Эбола вирусээр нас барагсдын тоо 4447 болжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Эбола вирусээр нас барагсдын тоо 4447 болжээ

 

Баруун Африкийн орнуудад өргөн тархсан эбола вирусын халдвараар нас барагсдын тоо 4447 хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдлээ. Түүнчлэн халдвар авсан хүний тоо 8914 болж нэмэгджээ. ДЭМБ-ын эрдэмтдийн таамаглаж буйгаар энэ долоо хоногийн сүүлч гэхэд эбола вирусын халдвар авсан хүний тоо 10 мянгад хүрэх гэнэ. Харин АНУ-ын эрдэмтэд ДЭМБ-ын гаргасан тоон баримтыг багасгасан тоо гэж үзэж байна. Тэдний үзэж буйгаар эболагийн халдвар асван хүний тоо наад зах нь 20 мянга байгаа гэнэ.  Түүнчлэн нөхцөл байдал муугаар үргэлжилвэл ирэх 2015 оны эхний сарын сүүл гэхэд өдөрт 200 хүн эбола вирусын халдвараар нас барж, 550 мянга гаруй хүн өвчилнө гэж Америкийн эрдэмтэд таамаглажээ.

 

Үүний зэрэгцээ ДЭМБ-аас Сенегал, Нигери улсуудад энэ аравдугаар сарын 20 хүртэлх сүүлийн 42 хоногт шинээр халдвар авсан тохиолдол бүртгэгдэхгүй бол эболагаас ангижирсанд тооцож болно хэмээв. Эбола вирусын гадна орчинд амьдрах хугацаа нь дунджаар 21 хоног байдаг аж. Одоогоор эбола вирусын үхэлд хүргэх магадлал 70 хувь хүрч нэмэгдээд байна. Үхлийн аюулт вирусээр АНУ-ын долоон иргэн өвчилсний нэг нь нас барж, гурвынх нь бие сайжирсан бол үлдсэн хүмүүс эмчилгээ хийлгэж байна. Испанид халдвар авсан гурван хүн буйн хоёр нь нас барж, нэг нь эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Мөн Германы гурван иргэн  өвчилсний нэг нь нас барж, нэг нь эмчилгээ хийлгэж, нэгийнх нь бие сайжирчээ. Түүнчлэн Их Британи, Францад тус бүр нэг хүн эбола вирусын эсрэг эмчилгээ хийлгэж, бие нь дээрдсэн байна. Харин Норвегид халдвар авсан нэг хүн хөл хорионд эмчилгээ хийлгэж байгаа аж.

 

 

Эбола вирусын халдварын асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр /Х.15/ Герман, Франц, Их Британи, Итали улсын тэргүүнүүдтэй хийх олон улсын асуудлах видео хурлын үеэр хэлэлцэх гэнэ.  АНУ эбола вирусын эсрэг тэмцэлд нэг тэрбум ам.доллар хандивлаж, 4000 цэргээ халдварын голомтод туслуулахаар илгээсэн юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж