Баян-Өлгий аймгийн жижиг дунд үйлдвэрлэлтэй танилцлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий аймгийн жижиг дунд үйлдвэрлэлтэй танилцлаа

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнөөдөр Баян-Өлгий аймгийн жижиг,  дунд үйлдвэрээр орж тус аймагт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл хэр үр бүтээлтэй зарцуулагдаж байгаатай танилцлаа.
 Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд жижиг,  дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 1.5 тэрбум төгрөг олгогдсоноос 2010 онд 145 иргэн аж ахуй нэгжид 800 гаруй сая төгрөгийн зээл олгожээ. Үүний үр дүнд 38 үйлдвэр шинээр бий болж 118 хүн ажлын байраар хангагдсан хэмээн аймгийн Засаг даргын орлогч танилцууллаа.

Тэргүүн шадар сайд “Нурлы” мэдрэлийн эмнэлэг, “Каусар” ХХК  тоосгоны үйлдвэр, “Мерей” хиам, гоймон нарийн боовны үйлдвэр, Монгол Оросын хамтарсан ноос угааж самнах “Аватекс кайнар” үйлдвэр, “Акбоар” жигнэмэг талх нарийн боов, вакумласан казны үйлдвэр,   Буудай импорт гурилын үйлдвэр, “Мастер хүнс” талх нарийн боовны цех, Хан бүргэд” ХХК үнээний ферм, блокны үйлдвэр  “Куншуах “ ХХК хийжүүлсэн ундаа, цэвэр усны үйлдвэр, “Балхарагай” модон эдлэлийн цех, ДСА ХХК-ны хиамны үйлдвэр, “Шарапат” дотрын эмнэлэг, “Алтай керей” үндэсний хувцасны үйлдвэрээр тус тус орж үйл ажиллагаатай нь танилцлаа.

Тус аймагт гурван хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хэвтэн эмчлүүлэгчдийн даатгалын ор хоногийн мөнгө олгогддоггүйгээс санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг. Тиймээс Тэргүүн шадар сайд та манай аймгийн хувийн эмнэлгийн даатгалын мөнгө олгуулах тал дээр анхаарч өгөөч гэсэн хүсэлтийг Нурлы болон Шарапат эмнэлгийнхэн тавьж байлаа. Хүнсний үйлдвэрүүдийн хувьд бүтээгдэхүүнээрээ аймагтаа хэдийнэ танил болсон үйлдвэрүүд бөгөөд авсан зээлээрээ үйлдвэрлэлээ өргөтгөх, эргэлтийн хөрөнгөө нэмэхэд зарцуулсан. Гэхдээ зээлийн хэмжээ харьцангуй бага 10-20 сая төгрөг олгогдож байгаа тул хөрөнгө санхүүгийн хувьд үйл  ажиллагаа өргөжүүлэх үйлдвэрийн байртай болох тал дээр хүндрэлтэй байна хэмээж  байлаа.

Гурилын үйлдвэрийн хувьд ОХУ-аас импортоор гурилаа татдаг байсныг аймаг орон нутагтаа үйлдвэрлэж байхаар улсын төсвөөс 400 сая төгрөгийн зээл авч байгуулжээ.  Улаан буудайгаа импортоор авдаг тус үйлдвэр ОХУ буудайгаа экспортлохоо больсоноос үүдэн түүхий эдээс шалтгаалсан түр зогсолт хийгээд байгаа тухайгаа үйлдвэрийн эзэн Давотхан ярьж байлаа.  Түүний хариуд Н.Алтанхуяг сайд гурилаа өөрсдөө үйлдвэрлэдэг болсон нь сайн хэрэг. Гэхдээ түүхий эдээ ганцхан газраас авалгүй ойролцоо аймгаас болон хэд хэдэн газраас авдаг байх хэрэгтэй.  Түүнчлэн улсаас ч улаан буудай олгох тал дээр анхаарч дэмжье хэмээлээ. Харин ноос угааж самнах үйлдвэрийн хувьд монголдоо л ганц гэж хэлж болох үйлдвэр бөгөөд баяд угсааны хонины ноосыг угааж самнаад ноолуурын хэмжээнд хүргэж ОХУ, Герман, Энэтхэг зэрэг улсруу 1кг-ыг нь 6000 ам.доллараар борлуулдаг байна. Ялгаж авсан хялгасаа мөн л экспортолдог тус үйлдвэр түүхий эдээ Увс,  Ховд,  Баян-Өлгий, Улаанбаатар хотоос авдаг бөгөөд цаашдаа самнасан ноосоороо бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой гэнэ.  Хамгийн сүүлд очсон “Алтай керей”  оёдлын газар Баян-Өлгийн брэнд гэж болох үндэсний хувцас үйлдвэрлэлээрээ олны танил болсон газар. Тус үйлдвэр үндэснийхээ хувцсаар Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд төрийн томчуудыг үндэснийхээ хувцсаар гоёсон гэнэ. Энэ удаа ч мөн тус аймгийн Ардчилсан намынхан Тэргүүн шадар сайдад Казак үндэсний хувцас бэлэглэснийг тус үйлдвэрийн хамт олон урлажээ. Харин сайд тэднийхээс гараар урласан гоёмсог хээ угалз бүхий ширдэг худалдан авсан юм. Баруун хязгаар Баян-Өлгий аймгийнхан Улаанбаатараас 1500 км хол оршдог, хэл яриа, шашин шүтлэг ялгаатай, үндэсний цөөнх болсон ард түмэн. Алс хязгаар нутгийн энэ аймгийн ард иргэд нь найрсаг зочломтгой ажилсаг,  амьдралынхаа төлөө хэн нэгний гар харалгүй ажиллаж чаддаг, бас хэн нэгэн дарга даамалд дарагдаад байдаггүй үгээ хэлчихдэг шулуун шударга ард түмэн аж. Харин баруун хязгаар алслагдмал нутгийн  ард түмнийг төрийн бодлогоор дэмжих бодлого сул, орон нутгийн удирдлагад нь бүх эрх мэдлийг нь өгч, ард түмний амьдралыг нь зөнд нь орхио юу даа гэсэн сэтгэгдэл эрхгүй төрж байлаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж