Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах чадавхийг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мон-13 төсөл, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэсээс “Хороодын өрх толгойлсон эмэгтэйчүүд, өндөр настны гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах чадавхийг дээшлүүлэх сургалт”-ыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд зохион байгууллаа.
Сургалтыг нээж Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны засаг дарга О.Ганбаатар, НҮБ-ын Мон-13 төслийн үндэсний зохицуулагч Ш.Алтанчимэг нар үг хэлж, НҮБ-ын Мон-13 төслийн ажилтан Р. Батмэнд хичээлийн зорилго, хөтөлбөрийг оролцогчдод танилцууллаа.
Сургалтын үеэр “Гамшгийн эрсдэлийн менежмент ба өрх толгойлсон эмэгтэйчүүд, өндөр настан” сэдвээр ОБЕГ-ын СБТХ-ийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Ч.Ариунаа, “Дүүргийн хэмжээнд тохиолддог аюул, осол, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга зам, иргэдийн оролцоо” сэдвээр ЧД-ийн ОБХ-ийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Э.Эрдэнэбаатар, “Гамшгийн бэлэн байдлыг хангах нь” сэдвээр ОБЕГ-ын ССХ-ийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын ахмад Б.Дөвшин нар хорооны эмэгтэйчүүд, өндөр настнуудад илтгэл тавиж, видео үзүүллээ.
Мөн ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын дарга, онцгой байдлын дэслэгч Т.Баяраагаар ахлуулсан аврах бүлэг сургалтанд оролцогчдод бие биенээ хэрхэн аврах, анхан шатны тусламж үзүүлэх дадлага, сургуулийг хийж үзүүллээ.
Сургалтын төгсгөлд нийт оролцогчдод гамшгаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг материал тарааж, санал асуулга авч, судалгаа явууллаа.
Сургалт мөн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд энэ сарын 16-нд зохион байгуулагдах юм байна.
Эх сурвалж: http://nema.gov.mn