ОХУ-ын Ерөхийлөгчийн ээлжит сонгууль ирэх онд болох гэж байна. Ерөнхий сайд В.Путиныг Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох магадлалтайг СЕХ-оос урьдчилан гаргасан статистик мэдээлэлд үндэслэн зарим шинжээчид дүгнэсэн. Дэлхийн томоохон хэвлэлүүдэд ч “Д.Медведев Оросыг В.Путинаас илүү авч явж чадахгүй” гэсэн утга бүхий нийтлэлүүдийг мэр сэр бичсээр байгаа нь нууц биш. Яг энэ үед Д.Медведев нэгэн уулзалтын үеэр бүжиглэж байсан бичлэг хэсэгтээ л олны анхаарлыг татаж шуугиан дэгдээсэн.
Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт Цахиурын хөндий буюу Сколковод томоохон хэмжээний хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 800 сэтгүүлчидтэй санал бодлоо хуваалцсан юм. Хэвлэлийн бага хуралд 300 нь гадаадынх байсан аж. Ийм хэмжээний уулзалтыг Ерөнхий сайд В.Путин жил бүр зохион байгуулдаг байсан бөгөөд энэ жил Д.Медведев зохион байгуулж байгаа нь хачирхалтай санагдсан гэж сэтгүүлчид гайхшран ярилцжээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн 2012 оны сонгууль болон Осама Бин Ладены үхлийн талаар асуусан нь олны анхаарлыг ихэд татсан аж. “Новости России” агентлагийн сэтгүүлч “Ерөнхийлөгчийн сонгууль болон В.Путины талаар та ямар байр суурьтай байгаа вэ” гэхэд тэрбээр “Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд би өөрийгөө ялна гэдэгт итгэлтэй байгаа. В.Путины хувьд хүчтэй өрсөлдөгчийн маань нэг. Гэхдээ би одоохондоо нэр дэвших эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй байна” гэжээ.
Тэрбээр “В.Путины Засгийн газрыг одоохондоо тараах бодолгүй байгаа. Одоогийн Засгийн газар ихээхэн шүүмжлэлд өртөж байгаа ч үүргээ тун сайн биелүүлдэг гэж ойлгож байна. Яг л тосолгоо сайтай автомашин шиг” хэмээн сэтгүүлчдэд хошигножээ. Гэхдээ В.Путинаас айсандаа ингэж хэлэв үү, эсвэл бантсандаа хэлчихэв үү гэсэн таамаглалыг ч хүмүүс энэ үеэр дэвшүүлсэн аж. Хачирхалтай нь В.Путин “Ард түмэн хэнийг дэмжиж байна вэ, мэдээж намайг. Тиймээс Д.Медведев Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эсэх нь эргэлзээтэй. Та нар тодорхой болоогүй зүйлийг дөвийлгэх шаардлагагүй” гэсэн. Энэ асуудлын талаар “Новая газета” сонины сэтгүүлч Юлий Латянинатай утсаар ярилцсан байна.
Д.Медведев хэвлэлийн бага хурлын үеэр М.Ходоровский болон Ливи дэх АНУ-ын энхийг сахиулах ажиллагааны талаар тодорхой зүйл хариулаагүй бөгөөд Курилын арлын талаар илүү дэлгэрэнгүй хариулсан хэмээн BBC-ийн сэтгүүлч онцолсон. Оросын Ерөнхийлөгч Д.Медведев Курилын арлуудын талаар “Эдгээр дөрвөн арал анхнаасаа л Оросын газрын зурагт байдаг. Гэтэл япончууд биднийх л гэх юм. Манай хоёр орон дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 онд энхийн гэрээ хийж байсан. Түүнээс хойш хэзээ ч энэ асуудыг сөхөж байгаагүй. Мэдээж газар нутгийн маргаан манай хоёр улсын харилцаанд сэв суулгахгүй гэдэгт итгэлтэй байна гэдгийг дахин хэлье” гэжээ. Мөн Осама Бин Ладены талаар асуухад тэрбээр ихэд гайхширсан байдалтай “Осама Бин Ладен чинь таван жилийн өмнө үхсэн гэж манай нэгдүгээр сувгаар АНУ-ын тагнуулд ажиллаж байсан Беркан Ашар ярьсан байсан. Түүнийг үхсэн гэдгийг хүн болгон л мэдэж байгаа байлгүй дээ. Би энэ талаар сөхөөд баймааргүй байна” гэжээ.
Сэтгүүлчид түүнээс Оросын цөмийн зэвсгийн талаар тодруулсан. Д.Медведев “Бид цөмийн зэвсгийн үйлдвэлэлээ саармагжуулсан. Харин НАТО бидэнтэй хамтрах талаар санал зөрөлдвөл цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээ эрчимжүүлэхэд бэлэн байгаа гэдгийг дашрамд анхааруулъя” хэмээн хариулсан байна. “Хэрэв АНУ Европт цөмийн пуужин эсэргүүцэх төхөөрөмж байрлуулах талаар, манай талаас АНУ-д тавьж байгаа саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол бид цөмийн зэвсэг үйлдвэрлэлээ улам эрчимжүүлж магадгүй. Үүнээс үүдээд хүйтэн дайн болохгүй” гэх баталгаа байхгүй гэж мэдэгдсэн билээ.
Д.Медведевийг “Та Холбооны зөвлөлийн тэргүүн Сергей Мироновыг огцруулсан. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ” гэхэд “Энэ бол аливаа улсын төрийн бодлогын нэг хэсэг гэж та бүхэн ойлгож болно. Учир нь түүнийг огцруулсан ч энэ шийдвэр парламентын төлөө гаргасан шийдвэр гэдгийг ойлгох хэрэгтэй” гэжээ. Д.Медведев Ходорковскийгийн талаар цухас дурьдаж “Түүнийг суллах асуудал тодорхой болоогүй байгаа. Гэхдээ суллалаа гэж бодоход нийгэмд аливаа сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой” гэсэн нь “М.Ходорковскийг магадгүй” гэсэн таамаглалыг төрүүлжээ.
Энэ өдөр хамгийн сонирхолтой асуултыг Оросын нэгэн сэтгүүлч тавьсан юм. Тэрбээр “Та Ливийн асуудлыг юу гэж бодож байна. Өнөөдөр Ливийн удирдагч М.Каддафи НҮБ-тай болон НАТО-той тохиролцоонд хүрье гэж байсан. Гэвч яг үнэндээ Ливийн асуудал биш, Сирийн асуудал шүдний өвчин болоод байгаа гэдгийг хэвлэл мэдээллээр бичсээр байгаа” гэхэд Д.Медведев өөрийн туслахтайгаа шивэр авир гэснээ “Би болон манай Орос улс байр сууриа тодорхой илэрхийлсэн. Дахин хэлье. Бид Ливид хүний эрхийг хамгаалах талаар анхаарч байгаа. Энгийн номхон ард иргэдийг хөнөөсөн асуудал яригдаж байхад Сирийг бас хойш тавьж болохгүй. Ливи, Сири хоёрт хүний эрхийн асуудал агаар нэг боловч нөхцөл байдал тэс ондоо. Энэ талаар дараа тодорхой байр суурь илэрхийлнэ” гэжээ.
Уг уулзалтыг “Оросын нэгдүгээр” суваг буюу Первый канал, 24-р суваг, Россия 1, зэрэг сувгууд болон таван сайтаар шууд дамжуулсан аж. Мөн цаашид сэтгүүлчидтэй томоохон уулзалтыг зохион байгуулна гэдгээ дурьдсан. Цахиурын хөндий буюу Сколковод болсон уг уулзалтын япон, англи, франц хэлээр шууд орчуулан дамжуулж байлаа. Ажиглагчид Энэхүү уулзалт бол Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгааны нэгээхэн хэсэг” хэмээсэн юм.