Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын даргад шинээр томилох сайд нарыг өргөн мэдүүллээ. Ингэхдээ,
- Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн,
- Уул уурхай, эрчим хүчний сайдад Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжид,
- Сангийн сайдад УИХ-ын гишүүн, Ардчилсан намын “МҮДН” фракцийн Д.Зоригт гэсэн гурван сайдын нэрсийг өргөн мэдүүлсэн байна.
Үүнтэй хамт Засгийн газрын өөрчлөлт орсон бүтцийн дагуу,
- Гадаад харилцааны сайд Л.Болд,
- Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан,
- Зам тээврийн сайд А.Гансүх,
- Эрчим хүчний сайд М.Сономпил,
- Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан,
- Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг чөлөөлөх хүсэлтийг мөн давхар өргөн мэдүүлсэн байна.
Харин “Шударга ёс” эвсэлээс томилогдох сайд нарын нэрсийг хараахан өргөн бариагүй байна.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Гадаад харилцааны яамыг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Уул уурхайн яамыг Уул уурхай, эрчим хүчний яам болгож өөрчилсөнтэй уялдуулан Засгийн газрын бүрэлдэхүүнд Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Уул уурхай, эрчим хүчний сайд байх өөрчлөлт оруулахыг санал болгож байгаа билээ.
Үүнтэй уялдуулан Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжид, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын “МҮДН” фракцийн Д.Зоригт нарыг дэвшүүлэхээр болсон нь өнөөдөр албан ёсоор тодорхой боллоо.
Харин Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын оронд өмнө нь Н.Энхбаярын эмч гэгддэг байсан Л.Жамбалжав эмчийг тавихаар яригдаж байгаа ч одоогийн байдлаар “Шударга ёс” эвслээс томилогдох сайд нарын нэрс хараахан тодроогүй байна.
Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдсан. Тэд энэ хурлаараа хэлэлцээд, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Зоригтыг дэвшүүлэхээр боллоо. Түүнийг Сангийн сайдад нэр дэвшүүлж магадгүй гэх мэдээлэл Ерөнхий сайдыг Засгийн газартаа сэлгээ хийх талаар мэдэгдсэний дараахан цацагдсан ч 2012 оны УИХ-ын сонгуульд Г.Батхүү гишүүний хамтаар хэл амтайхан УИХ-д орж ирсэн хүнийг Сангийн сайдад нэр дэвшүүлэх нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, гал асааж мэднэ гэх яриа гарч амжсан юм. Гэхдээ АН энэ удаа өмнөх парламентын үед УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдаж байсан туршлагыг нь харж, ийм сонголт хийв бололтой.
Шинээр байгуулж буй Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайдаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг нэр дэвшүүлжээ. Ингэснээр сайд Л.Болд давхар дээлээ тайлах болж байна. Харин Уул уурхай, эрчим хүчний сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Жигжидийг нэр дэвшүүлсэн нь “Шонхор” фракцийнхны “суудлаа хамгаална” гэсэн үгийг баталгаажуулж, өглөө.
Ерөнхий сайдын өргөн мэдүүлж, УИХ-аар баталсан хуулиар Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яам нэгдсэн. Сайдаар нь УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан үлдэх магадлал өндөр байсан ч тэр дээлээ хөнгөллөө. Ингэхдээ улсын сан хөмрөгийг хариуцах сайдыг фракциасаа нэр дэвшүүлж, МАХН тус яамны сайдад хүнээ дэвшүүлэх боломжтой болж байна.
Юутай ч Засгийн газрын танхимд сэлгээ хийх мэдэгдэл цацагдсанаас хойш хамгийн их анхаарал татаж, таавар таалгаж байсан шинэ сайдуудын нэрс ийнхүү эхнээсээ тодорч эхэллээ. Хуульд зааснаар гүйцэтгэх засаглалын тэргүүн сайд нарынхаа нэрийг өргөн мэдүүлнэ. Түүнийг нь УИХ, Байнгын хорооны хуралдаанаар тус бүр хэлэлцэн баталснаар Н.Алтанхуягийн танхим бүрдэж, хуучин сайд нар сул гишүүн болно.
Олон нийтийн зүгээс Ерөнхий сайдын энэ хувилбар олны хэлдгээр бол “Эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүй” буюу УИХ дахь фракцуудынхаа тэнцвэрийг хадгалж, нөгөө талаас Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, парламентын гаднаас зарим сайдыг томилсон шийдвэр боллоо гэж үзэж байна.
Харин УИХ дахь АН-ын бүлэг эдгээр сайд нарынхаа нэрсийг эцсийн байдлаар батлаад, өнөөдрөөс УИХ-д оруулж ирэхээр болж байна. Мэдээж хэрэг АН-ын фракциуд өмнөх суудлын тоогоо хадгалж үлдсэн, “Шударга ёс” эвсэл өөрсдийнхөөрөө хүнээ дэвшүүлсэн болохоор УИХ дахь олонхийн зүгээс энэхүү бүтцийг эсэргүүцэх хүн төдийлөн гарахгүй болов уу, ганц нэг хувь тоглолттой хүмүүсийг эс тооцвол шүү дээ. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн шинэ сайд нарт давхар дээлтнүүд байгаа ч нэр нь дуулдаж буй хүмүүсийн дунд басхүү дан дээлтэй хүн ч бий. Сөрөг хүчний хувьд шүүмжлэлтэй хандах нь тодорхой ч одоо сандал суудлын асуудлаа больж, төсөв мөнгөө хэлэлцэж ажилдаа орох шаардлагатай байгааг анхааруулж байгаа олон нийтийн санаа бодлыг хүндлэх байх.
Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд: Лүндэгийн ПҮРЭВСҮРЭН
Одоогоор эрхэлж буй ажил: МУ-ын Ерөнхийлөгчийн Гадаад харилцааны бодлогын зөвлөх
Боловсрол:
1989 онд Москвагийн ОУХДС-ийг Баруун Европ судлалын чиглэлээр төгссөн.
1993 онд ХБНГУ-ын ГХЯ-ны дэргэдэх Зүүн Европ болон Төв Азийн залуу дипломатуудад зориулсан дамжаа,
2000-2001 онд Шинэ Зеланд Улсын Веллингтон хотын Викториа их сургууль,
2003 онд АНУ-ын Хавай дахь Аюулгүй байдлын асуудлаарх Ази Номхон далайн төв
зэрэг газруудад гадаад харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна.
Ажлын туршлага:
1989-1991 онд ГХЯ-ны Захиргааны хэлтэст атташе
1991-1993 онд Улаанбаатар дахь Германы ЭСЯ-нд орчуулагч
1993-1995 онд ГХЯ-ны Европ, Америкийн газарт атташе.
1995-2000 онд Бонн дахь ЭСЯ-нд Хоёр болон Нэгдүгээр нарийн бичгийн дарга
2000-2009 онд ГХЯ-ны Европын газарт Нэгдүгээр нарийн бичгийн дарга болон зөвлөхөөр ажилласан.
Гадаад хэл: Орос, Англи, Герман
Гэр бүл: Эхнэр 2 хүүхэдтэй
Уул уурхай, эрчим хүчний сайд: Рэнцэндоогийн ЖИГЖИД
Боловсрол:
1967 – 1977 онд 10 жилийн 24-р дунд сургууль
1977 – 1980 онд МУИС-ийн физикийн анги
1980 – 1985 онд Япон улсад Нэхмэлийн дээд сургууль
Ажилласан байдал:
1985 – 1989 онд Ноосон эдлэлийн Говь комбинатад инженер, үйлдвэрлэлийн дарга, хэлтсийн дарга
1989 – 1990 онд Төлөвлөгөө, Эдийн засгийн хороонд гадаад харилцааны асуудал эрхэлсэн мэргэжилтэн
1990 – 1996 онд Гадаад харилцааны яамны Ази, Африкийн газарт II нарийн бичгийн дарга, зөвлөх
1996 – 2000 онд Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ-нд зөвлөх
2000 – 2004 онд Гадаад хэргийн Яамны Ази Америкийн газарт зөвлөх
2004 – 2006 онд Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөх
2006 – 2011 онд Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд
2012 оны 9 сараас Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа.
Сангийн сайд: Дашзэвэгийн ЗОРИГТ
Д.Зоригт 1977 онд нийслэлийн 10 жилийн 41 дүгээр дунд сургууль, 1982 онд ЗХУ-ын Ростов хотын Барилга инженерийн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн.
Тэрээр 1982-1986 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Комплексимпорт” нэгдэлд мэргэжилтэн, 1986-1989 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Монгол барилга” нэгдэлд орлогч дарга, 1989-1991 онд “Материалимпекс” нэгдлийн нэгдүгээр орлогч захирал, 1991-1996 онд “Одод” ББХКомпанийн дэд захирал, 1996-1999 онд Төрийн өмчийн агентлагийн дарга, 1999-2000 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2000 – 2008 онд “Монгол шуудан” банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан.
Д.Зоригт 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар 2009-2011 онд Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, 2011-2012 онд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв.
Тэрээр 2013 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна.
Түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж 1999 онд Банк санхүүгийн тэргүүний ажилтан, 2009 онд “Алтан гадас” одон, 2010 онд Төрийн хяналт шалгалтын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнажээ.
Англи, орос хэлтэй.
1 | Монгол Улсын Ерөнхий сайд | Н.Алтанхуяг |
2 | Монгол Улсын Шадар сайд | Д.Тэрбишдагва |
3 | Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга | Ч.Сайханбилэг |
4 | Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд | С.Оюун |
5 | Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд | Л.Пүрэвсүрэнг дэвшүүлэв |
6 | Сангийн сайд | Д.Зоригтыг дэвшүүлэв |
7 | Хууль зүйн сайд | Х.Тэмүүжин |
8 | Батлан хамгаалахын сайд | Д.Бат-эрдэнэ |
9 | Боловсрол, шинжлэх ухааны сайд | Л.Гантөмөр |
10 | Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд | Нэр дэвшүүлэх хүн тодроогүй байгаа |
11 | Соёл, спорт, аялал жуулчлалын сайд | Ц.Оюунгэрэл |
12 | Уул уурхай, эрчим хүчний сайд | Д.Жигжидийг дэвшүүлэв |
13 | Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд | Ш.Түвдэндорж |
14 | Хөдөлмөрийн сайд | Я.Санжмятав |
15 | Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд | С.Эрдэнэ |
16 | Эрүүл мэндийн сайд | Нэр дэвшүүлэх хүн тодроогүй байгаа |
Г.ДАРЬ