УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дөнгөж сая болж, сайд нарыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүний дараа Уул уурхай, эрчим хүчний сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидийг томилох тухай асуудлыг хэлэлцэх шатанд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт завсарлага авах болсон үндэслэлээ “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг УИХ-д оруулж ирэхдээ Ерөнхий сайд оочин, цоочин оруулж ирж байна. Өнөөдрийн хуралдаанаар Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд нарыг томилох асуудлыг давхар хэлэлцэх ёстой байсан. Гэтэл зөвхөн Уул уурхайн сайдыг томилох тухай оруулж ирлээ. Дээр нь МАН-ын бүлэг хариуцлага тооцох асуудлыг орхигдуулж болохгүй гэдгийг Ерөнхий сайдад удаа дараа мэдэгдсэн. Харамсалтай нь, энэ асуудал дарагдаж, сайдууд чөлөөлөгдсөнөөр асуудлыг нэг талд нь шийдэх болж байна. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг асуудлыг цогцоор хэлэлцэх ёстой хэмээн үзэж, тав хоногийн завсарлага хүсч байна” гэсэн юм.
Тус байнгын хороогоор Барилга хот байгуулалтын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Баярсайхан, Зам тээврийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Гансүх, Уул уурхайн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Батбаяр, Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч М.Сономпил нарыг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжээд байна.
Г.ДАРЬ