ ашиглалтаас гарсан барилга, байгууламжуудын зарим нь нийслэлийн өмчид харъяалагддаг ажээ. Нийслэлийн ЗДТГ-ынхан тэдгээр объектыг  сонирхсон хүнд нь боломжийн ханшаар борлуулах бодлого баримталдаг. “Бага хэмжээний төсвөөр их бүтээн байгуулалтын ажил өрнүүлнэ. Үлдсэн санхүүжилтийг боломжтой эх үүсвэрээс хайна” хэмээж байгаа нийслэлийн удирдлагуудад энэ нь тодорхой хэмжээний эх үүсвэр бий болгох нэг арга зам нь учраас тэр биз. Тэгвэл Нийслэлийн өмчийн харилцааны газарт өчигдөр нийслэлийн өмчид бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг борлуулах  ээлжит дуудлага худалдаа болов.

Энэ онд нийслэлийн өмч болох 14 объектийг дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг нийслэлийн ИТХ-аас гаргажээ. Уг тогтоолын дагуу өчигдөр тэдгээрийн зургааг нь дуудлага худалдаанд оруулж, борлуулах ёстой байсан. Гэсэн ч зургаан барилгаас Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн өмчид бүртгэлтэй хүлэмжийн барилгыг худалдан авах саналаа хоёр хүн ирүүлсэн байв. Тодруулбал, иргэн Л.Болдбаатар, Ч.Базаргүр нар уг объектийг авах саналаа ирүүлж, дуудлага худалдаанд оролцсон юм. Дуудлага худалдаа 11 цагт эхлэх ёстой байсан ч нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярыг хүлээж 10 гаруй минутаар хойшлов. Уг нь тэрбээр дуудлага худалдаанд огт оролцдоггүй юм билээ. Харин өчигдөр хэдэн объектийг зарахаар төлөвлөснөөс хэд дээр нь худалдан авах санал ирснийг сонирхохоор орж ирсэн нь энэ. Тэрбээр нэг их удсангүй албаны хүмүүсээс сонирхсон асуултдаа хариулт аваад гарсан юм.

Багануур дүүргийн дөрөвдүгээр хороонд байрладаг  60 метр квадрат талбайтай хоёр объектийн доод үнийг албаны хүмүүс долоон сая 40 мянган төгрөг хэмээн тогтоожээ. Тэдний  хэлж буйгаар дуудлага худалдааны үеэр 10 саяас доош төгрөгөөр үнэлсэн байгууламжийн үнийг  нэг удаад 50-100 мянган төгрөгөөр нэмж үнийн саналаа хэлдэг аж. Харин 10 саяас дээш үнэтэй объектийн үнийг нэг удаад 100-200 хүртэлх мянган төгрөгөөр ахиулж болдог аж. Ингээд дуудлага худалдаа ч эхлэв. Долоон сая 40 мянган төгрөгөөс эхэлсэн үнэ 50, бас 100 мянган төгрөгөөр нэмэгдсээр хэдхэн минутын дотор хэдэн сая төгрөгөөр өсчихөв.  Ердөө тав орчим минутын дараа 10 сая 390 мянган төгрөгт хүрчихсэн байх жишээтэй. Үнэ нь ийнхүү өссөөр тус газрыг иргэн Ч.Базаргүр 15 сая 390 мянган төгрөгөөр худалдан авахаар болсон юм. Тэрбээр 14 хоногийн дотор мөнгөө төлөх ёстой бөгөөд төлөөгүй тохиолдолд нөгөө хүнд нь худалдаж авах саналыг тавьдаг гэнэ. Дуудлага худалдаанд ялагдсан Л.Болдбаатар  хамт ирсэн ээжийнхээ хамт гонсгор үлдэв. Тэрбээр холбогдох хүмүүсээс ямар нэг давуу эрх бий эсэхийг лавласан боловч “Боломжгүй” гэсэн хариулт авсан юм.  Учир нь тэд уг объектийн нэгд  одоо амьдарч байгаа ажээ. Харин Ч.Базаргүр “Бодож байсан үнээрээ авч чадлаа” хэмээж байв.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга М.Энхболдоос дараах асуултад хариулт авлаа.


-Иргэн Л.Болдбаатарт амьдарч буй байраа өмчилж авах давуу эрх байхгүй гэж үү?

-Иргэний хуульд заасны дагуу тухайн иргэн улсын өмчийн байр, орон сууцыг хувийн зориулалтаар ашиглахдаа тогтмол түрээс төлсөн буюу ямар нэгэн хөрөнгө оруулалт хийсэн бол өмч хувьчлахад давуу эрх эдлэх ёстой. Харин энэ хүн уг байрыг 10 орчим жил ашиглахдаа “Боловсрол” цогцолбор сургуультай болон манай газартай гэрээ хийгээгүй, улсад нэг ч төгрөг төлөөгүй. Тиймээс давуу эрх эдлэх боломжгүй. Бид үүнийг нь судалж, тогтоосон. 

-Зургаан объектийг дуудлага худал­даанд оруулахаар төлөв­лөсөн ч нэгийг нь л худалдлаа. Үлдсэнийг нь хэрхэх вэ. Ер нь ашигладаггүй, хуучирсан иймэр­хүү барилга, байгууламж нийслэ­лийн хэмжээнд хэд байдаг юм бол?

-Нийт тоог гаргах боломжгүй л дээ. Өнөөдөр /өчигдөр/ Багануур дүүргийн хоёрдугаар хороонд байрлах 132 дугаар цэцэрлэгийн  барилга, Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд байрлах 134 дүгээр цэцэрлэгийн балансад бүртгэлтэй гэр цэцэрлэгийн барилга, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд байрлах авто сургуулийн ашиглалтаас гарсан барилга, 23 дугаар хороонд байрлах бага сургуулийн ашигладаггүй барилга, Багануур дүүргийн хоёр, есдүгээр хороонд байрлах өрхийн эмнэлгийн байрыг дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөсөн байсан. Бусад дээр нь худалдан авах санал ирсэнгүй. Заримыг нь өнгөрсөн жилээс эхлэн худалдаанд оруулахаар зарласан ч одоог хүртэл ямар ч санал ирээгүй. Ихэнх нь алслагдсан дүүрэгт байгаа. Нөгөө талаар үнийг өндөр тогтоосонтой холбоотой байх.

Хуучирч, муудсан, байрлал нь тийм ч таатай биш барилгуудыг худалдан авах санал бараг ирдэггүй ажээ. Тэдгээрийг буулгаад өөр зориултаар ашиглах боломж ч байхгүй юм байна. Дашрамд дурьдахад, Нийслэлийн өмчийн харилцааны газраас дуудлага худалдаанд оруулахаар 2-3 удаа зарласан ч санал огт ирээгүй объектийн үнийг 40 хүртэлх хувиар бууруулдаг аж. Хэрвээ ингээд зарагдахгүй бол үнийг нь дахин 40 хүртэлх хувиар бууруулна. Бүр нэг төгрөгийн үнэтэй болтол нь  буулгаж ч болно. Гэсэн ч одоогоор доод ханш нь нэг төгрөгтэй тэнцсэн барилга хараахан байхгүй аж. Тэндээс гарах үедээ иргэн Л.Болдбаатартай уулзсан юм. Тэрбээр тус газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга М.Энхболдын хэлсэнтэй санал нийлэхгүй байв. Л.Болдбаатар “Манайх хүлэмжийн барилгын нэг объектод 10 гаруй жил амьдарсан. Энэ хугацаандаа түрээсийн мөнгө тогтмол төлж байсан. Анх орохдоо 20 гаруй мянган төгрөгийн түрээс төлдөг байсан бол одоо нэмэгдсээр 42 мянган төгрөг болсон. Би өөрөө тус сургуульд багшилдаг. Түрээс төлж амьдрах гэрээ ч хийсэн” гэсэн. Ямартай ч түүнд М.Энхболд даргын ярьсанчлан давуу эрх эдлэх тухай хэлэхэд “Энэ талаар тодруулна” гээд үлдсэн юм.

Т.УРАНГЭРЭЛ

Эх сурвалж:
 Улс төрийн тойм сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж