Өнгөрөгч сард, тодруулбал 2014 оны 09 сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух Ц.Б нь судалгаа авахаар гэрт нь очсон Б.О гэгчийг олон удаа хутгалан алсан гэмт хэрэг гарсан байна. Сэжигтэн Ц.Б нь 2006 оноос сэтгэцийн өвчнөөр өвчлөн бусдын асрамжинд байдаг байна” гэсэн мэдээ Улсын Ерөнхий прокурорын газрын цахим хуудаснаа нийтлэгджээ. Энэ талаарх мэдээ бусад цахим хуудсуудаар ч гарсан бөгөөд зарим мэдээний доор бичигдсэн сэтгэгдлийг харвал “ийм юмнуудыг цаазлах ёстой” гэсэн үгс цөөнгүй.
Дэлхий нийт “цаазаар авах ялын эсрэг дэлхийн өдөр”-ийг 2003 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэдэг. Энэ жил “Цаазаар авах ялын эсрэг дэлхийн өдөр: Сэтгэцийн эрүүл мэнд” гэсэн сэдвийн доор тэмдэглэхээр тогтож, “Сэтгэцийн өвчин бол гэмт хэрэг биш. Тэднийг халамжил. Бүү устга” гэсэн уриалга гаргасан юм. Энэхүү уриалгыг гаргасан шалтгаан нь цаазаар авах ялыг хэрэглэж буй улсууд сэтгэцийн өвчтэй хүмүүст ч оноосон хэвээр бөгөөд энэ оны эхээр Энэтхэгийн дээд шүүхээс сэтгэцийн өвчтэй хүмүүст цааз өгөхийг албан ёсоор хориглосныг уг ялын эсрэг дэлхийн эвсэл дэмжсэн юм.
Цаазаар авах ялын эсрэг зөвхөн сүүлийн 10 гаруй жилд ч биш 1960-аад оноос Олон улсын байгууллагууд тэмцэж ирсэн. 1966 онд батлагдсан Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактад цаазын ялаас аль болох татгалзана, татгалзаагүй улсад зөвхөн онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир оногдуулна гэж заасан. Улмаар 1989 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Цаазаар авах ялыг халах зорилгоор тус пактын нэмэлт хоёрдугаар протоколыг баталсан. Одоогийн байдлаар дэлхийн улсуудын 2/3 нь цаазын ялыг хуулиар болон практикт хэрэглэхээ болиод байна.
Монгол Улсын хувьд 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг түдгэлзүүлэхээ мэдэгдэж, улмаар “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт хоёрдугаар Протоколд нэгдэн орох тухай” хуулийг 2012 оны 01 сарын 05-ны өдөр УИХ соёрхон баталж, энэ цагаас эхлэн Монгол Улс цаазаар авах ялгүй орон болсон. Хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлд 34 үйлдэлд ялын дээд хэмжээ оноохоор заасан байдаг бол энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд цаазын ялыг хасчээ.
Хэдийгээр дэлхийн чиг хандлага уг ялыг халах чиглэлд байгаа, холбогдох байгууллагууд ажилласаар байгаа боловч олон нийт цаазын ялыг хэвээр үлдээхийг дэмжсээр байна. Арваадхан жилийн өмнө манай улсад хийгдсэн 5000 орчим оролцогчтой нэгэн судалгааны дүнд судалгаанд оролцогч хуульчдын 83 хувь, иргэдийн 78 хувь нь цаазаар авах ялыг байлгах хэрэгтэй гэж үзсэн юм. Ерөнхийлөгч цаазын ялыг түдгэлзүүлснээс хойш гарсан олны анхаарал татсан, онц ноцтой, хүнд хэргүүдийн шалтгааныг “цаазын ялыг хорьсноос үүдэн гэмт хэрэгтнүүд гаарч байна” гэж тайлбарлагсад ч бий. Гэвч олон судалгааны дүн цаазын ял нь гэмт хэргийн гаралттай шууд хамааралгүй, нийгмийн хөгжил, хүмүүсийн ухамсрын түвшин дордох тусам эрүүгийн нөхцөл байдал хүндэрдэг болохоос ялын хэлбэр, хэмжээнээс шалтгаалдаггүйг нотолж байгаа юм. Түүнчлэн улс орнууд цаазын ял нь гэмт хэргийг бууруулж байгаа гэдгийг нотолж чадахгүй байгаа нь бодит үнэн. ЦЕГ-аас гаргадаг бүртгэгдсэн гэмт хэргийн статистикаас харвал 2010 оноос хойш гэмт хэрэг, тэр дундаа хүнд, онц хүнд гэмт хэрэг дээрх дүгнэлтийг хийх хэмжээнд өсөөгүй болох нь харагдана.
Цаазаар авах ялыг эсэргүүцэх олон үндэслэл бий. Тэдгээрээс дурдвал, хилс хэрэг болох нь тогтоогдсон тохиолдолд цагаатгах боломжгүй байдаг. Хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх зарчим хэрэгждэг хамгийн соёлт, боловсронгуй тогтолцоонд ч хууль зүйн алдаа гардаг. Хөгжлийн түвшин доогуур, хууль зүйн шударга тогтолцоо бүрдээгүй, тэр нь соёл, уламжлалаар дэмжигддэг улсуудад бүр ч их алдаа гардаг. Хилсээр хэрэг тулгаж, цаазын ял оноосон тохиолдлын дийлэнхид эрүүдэн шүүсэн байдаг. Хэдий шүүх хэргийг алдаатай шийдсэн бол цагаатгадаг ч цаазалсан хүнийг эргэж амьдруулж чадахгүй гэх мэтээр хөвөрнө.
Хүн амины хэрэгт хилсээр ял оноож, цаазалсан тохиолдол дэлхийн түүхэнд цөөнгүй. Тухайлбал, Оросын цуврал алуурчин Андрей Чикатилогийн үйлдсэн гэмт хэрэгт 7 хүнийг хилсээр шийтгэж, цаазалсан байдаг. Мөн Монголд иргэн Э-д бусдыг санаатай алсан хэрэг үйлдсэн хэмээн нийт 3 удаа цаазаар авах ял оноож байсан бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэнээс хойш 7 жилийн дараа түүнийг гэм буруугүй гэж тогтоосон.
Тус ялыг эсэргүүцэх гол аргументын нэг нь төр иргэнээ хамгаалах, аюулгүй, тайван орчинд амьдруулах үүргээ хангалттай биелүүлэх, түүнчлэн гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судалсаны үндсэн дээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын оронд хэрэг гарсан даруйд хэрэгтнийг цаазлах буюу хүчээр шийдэж, “гал унтраах” арга хэмжээ авсаар байна. Нөгөөтэйгүүр төрд онолын хувьд бусдын амийг хөнөөх эрх байхгүй юм. Хүн бүр амьд явах эрхтэйгээс урган гарах хэн ч бусдын амийг хөнөөх эрхгүй гэсэн логик төрд ч бас үйлчлэх ёстой бөгөөд төрд энэ эрх байснаар улс төрийн зорилгоор ашиглах боломж олгож буйг бид санах ёстой юм. Энэ жилийн уриалга болох “сэтгэцийн эрүүл мэнд” ч төрийн эдгээр үүрэгтэй салшгүй холбоотой. Төр эдгээр иргэдээ хамгаалах, эрүүл мэндийг нь нөхөн сэргээх, бусдад гэмтэл учруулахуйц эрсдэлийг бууруулах тогтолцоог бий болгох үүрэгтэй. Ингэж чадаагүйн хариуцлагыг үүрэхийн оронд цаазын ял оноогоод нэг хэрэгтэн-нэг өвчтөнөөс салах тухай асуудал байж болохгүй юм.
Ямартай ч Монгол Улс дээр дурдсан протоколд нэгдэн орж, дэлхийн 97 дахь “цаазын ялгүй улс” болсон нь олон улсын зүгээс өндрөөр үнэлэгдэж байна. Одоогоор Үндсэн хууль болон Эрүүгийн хууль дахь цаазаар авах ял хэрэглэх тухай заалт хэвээр бөгөөд эдгээр заалтуудаа хасах шаардлага бодитоор оршсоор байна.
Ч.БАТ-УЯНГА
Эх сурвалж: “ТОЙМ” сэтгүүл