шадар сайд Н.Алтанхуяг Баян-Өлгий аймагт ажиллах хугацаандаа өчигдөр
Алтанцөгц, Баяннуур суманд очиж нутгийн иргэдтэй уулзалт хийлээ. Сайд
төр засгийн бодлого шийдвэрийн талаар мэдээлэл хийж иргэдийн сонирхсон
асуултад хариу өгсний зэрэгцээ зарим асуудлыг газар дээр нь шийдлээ.
Алтанцөгц сумын хувьд шинэчилсэн бүртгэлээр 3300 орчим хүн амтай, 50
мянга орчим толгой мал тоологджээ. Мал аж ахуй газар тариалан голчлон
хөгжсөн тус сум зах зээлийн үед тариалан эрхлэлт багасч ажилгүйдэл
ихэссэн тул иргэдийн зүгээс тариалан эрхлэлтийг төрөөс дэмжиж газар
тариалангийн томоохон төсөл хэрэгжүүлэх тал дээр анхаарч өгөөч гэсэн
хүсэлтийг тавьж байлаа.
Сумын иргэн н.Даваа “Манай аймагт танил
тал, ах дүү, найз нөхдийн шугамаар асуудал шийдэгддэг, дарга нартай
танил биш бол ажилд орох, зээл тусламж хүртэх асуудал хаалттай байна.
Хэчнээн их ярьж хэлдэг ч тоодоггүй” хэмээн шүүмжилсэн. Түүнчлэн Монгол
Улс хавтгайрсан халамжийн улс боллоо. Гэтэл зарим хүнд 4-5 давхар
халамжийн мөнгө, зээл тусламж, хувцас хунар очдог бол яг ядарсан иргэдэд
энэ тусламжууд хүрдэггүй, мал үхсэн зутарсан айлыг хүртэл ялгаварлан
тусламж олгож байна” гэсэн шүүмжлэл ч энэ үеэр гарлаа. Мөн сумын хүн
эмнэлгийнхэн “Эхо аппарат байхгүй ганцхан сум манайх. Орчин үеийн
оношилгоо, эхо аппарат шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд хүн амын
дунд хавдрын өвчлөл нэмэгдэх хандлагатай болсон тул эрүүл мэндийн
асуудалд анхаарал хандуулж өгөөч” гэсэн хүсэлтийг тавьж байлаа. Түүнчлэн
аймгийн удирдлагууд мэр сэр ирдэг ч өөрсдийн намын хүмүүстэй уулзаад
явдаг. Ардчилал ялсан сум болохоор аймгаас дэмжлэг байдаггүй, ард
иргэдийг нь тоодоггүй, Төрийн албаны зөвлөл нэртэй байгууллага байдаг ч
Засаг даргын үгээр бүх асуудлыг шийддэг гэхчилэн аймгийн Засаг даргын
эрх мэдэл, намчирхах асуудал хэрээс хэтэрч байгаа талаар иргэд гомдол
шүүмжлэлийн аль алиныг дайж байлаа.
Харин Баянуур сумынхны
хувьд 5000 гаруй хүн амтай байснаас мянга гаруй нь шилжиж хүн ам нь
цөөрч байгаад орон нутгийн удирдлагууд санаа зовниж буйгаа танилцууллаа.
Уулзалтын үеэр нутгийн иргэн Консул гуай тус суманд ажилгүйдэл их
байгаа талаар ярьж суманд байгуулагдахаар ярьж байгаа тоосгоны
үйлдвэрийг дэмжиж өгөөч. Өмнө нь 300 га газар тариалан тарьдаг байсан
бол одоо 100 га газар л тариалж байна. Тоног төхөөрөмж байхгүйн улмаас
тариалалт багассан. Газар тариалан эрхлэх хүмүүсийг дэмжиж тариалалтын
үр, болон хамгаалах тор техник тоног төхөөрөмжөөр дэмжээд өгвөл
ажилгүйдэл буурна гэсэн санал тавилаа.
Хабдыл гуай сүүлийн
жилүүдэд Ховд голын ус ширгэж түүнийг нь хааснаас усны гачаалд орж
байгаа тухай дурдсан бол Навы гуай 105 мянган төгрөгийн тэтгэвэртэй.
Тэр нь хаанаа ч хүрэхгүй байгаа тул малчдын тэтгэврийг нэмэх тал дээр
анхаарч өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байлаа. Түүнчлэн иргэд алслагдсан
аймгийн иргэдийг дэмжих бүсийн нэмэгдлийг ихэд сонирхож хэзээнээс
хэрэгжиж эхлэхийг лавлав. Мөн Эрдэний хувь болох 536 ширхэг хувьцааг
хэдийнээс яаж авах юунд хэрэглэх, ямар үнэ цэнэ хүрэх, 1.5 сая төгрөгийг
бөөнд нь авах юм уу, банкны барьцааг хааж болох эсэх гээд олон асуултыг
сонирхож байсан бол Тэргүүн шадар сайдыг нэг ирсэн дээр сумын гол
тулгуур болсон сургууль, эмнэлгийн засвар, шийдвэл зохих асуудлууд,
багийн эмчийг унаажуулах гэхчлэн олон олон хүсэлтийг Н.Алтанхуяг сайдад
тавьж байлаа.
Түүнчлэн тус аймгийн хувьд харьяатын асуудал ч
хүндрэлтэй байгаа бөгөөд хувь хүний эрхийг нь зөрчиж харьяатаас хасдаг,
үгүй бол авдаггүй иргэдийн эрхийг зөрчих асуудал олон байгаа талаар
жишээ дурдан ярих иргэд ч олон байлаа. Тэргүүн шадар сайдыг дагалдан
Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч болон Жижиг, дунд үйлдвэрийн
газрын дарга, аймгийн Ардчилсан намын дарга болон бусад албаны хүмүүс
явсан тул газар дээр нь мэдээлэл өгөхийн зэрэгцээ аймгийн удирдлагуудыг
иргэдтэйгээ ойр ойрхон уулзаж санаа бодлыг нь сонсож төрийн бодлого
шийдвэрийг иргэдэд хүртээмжтэй үнэн зөв хүргэх тал дээр анхаарч
ажиллахыг санууллаа.
Сайд Баяннуур сумын уулзалтын дараа Монголд
анхны алимны мод тариалсан Бахыт гуайнхаар орсон бөгөөд тэрбээр 10
жилийн өмнө газрыг нь давхардуулан олгосон сумын Засаг даргын балгаар
алимныхаа модыг арчилж ногоогоо тарих биш яг ид ажлын цагаар жилд 2-3
удаа шүүх, цагдаагийн байгууллагаар явдаг ажилтай болсон зовлонгоо
сайдад учирлаж, мөн тариалалтаа өргөжүүлэхэд хөрөнгө зээл олдохгүй ажил
зогсоход хүрээд байгаа тухайгаа учирласан. Сайд түүний зээлийн асуудлыг
өөрөө хөөцөлдөж олгуулахаа амласан бөгөөд эрх мэдлээ ашиглан ард
иргэдийг хохироодог ийм асуудлыг аймгийн удирдлагууд анхаарч ажил хийж
байгаа хүний эрхийг хамгаалж ажиллах тал дээр анхаарч ажилла гэсэн
үүргийг аймгийн удирдлагуудад өглөө.