-Өрхийн аж ахуй эрхлэгчид дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээний 80 гаруй хувийг үйлдвэрлэж байна-
“Дэлхийн хүнсний өдөр”-ийг жил бүрийн энэ өдөр /аравдугаар сарын 16/ олон улсад тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Өрхийн аж ахуйн олон улсын жил” хэмээн зарлан тунхагласантай холбогдуулан энэ оны дэлхийн хүнсний өдрийг “Өрхийн аж ахуй нь: Эх дэлхийг тэжээж, шим ертөнцийг тэтгэнэ” гэсэн уриан дор дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Энэ хүрээнд Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын ХХААБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдийн үндэсний холбоо хамтран арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, өнөөдөр “Өрхийн аж ахуйг дэмжих талаар баримталж буй төрийн бодлого” семинар, “Өрхийн бүтээгдэхүүн” үзэсгэлэн, “Өрхийн аж ахуйг хөгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг, аравдугаар сарын 20-ны өдөр ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуульд оюутны эрдэм шинжилгээний бага хурал, дайвар бүтээгдэхүүний үзэсгэлэн зэргийг зохион байгуулах ажээ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 69 жилийн тэртээ 1945 оны аравдугаар сарын 16–нд анхны хурлаа хийж, үүсэн байгуулагдсан түүхэн өдрийг 1981 оноос “Дэлхийн хүнсний өдөр” болгон тэмдэглэдэг болсноос хойш өдгөө 33 жилийн нүүрийг үзэж буй ажээ. Жил бүр энэхүү өдрийг өлсгөлөн, ядуурал, хоол тэжээлийн дутагдал, хомсдлыг бууруулах, хүнсний баталгаат болон аюулгүй байдлыг хангахад чиглэсэн онцлох сэдвийн хүрээнд тухайн сэдэвт төр, олон нийт, хамтын нөхөрлөлийн анхаарлыг хандуулахыг зорьдог байна.
Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл голчлон өрхийн аж ахуйдад түшиглэдэг гэдэг. Дэлхий дахинд одоогоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг 570 сая аж ахуй байгаагийн 500 сая нь өрхийн аж ахуйн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тэд хойд болон төв Америк тивийн хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 83 хувийг, Европ тивийн 68 хувийг, Ази тивийн 85 хувийг, Африк тивийн 62 хувийг, Өмнөд Америкийн 18 хувийг тус тус эзлэх талбайд үйлдвэрлэл эрхэлж, дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээний 80 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Өрхийн аж ахуй эрхлэгчид нь уламжлалт хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийг хэвээр хадгалах, зөв хоололтонд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ байгалийн нөөцийг зохистой ашиглаж, хөдөө аж ахуйн биологийн олон янз байдлыг хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэдгийг албаныхан онцоллоо.
Монгол Улсын хувьд, 2013 оны статистикийн мэдээгээр 145.3 мянган малчин өрх нийт мал сүргийн 87.2 хувьтай тэнцэх мал сүргийг уламжлалт өрхийн аж ахуйн хэлбэрээр адгуулан маллаж, мал аж ахуйн гаралтай хүнс үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулж байна. Газар тариалангийн салбарт 34.5 мянган өрхийн тариалан эрхлэгчид 191.6 мянган тон төмс, 101.8 мянган тон хүнсний ногоо хураан авч хүн амыг газар тариалангийн бүтээгдэхүүн ялангуяа төмс, хүнсний ногоогоор хангахад үнэлж байршгүй хувь нэмэр оруулж байгаа юм.
У.БОЛОР