Шинэ сайдуудын хүлээлт

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Шинэ сайдуудын хүлээлт

Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудал тодорхой болж, зарим яамдыг нэгтгэх шийдэлд хүрсний дараагаас өглөө бүр “Шинэ яамдыг хэн удирдах вэ?” гэсэн асуулттайгаар уншигчид сэрж байна. Өнөөдөр өглөө энэ асуултын нэг хэсэг тодорхой болж, ажлын цаг эхлэхтэй зэрэгцэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг УИХ-ын даргад шинээр томилох сайд нарыг өргөн мэдүүлсэн юм. Ингэхдээ,

 

  • Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн,
  • Уул уурхай, эрчим хүчний сайдад Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжид,
  • Сангийн сайдад  УИХ-ын гишүүн, Ардчилсан намын “МҮДН” фракцийн Д.Зоригт гэсэн гурван сайдын нэрсийг өргөн мэдүүлсэн байлаа.


Түүнчлэн Засгийн газрын өөрчлөлт орсон бүтцийн дагуу,

  • Гадаад харилцааны сайд Л.Болд,
  • Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан,
  • Зам тээврийн сайд А.Гансүх,
  • Эрчим хүчний сайд М.Сономпил,  
  • Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан,
  • Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг чөлөөлөх хүсэлтийг тэрээр мөн давхар өргөн мэдүүлсэн юм.


Гурван сайдын нэр өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор, түүнчлэн “Шударга ёс” эвслийн бүлгээс тодрох сайд хэн байх вэ гэдэг асуудлаар өнөөдөр МАН болон “Шударга ёс” эвслийн бүлгүүд хуралдаж, байр сууриа нэгтгэжээ. “Шударга ёс” эвсэл Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад бүлгийн дарга Н.Батцэрэгийг дэвшүүлэх тухай ярилцаж, 100 хувийн саналаар дэмжсэн гэдгээ мэдэгдлээ.

Харин Эрүүл мэндийн сайдыг өөрчлөх тухай хэвлэлүүдээр гарч буй мэдээллийн хувьд “МАХН-ын зүгээс Засгийн газарт ажиллаж байгаа сайд нарынхаа ажлыг дүгнэнэ гэж ярьснаас биш сайд Н.Удвалыг өөрчлөх тухай асуудал яриагүй” гэсэн  мэдээлэл байна.

Засгийн шинэ сайдуудад сураг ажиг тавьсан нэг өдрийн тал хэсэг нь ийн намын бүлгүүдийн хуралд зарцуулагдсанаар үдээс хойш төлөвлөгдсөн Байнгын хороод, УИХ-ын чуулган яаруу сандруу хуралдлаа.


Дараалан хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулган дээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнээр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан юм. Үүний дараа Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан нийтдээ 12 хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас хууль тогтоомжийн төсөл санаачлан өргөн барьсан юм. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, зарим яамны нэр, эрхлэх асуудлын хүрээ өөрчлөгдсөнтэй нийцүүлэн холбогдох салбарын хуульд заасан яам, Засгийн газрын гишүүний эрхлэх асуудал, нэр томъёог жигдлэхээр эдгээр хууль тогтоомжийн төслүүдэд тусгажээ. УИХ улмаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байна.

Чуулганы дараагаар УИХ-ын даргын зөвлөл үргэлжлүүлэн хуралдсан байгаа. Түүгээр шинэ сайд нарын асуудлыг УИХ, Байнгын хороогоор хэзээ хэлэлцэх тухай шийдэх ёстой. Тэгэхээр маргааш дөрвөн сайдын асуудал УИХ-аар хэлэлцэгдэж магадгүй юм. Гэхдээ “Шударга ёс” эвслээс дэвшүүлж буй Н.Батцэрэгийн нэрийг Засгийн газраас УИХ-д хэзээ өргөн мэдүүлэх нь мөн тодорхойгүй байна.

Б.БАЯСАХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж