Илдэн дээр гүйгч бултаж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Илдэн дээр гүйгч бултаж чадах уу?

Өмнөд Африкийн алдарт тамирчин Оскар Писториусын найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй шүүх хурал өнгөрсөн даваа гаригт /Х.13/ эхэлсэн юм. Хурал олон хоног үргэлжлэх төлөвтэй байна. “Илдэн дээр гүйгч” найз бүсгүйгээ хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдсанаар гурван жил гэрийн хорионд байх, энэ хугацаанд сард 16 цагийн музей цэвэрлэх ажил хийх зэрэг нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл авч магадгүй байгаа гэнэ. Энэ тухай шүүх хуралд оролцсон гэрчүүд ярьжээ. Мэдээж хохирогч бүсгүйн ар гэр, олон нийтийн зүгээс хүний амь хөнөөсөн хэрэгтэнд шоронд хорих ял оноохыг хүсч байгаа учир үүнийг эрс эсэргүүцэж байна. Рийва Стинкэмпийн ээж “Охин минь шударга шүүлтийг авч чадахгүй нь” хэмээн халаглан харуусч байна. Оскар Писториусын хэргийн өмнөх шүүх хурлаар түүнийг найз бүсгүй Рийва Стинкэмпийг санамсаргүй хөнөөсөн хэрэгт буруутай гэсэн шийдвэр гарсан юм. Аль ч орны хуулинд санамсаргүй хүний амь хөнөөсөн хэрэгт оноох шийтгэл санаатай болон өс хонзонгийн сэдлээр үйлдсэнээс хөнгөн байдаг. Түүнчлэн Оскар Писториус хөгжлийн бэрхшээлтэй, Олимпод данстай тамирчны нэр хүнд нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх  магадлал өндөр байна. Мөн тэрээр өдгөөг хүртэл 90 мянган ам.долларын барьцаа төлснөөр шоронгоос гадуур цагдаа нарын хяналтанд байгаа юм. Оскар Писториус өмнөх шүүх хурлын үеэр Рийва Стинкэмпийн зэрэмдэг болсон цогцосны зургийг хараад цочролд орсоныг сэтгэлзүйчээр тогтоолгож байв.

 

Хэрэг гарсан өдөр

Өмнөд Африкийн Претория хот дахь Оскар Писториусын гэрт өнгөрсөн хоёрдугаар сарын 14-ны үүрээр буун дуу гарснаар хөршүүд нь цагдаа дууджээ. Цагдаа нарыг очиход түргэн тусламж хэдийнэ ирсэн байсан ч Рийва Стинкэмп амьсгал хураасан байв. Тэрээр толгой, цээж, гарандаа хэд хэдэн сумны шархтай нас барсан байв. Түүнийг 9 мм-ийн гар буугаар дөрвөн удаа буудаж хөнөөснийг тогтоосон юм. Мөн Писториусын гэрийн угаалгын өрөөний хаалганд сумны нүх гарч, крикетийн цохиураар цохьсон ором, цусаар будагдсан байжээ. Энэ бол хэргийн талаарх маргаангүй бодит дүр зураг. Үүнээс хойш гэрчүүд болон сэжигтэн Оскар Писториус нарын мэдүүлэг зөрөлдөж, хоёр өөр дүр зураг тодрох болжээ.

 

Оскар Писториусын мэдүүлгээс харвал тэрээр найз бүсгүйгээ хулгайчтай андууран санамсаргүй хөнөөсөн байж болно. Тэрээр үүрээр сэрж, угаалгын өрөөнөөс чимээ гарахыг сонсоод гар буугаа аван шалгахаар очжээ. Тухайн үед Рийва Стинкэмпийг түүний хажууд унтаж байна гэж бодсон гэж мэдүүлсэн. Писториус угаалгын өрөөний хаалганы гаднаас хэд хэдэн удаа буудсаныхаа дараа Рийваг дотор байгааг мэдсэн гэнэ. Ингээд дотогш орох гэхэд хаалга түгжээтэй байсан тул крикетийн цохиураар балбажээ. Дараа нь Рийваг аврахаар түргэн тусламж дуудаж, хиймэл амьсгал хийсэн гэж мэдүүлэгтээ дурьджээ.

Оскар Писториус, Рийва Стинкэмп, Франсуа Оугард

 

Харин гэрчүүдийн яриагаар валентины баярын орой Писториусын гэрт хэрүүл, маргаан, зодоон болох чимээг сонссон гэх. Мөн Рийвагийн гар утаснаас Писториуст “би чамаас айж байна” гэсэн мессеж олджээ. Үүгээр ч зогсохгүй тухайн үед Рийва Стинкэмп Өмнөд Африкийн регбийн тамирчин Франсуа Оугардтай нэр холбогдсон байжээ. “Энэ бүхнээс үзвэл хосууд хардалтын улмаас маргалдаж, улмаар хэрүүл зодоон болсон бололтой. Рийва Писториусаас зугтаж, угаалгын өрөөнд орон дотроосоо түгжихэд хаалгыг нь эвдэхээр крикетийн цохиураар балбажээ. Ингээд ч Рийва гарч ирээгүйд уурлаж, хяналтаа алдсан Писториус гар буугаа авч ирэн, хаалганы гаднаас буудсан байж болно” хэмээн прокурорын шинжээчид нотлох баримтуудад үндэслэн хэргийг дүрсэлжээ. Оскар Писториус цуст аллага болсон Претория дахь гэрээ хуулийн зардалаа төлөх нэрээр өнгөрсөн гуравдугаар сард худалдсан. Тэрээр өмнө нь 2009 онд танхайн хэргээр саатуулагдаж байсан гэнэ. Нэгэн үдэшлэгийн үеэр хаалга савж гарсны улмаас шилэн хаалга хагарч, шил нь тэнд байсан нэг хүнийг гэмтээж байжээ. Хэрэг явдал төдий л ноцтой байгаагүй тул тэгсгээд өнгөрсөн байна.

Алдартай, төгс хос

Загвар өмсөгч Рийва Стинкэмп болон Олимп, Паралимпийн наадмын гүйлтийн аварга Оскар Писториус нарыг олон нийт “төгс зохицсон хос” хэмээдэг байлаа. 30 настай Рийва Стинкэмп нь хуулийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан дээд боловсролтой нэгэн бөгөөд загвар өмсөхийн хажуугаар эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг тэмцэгч байв. Рийва Стинкэмп хамгийн сүүлд Twitter-тээ Валентины баярыг хүлээж, сэтгэл догдолж буйгаа бичсэн байжээ. Тэрбээр хоёрдугаар сарын 13-нд “Үнэхээр сайхан өдөр байна. Шинэ өдрийг хайрттайгаа угтлаа” хэмээн жиргэжээ. Охиныхоо гэнэтийн аймшигт үхлийн талаар сонссон эцэг Барри Стинкэмпийн тархинд цус харвасан аж. Харин 27 настай Писториусын хувьд төрөлхийн хөлний тахилзуур ясгүй бөгөөд хиймэл, туялзуур хөлтэй юм. Хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч тэрбээр Лондонгийн олимпийн наадамд хөнгөн атлетикийн 400 метрийн гүйлтэд өрсөлдөж, хагас шигшээд шалгарсан билээ. Харин паралимпийн наадамд тэрбээр Т44 ангилалд 200 метр мөнгө, 4х100 метрийн буухиа гүйлтийн төрөлд алтан медаль хүртсэнээс гадна 400 метрт түрүүлж, паралимпийн рекордыг эвдсэн юм.

 

Б.АНХТУЯА

 

Оскар Писториусыг цагдаа нар хамгаалан авч явна

 

Писториусын төрөл төрөгсөд өнгөрсөн гуравдугаар сард болсон шүүх хурлын үеэр

 

Писториус хаалгыг хэрхэн крикетийн цохиураар балбасныг дүрсэлж буй нь

 

Хэрэг гарсан өрөөний зураг

 

Писториус хэргийг дүрслэн үзүүлж буй нь

 

Оскар Писториусын Претория дахь гэр

 

Рийва Стинкэмпийн ээж

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж