Харин одоо эдгээр гэр хэнд хэрэгтэй нь мэдэгдэхгүй болжээ. Хүн ч тогтохооргүй болж. Уг нь сарын өмнө л энэ гэрүүдийн хаяанаас Төрийн ордон руу тэмцлийн салхи нэвт үлээж байлаа. Өнөөдөр бол гэр орон, нутаг усаа орхиж Сүхийн талбай руу “нүүдэллэсэн” Их хуралдайн “эрхэм зочид” нутаг буцаж байна. Их хуралдайн төлөөлөгчид гэх “хаягтай” хөдөөнөөс ирсэн тэр олныг хотынхон хэсэгтээ ад шоо үзсэн. Хэвлэл, мэдээллээр архи уулаа, хүн дайрлаа, хог хаялаа, хотын өнгө үзэмж гутаалаа, хийх ажилгүй тэнэгүүд гэхчлэн хангалттай муулсан. Тийм зүйл байсан, үнэн. Гэхдээ итгэл үнэмшил нь юу байсныг тааварлах эрхгүй ч хотын гудамжинд ирж хоног төөрүүлсэн тэд юуны төлөө ирээд буцав аа?
Хөх даавуугаар толгойгоо боож, индэр дээрээс “УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулна, Оюутолгойн гэрээг цуцална, 15 олигархийг суудлаас нь авч хаяна, Ард түмний шүүхээр шүүнэ” хэмээн ард олныг урдаа барин хашгирч байсан Их хуралдайн лидерүүд нь хааччихав аа?
Энэ хугацаанд орон нутгаас ирсэн 600 гаруй төлөөлөгч Их хуралдай завсарлах үест ажил амьдралаа бодоод нутаг буцаад байна. Гэхдээ Их хуралдайн нэг сарын амьдралыг эргэн саная.
Урин хаврыг улс төрийн өнгөөр будсан Их хуралдайн 800 гаруй төлөөлөгч есөн заалт бүхий гуравдугаар тогтоол гэгчийг УИХ-д хүргэж, 15 олигархийг олон нийтийн санал асуулгаар зарласнаар олны анхаарлыг татаж чадсан. Гуравдугаар тогтоол үнэхээр хэнд ч хэрэггүй тогтоол байв уу гэвэл үгүй. Улс орны өмнө тулгамдаж байгаа чухал асуудлууд тэнд багтсан байв. Жишээ нь, олон хүний шүүмжилж буй Оюутолгой, Тавантолгойн гэрээг өөрчлөх, архины үйлдвэрлэлд төрийн монополь тогтоох, МАХН-ын нэрийг бүртгэх зэрэг асуудал тэнд дурдагдсан байсан юм. Цаашлаад УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах, ээлжит бус сонгууль явуулах гээд том зорилгууд ч байв.
Өнөөдөр иргэд ядуурч, идэх хоол, өмсөх хувцасгүй болж, амьдрал нь өдрөөс өдөрт доройтсоор байгаа болохоор бухимдахдаа үгээ хэлж, шаардлага тавих нь зөв. Яагаад болохгүй гэж. Харамсалтай нь, тэдний тавьсан шаардлагаас аль нь ч бүтсэнгүй. Тогтоолын хариугаа авна гэж Төрийн ордныг хэдэнтээ гороолсны эцэст сая нэг тогтоолын хариугаа авсан. “Хамтарсан Засгийн газрыг огцруулах шаардлагыг УИХ шууд шийдвэрлэх боломжгүй. Засгийн газрыг огцруулна гэдэг асуудлыг Үндсэн хуулинд тусгайлан заасан. Гишүүдийн 50 хувь нь гарч явсан тохиолдолд Засгийн газар огцрох асуудлыг авч хэлэлцдэг. Мөн Засгийн газрыг огцор гэж УИХ-ын гишүүдийн 1/4-ээс доошгүй хувь нь шаардсан тохиолдолд тарааж болно" гэх үгийг хэдэн эрхэм төв талбайд хэлчихээд явж одов. Мэдээж энэ хариулт Их хуралдайн төлөөлөгчдийн хүссэн зүйл биш. Тэд цаашид тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдэж байсан ч арга тасрав.
“Гал үндэстэн” холбооныхон УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулж чадахгүйгээ ойлгоод хамтран ажиллах, ээлжит бус сонгууль явуулахыг аминчлан хүсч, Ерөнхийлөгчид хүртэл хандлаа. Одоогоор хариугаа аваагүй байна.
Төр эргүүлэгчдийн /жагсагчдыг хэлэв/ одоогийн дүр төрхийг эргэн харцгаая. Тэд үнэхээр ядарч туйлдаж, цөхрөнгөө баржээ. Бүр сүүлдээ Их хуралдай, жагсаал цуглаан зохион байгуулагчдад гомдож, нударга зөрүүлэх нь тэр. Хоёр өдрийн өмнө Их хуралдайн төлөөлөгч гэх хэсэг залуус архи ууж, согтууран хоорондоо зодолдож, эрүүлжүүлэхэд орлоо гэх мэдээлэл чих дэлсэв. Зодоон цохион хийсэн учрыг лавлавал “МАХН-ыг бүртгүүлэх, жагсаал цуглаанд идэвхитэй оролцож шагнал авсан хэсэг хүмүүс шагналаа угаах нэрийдлээр архиджээ. Улмаар жагсаал үр дүнгүй болсон, нутаг буцаахаар өгсөн зардлын мөнгө нь хангалтгүй байсан зэргээр маргаан дэгдсэн гэнэ. Зохион байгуулагчид мөнгө амлаж авчраад хэлсэн үгэндээ хүрээгүйд хөдөөнөөс ирсэн жагсагчид бухимджээ. Нар салхинд цохиулж, гадаа олон хоносон хөдөөгийнхөн уурлахаас ч яах билээ.
Ингээд одоо тэд нутаг буцахаар шийджээ. Харин нутагтаа очоод ямар гавьяа байгуулсан гэж ярих бол оо. Төр эргүүлж, хувьсгал хийх том зорилготой ирсэн ч харамсалтай нь бүтэлгүйтлээ. Тэдний үгийг төр засгийн томчууд байтугай, жагсаал цуглаан зохион байгуулагчид ч тоохоо больсон гэлтэй биш. Гэхдээ юунаас ичих гэж. Өдрийн 5000 төгрөгийн төлөө ирсэн ч бай, сэтгэлийнхээ дуудлагаар ирсэн ч бай тэд ард түмний хэсэг шүү дээ. Ирэх жилийн сонгуулиар энд олдохгүй байсан дарга нар тэнд та нарыг гуйгаад очих байх аа.