Өнөөдөр Америкад ирсэн зарим эцэг эхчүүд хүүхэддээ гар хүрэхээс айдаг болсон тухай хоорондоо сэм хэлэлцэнэ. Хаа нэг газрын Монгол хүүхэд хичээлдээ явсангүй, тамхи татлаа, болдоггүй хүүхдүүдтэй нийллээ хэмээн гар хүрсэн аавыгаа цагдаа дуудаад бариад өгсөн “аюулт мэдээнүүдийг” биендээ сануулан, болгоомжтой байхыг зөвлөнө. Бага байхад хүүхдүүдийг “ий, цагдаа ирж байна шүү” хэмээн “каалтуулдаг” байсан бол одоо үр хойч маань ээж аавыгаа “цагдаад барьж өгнө шүү” хэмээн жижигрүүлдэг болжээ. Хээ цэс, дээр үеийн нэгдүгээр дэлгүүрт грушик хийдэг байсан донгиодуу байрын нөхөр бол “хохь чинь, нүгэл нь нүдээрээ гарч байгаа нь тэр” хэмээн орсгой шүдээ гаргаад хоржоонтой нь аргагүй хэлэх байсан биз.
Дэлхийн арав гаруй оронд хүүхэддээ гар хүрэхийг хуулиар хориглосон байдаг гэнэ. Эдгээр орнууд нь ихэнх нь Европын улсууд гэнэ. Харин саяхан Калифорн мужийн ассемблейн гишүүн хүүхэн, дөрвөн нас хүрээгүй хүүхдийн хонгон дээр нь байлгахыг хориглох төсөл боловсруулжээ. Хэрэв энэ нь батлагдах юм бол эцэг эхчүүд 1,000 хүртэл доллараар торгуулах буюу нэг жил хүртэл шоронд хоригдох гэнэ. Гэхдээ энэ нь батлагдах боломж тун багатай гэнэ. Демографикын нэгэн сэтгүүлээс гаргасан судалгаагаар Америк эцэг эхчүүдийн тал гаруй хувь нь 12-оос доош настай хүүхдүүдэд гар хүрч, хүмүүжүүлж байх ёстой хэмээн үздэг гэнэ.
Монголд энэ талаар ямар судалгаа байдгыг мэдэхгүй ч гэсэн гэр бүлийн хүчирхийллийн талаар хэнээр ч хэлүүлэлтгүй бид сайн мэдэж байгаа. Бага насны хүүхдүүдийг зодож, гар хүрч, айлгаж, дарамталж хүмүүжүүлэхээс өөр сайхан хүмүүжүүлэх арга бишгүй зөндөө байдаг л биз. Зодууллаа гээд сайн сайхан явж байгаа, зодуулаагүй гээд задарсан яваа хэмээн хэлэхэд хэцүү.
Намайг багад аав минь нэг удаа хонгон дээр минь шаахайгаараа, нөгөө удаа “Весёлые Картынки” хэмээн оросын зурагт сэтгүүлээ хоолны ширээн дээр замбараагүй байлгалаа хэмээн хуйлсан сэтгүүлээр нэг удаа жавьтий хүртээж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Мэдээж өвдөж юу шалив гэж, хамгийн гол нь хамгийн хайртай, өөрийнх нь өмгөөлөгч болсон аав хэмээх хангай шиг тэр л түшиг эргүүлээд өөрт нь гар хүрсэнд л нэг талаар гоморхож, нөгөө талаар шаралхаж, тавдугаар орцноос хоёрдугаар орц хүртэл дуу хадааж байсан биз.
Тэрнээс хойш гэрийн шаахай хараад үхтлээ айдаг болоогүй ч гэсэн ном хэвлэл хэмээх эрхэм эрдэнийг дээдлэн явах учиртайг яс махандаа шингэтэл ойлгосон. Хүүхдийн сэтгэл зүй судлаач, Францын нэгэн эрдэмтэн өгүүлэхдээ “аав нь бага насны хүүгээ дагуулан эдлэн газраа харуулна. Тэгээд эдлэн газрынхаа өнцөг болгон дээр очоод хүүхдээ зодно. Ийнхүү дөрвөн удаа зодуулсан хүүхэд өөрийнхөө эдлэн газар хаана дуусдаг болохийг яс махандаа шингэтэл ойлгодог болдог” хэмээн өгүүлсэн байдаг.
Харин яс маханд нь шингээж ойлгуулахаас илүү зүрх сэтгэлд нь соёолуулан дэлбээлүүлэх арга ч бий. Манай залуу эцэг эхчүүд харин ч хүүхдийнхээ хүмүүжилд онцгой анхаарах болсон байна. Аргагүй дээ, ямар дээр үед байсан шиг хөнжлөөр дүүрэн долоо найман юм байх биш. Одоо их л бол хоёр гурван хүүхэдтэйгээ “тулж ажиллахад” ч амар болтой. Тэгээд ч тэд маань хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг үгийг орвонгоор нь эргүүлэх хүсэлтэй байгаагаа нуухгүй байна. Хүүхдийг багаас нь урамшуулж, “миний хүү, охин хийж чадна” гэсэн тэрхүү урмын сэтгэлийг хүүхдийн зүрх сэтгэлд хоногшуулан хадгалбал, хүүхдийн явдалд хожим тустай буюу.
Хэрэв Азид хүүхэддээ гар хүрэхийг хуульчлаагүй бол бид хууль гаргасан Азийн алтан хараацай больё л доо. Үүгээрээ бид бага насныхандаа, ирээдүйдээ хэр их анхаарал тавьдагаа харуулж чадахаас гадна хүүхдийн гэсэн юм болгоныг нь эргүүлэн олгоё. Ингэж чадвал олон улсаас ч гэсэн ахиухан хөрөнгийг өөр лүүгээ татах боломжтой. Гоё гоё номтой, аймаар гоё хүүхдийн номын сан, хүүхдийн цэцэрлэгт хүрээлэн, скейт парк, Бамбарууш кафе, хүүхдийн кино театр гээд л гоё гоё юмнуудыг газар шороогоо зарсан мөнгөнийхөө арав хүрэхгүй хувиар нь л барих байх даа. Сонгууль ойртож байна шүү эрхэм нөхөд өө. Хүүхдийн төлөө за гэж хэлсэн шиг хэлээд, хийсэн шиг хийж чадвал хүүхдийн буянаар сонгуульд ялах нигуур дүүрэн байна шүү.
Харин та юу гэж бодож байна вэ? Нөгөө л улиг болсон эцэг өвгөд маань ийнхүү сургадаг байлаа гэсэн үзлээр хандах уу, харин хүүхдийн сэтгэхүйгээр, хүүхдийн нүдээр хараад энэ асуудлыг шийдэх үү? Хүүхэд байж үзсэн хүн бол сайн ойлгоно доо. Та манай сайтны баруун талд саналаа өгөөрэй.
П. Байка
http://mangarman.blogspot.com/