Фракциудын тэнцвэрийг хадгалж үлджээ

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Фракциудын тэнцвэрийг хадгалж үлджээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг  Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай саналыг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өчигдөр орой өргөн барьсан. Өнөөдөр өдрийн хуралдаанаараа УИХ тус хуулийн төслийг хэлэлцэн батласан юм. Харин үдээс хойш АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Ерөнхий сайдын санал болгосон шинэ сайд нарыг 100 хувийн саналаар дэмжсэн тухай мэдээ байна. Үргэлжлүүлэн УИХ дахь АН-ын бүлэг хуралдан шинэ сайдуудын нэрсийг ярилцжээ. Бүлэг мөн Ерөнхий сайдын оруулж ирсэн сайдуудын томилгоог 100 хувь дэмжсэн аж.

Хэдийгээр сүүлийн өдрүүдэд шинэ сайд нарын томилгоог тойрсон элдэв янзын мэдээлэл тархан, УИХ-ын гишүүд янз бүрийн байр суурь илэрхийлж, Ардчилсан намын гишүүн зарим нь ч бүр сөрөг хүчний орон зайг булаалдан элдэв ярилцлага хөврүүлсэн ч эцсийн дүндээ эрх ашиг нь тэднийг нэг гарт зангидсан бололтой. Учир нь Ерөнхий сайдын оруулж ирсэн нэрсээс харахад  АН-ын фракциудын төлөөлөл бүгд эн тэнцүү багтжээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Гадаад харилцааны яамыг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Уул уурхайн яамыг Уул уурхай, эрчим хүчний яам болгож өөрчилсөнтэй уялдуулан Засгийн газрын бүрэлдэхүүнд Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Уул уурхай, эрчим хүчний сайд байх өөрчлөлт оруулахыг санал болгож байгааг  билээ.

Үүнтэй уялдуулан Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон,  Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжид, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын “МҮДН” фракцийн Д.Зоригт нарыг дэвшүүлэхээр болжээ. Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвалын оронд өмнө нь Н.Энхбаярын эмч гэгддэг байсан Л.Жамбалжав эмчийг тавихаар яригдаж байгааг бид өмнө нь мэдээлсэн.


Ингэснээр Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд МоАХ-аас Л.Пүрэвсүрэн, Ш.Түвдэндорж, Ц.Оюунгэрэл, “Шонхор”-оос Р.Жигжид, С.Эрдэнэ, “МҮДН”-ээс Д.Зоригт, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ“Нэг ардчилал”-аас Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, “Алтангадас”-аас Ч.Сайханбилэг,  Ц.Санжмятав  гэсэн төлөөллүүд  орохоор байна.

Ерөнхий сайдын энэ хувилбар олны хэлдгээр  бол “Эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүй” буюу УИХ дахь фракцуудынхаа тэнцвэрийг хадгалж, нөгөө талаас Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, парламентын гаднаас зарим сайдыг томилсон  шийдвэр боллоо .

Харин УИХ дахь АН-ын бүлэг эдгээр сайд нарынхаа нэрсийг эцсийн байдлаар батлаад, маргаашнаас УИХ-д оруулж ирэхээр болж байна. Мэдээж хэрэг АН-ын фракциуд өмнөх суудлын тоогоо хадгалж үлдсэн, “Шударга ёс” эвсэл өөрсдийнхөөрөө хүнээ дэвшүүлсэн болохоор УИХ дахь олонхийн зүгээс энэхүү бүтцийг эсэргүүцэх хүн төдийлөн гарахгүй болов уу, ганц нэг хувь тоглолттой хүмүүсийг эс тооцвол шүү дээ. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн шинэ сайд нарт давхар дээлтнүүд байгаа ч басхүү дан дээлтэй хоёр ч сайд байна. Сөрөг хүчний хувьд шүүмжлэлтэй хандах нь тодорхой ч одоо сандал суудлын асуудлаа больж, төсөв мөнгөө хэлэлцэж ажилдаа орох шаардлагатай байгааг анхааруулж байгаа олон нийтийн санаа бодлыг хүндлэх байх.
 

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж