Н.Энхбаяртай муудалцсан ч би юм санадаггүй ээ

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяртай муудалцсан ч би юм санадаггүй ээ

Ц.Цэнгэл: Н.Энхбаяртай улс төрийн асуудлаар муудалцсан ч би юм санадаггүй ээ

УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийг “Ярилцах танхим”-ынхаа зочноор урилаа.

-УИХ-ын чуулганаар Эр­дэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах эсэх асуудлыг хоёр дахь удаагаа хэлэлцээд “Огц­руулахгүй” гэсэн шийдвэр гар­галаа. Таамаглаж бай­санчлан УИХ ийм шийдвэр гаргаснаараа нэр хүндээрээ дэнчин тавьж, багагүй шүүмжлэлд өртөв. Та УИХ-ын гишүүний хувьд энэ шийдвэрийн талаар ямар бодолтой байгаа вэ?

-Д.Зоригт сайдын асуудлыг цогцоор нь авч үзвэл зөв алхам болсон. УИХ Засгийн газарт хариуцлага тооцох ёстой. Энэ том салбарын сайдад алдаа, оноо байлгүй яах вэ. Харин зөвхөн түүнийг л  байн байн оролдоод байгаа нь хариуцлагын асуудал гэхээсээ илүү улс төрийн шалтгаантай байсан учраас огцруулсангүй гэж олон нийт ойлгож үлдсэн байх. Өөрөөр хэлбэл, Засгийн газар ямар ч хамаагүй үнээр сайдаа авч үлдлээ. “УИХ нь Засгийн газартай хариуцлага тооцож чадахгүй байна” гэсэн яриа гарч буйг нуух аргагүй. Гэхдээ Д.Зоригтыг огцрууллаа гэхэд үр дүн нь юусан билээ. Манай намын бүлэг ч гэсэн энэ өнцгөөс асуудалд хандсан. Ер нь хамтарсан Засгийн газарт ажил нь цалгардаагүй сайд бараг байхгүй дээ. Ажлыг нь дүгнээд асуудлаа шийдээд л явахаас өөр аргагүй. Ер нь тогтвортой байдлыг бусниулж, хэвийн бус үйл ажиллагааг эхлэх гэсэн оролдлого харагдаад байна. Би  ч, манай намын бүлэг ч ингэж үзэж байгаа.  Гэхдээ огцруулах санал өргөн барьсан гурван гишүүний хувьд зөв асуудал хөндсөн гэдгийг дахин хэлье.

-Уг нь гэрээнд гурван сайд гарын үсэг зурсан байтал нэгийг нь, тэр тусмаа Ардын намынхыг нь онцолж огцруулах санал тавьсан нь энэ бүхнийг улс төрийн шинжтэй  болгож харагдуулсан?

-Ойлгомжтой шүү дээ. Ингээд ажлыг явуулдаггүй. Хамтраад байхад ийм байгаа юм чинь хамтраагүй бол ажил бүр ч хийлгэхгүй байж л дээ. Хорин жил ийм аргаар явлаа. Эцэст нь ард түмэн л хохирсон. Ядуурал, ажилгүйдэл хэвээрээ. Энэ Засгийн газрыг стандарт бус л гэдэг. Монголчууд Засгийн газраа хамтарч байгуулсан. Ямар гадныхантай нийлсэн биш. Намчирхаад хожихгүй нь гэдгийг ойлгоод л улс орноо хөгжүүлэх ажлыг урагшлуулж байна шүү дээ.

-УИХ дахь Ардын намын бүлгээр энэ асуудлыг хэлэлцэхэд уур амьсгал ямархуу байсан бэ. “Д.Зоригтыг огцруулах нь зөв” гэж үзсэн гишүүд нэлээд байгаа нь тодорхой байсан ч эцсийн шийдвэр өөрөөр гарсан шүү дээ?

-Ажлын хариуцлага талаас нь авч хэлэлцээд гаргалгаануудыг ярьж байхад “Огцруулахаас өөр аргагүй юм байна” гэсэн үзэл бодолтой гишүүн цөөнгүй байсан.

-Тэгэхээр хамтарсан Засгийн газрыг байгуулсан учраас л Д.Зоригтыг авч үлдсэн гэж та хэлэх гээд байна уу?

-Яг тийм. Хамтарсан учраас л авч үлдсэн. Хамтын шийдвэр гаргаж, хариуцлагаа үүрэх ёстой. Гол зарчим нь энэ.

-Танай намын гишүүн Э.Мөнх-Очир “Ардчилсан намынхан засгаас гарах цаг болсон” гэж хэвлэлээр удаа дараа ярьсан. Ийм бодолтой гишүүн олон байгаа болов уу?

-Үүнийг явган яриа л гэж ойлгож байна. Зарчмын хувьд энэ бол тийм ч зөв зүйтэй асуудал биш. Миний хувьд хийх ажил их байна. Хурдан л шийдээсэй гэж бухимддаг болохоос гарах, орох тухай ярих дургүй. Гэтэл цаг хожиж байгаа юм уу, дахиад хамтрахаараа хийнэ гэж боддог юм уу, шийдэж өгөхгүй байна. Энэ л УИХ-ын гишүүд, ард түмний эгдүүцэл, дургүйцлийг төрүүлдэг. Засгийн газар энэ талаар анхаарах хэрэгтэй.

-Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэхийн өмнөхөн “Ардын намынхан дараагийн сайдад Ц.Цэнгэл, Х.Бадам­сүрэн, А.Тлейхан на­рыг зүт­гүүлэхээр болжээ” гэсэн мэ­дээ хэвлэлд гарсан. Нэг сай­дын асуудлыг шийдээгүй бай­хад дараагийн кандидатыг яримааргүй юм. Энэ мэдээллийг хараад танд юу бодогдсон  бэ?

-Хэвлэлээс уншсан. Эзэмшсэн мэргэжил, энэ салбарт ажилласан туршлага талаас нь тэгж бичсэн байж болох юм. Би лав энэ тухай өөр яриа хөөрөө гарсныг мэдээгүй. Хэн нэгний турхиралт, хагарлыг дэвэргэх гэсэн санаа ч байж болох шүү дээ. Бид гурвын хэн нь ч “Д.Зоригтыг огцруулаасай” гэсэн санаа өвөрлөж байгаагүй. Үүнд би бат итгэлтэй байна.

-Танай намын Удирдах зөв­лөл өнгөрсөн бямба гарагт Их тэнгэрт хуралдсан. Энэ үеэр чухам юу болсон юм бэ. Нэлээд ширүүн маргаан өрнөж, хуучин, шинээрээ дуудалцсан бололтой юм?

-Олон зүйлийн талаар илэн далангүй ярилцсан. Сонгууль ч ойртлоо. Сонгуулийн тухай хуулиа яах вэ, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу. Тулгамдсан асуудлуудыг шийдэхэд саад болоод байгаа  зүйлсээ хамтарсан Засгийн газрын үед л шийдэхгүй бол хэзээ шийдэх гээд байгаа юм бэ гэх зэргээр ярьсан юм. Манай намын залуус “Засгийн газрын нэр хүнд муудаад байна” гэсэн санал бодлоо ч хэлж байсан. Гэхдээ хамтарч байгаа намынхнаа, Засгийн газраа муулж, шүүмжлэх нь чухал биш гэсэн санааг хууччуул нь хэлж байна билээ. Үүнийг л ширүүн маргаан өрнүүлсэн гэж ойлгосон байх. Түүнээс том хэмжээний сөргөлдөөн гаргаагүй.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр танай намаас гарч нам байгуулсан. Засгийн газрын гишүүдээс 10-ыг нь оролцуулан нийт 15 олигархийг нэрлэсэн. Ер нь сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандаж байгаа. Түүний байр суурийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу нам байгуулсныг нь хүндэтгэж үзэлгүй яах вэ. Би хувьдаа Н.Энхбаяр даргыг заавал намаасаа гарч, өөр нам байгуулах шаардлагагүй байсан гэж боддог. Энэ намдаа байж, хүндэтгэл хүлээн ёстой л жинхэнэ хаан шиг сууж байгаад намынхаа үйл ажиллагаанд оролцоод явах боломж байсан. Яагаад тэгж болоогүйг нь гайхдаг л юм. Хувь хүнийхээ хувьд их сайн хүн шүү дээ. Аливаа асуудлыг болох, бүтэх талаас нь шийддэг.

-Тийм гэж үү. Тэгээд яагаад ганцаардаад намаасаа гарахдаа тулав?

-Миний л хувьд ажил хэргийн талаар тавьсан асуудал болгоныг шуурхай шийдэх талаас нь идэвхтэй ханддаг байсан. Зөвшөөрөхдөө ч ихээхэн бодож байж, зөв арга замыг олж чаддаг. Н.Энхбаярын алдаа нь тойрон хүрээлэгч долдой нарынхаа үгэнд орж, эргэлзэж төөрөлдсөнөөс болсон болов уу гэж бодож байна.

-Гэхдээ долдой нарынх нь ихэнх нь намдаа үлдчихсэн юм биш үү. Одоо Н.Энхбаяртай ойр байгаа хамтрагчдыг нь харахад л лав тэгж харагддаггүй шүү дээ. Харин ч шинэ хүмүүстэй хамтарч, гар нийлэн улс төр хийх гэж зүдэрч байгаа болов уу?

-Янз бүрийн л хүмүүс бий. Ер нь өөрөө хүний үгэнд оромтгой хүн л дээ.

-Одоо та Н.Энхбаяртай ямар харилцаатай байгаа вэ?

-Би нэг удаа сөргөлдөж муудалцаад түүнээс хойш мэндийн зөрөөтэй л явдаг болсон.

-Нууц биш бол яагаад муудалцсан юм бэ?

-Эр улсын яриа хөөрөө гэх үү дээ. Улс төрийн асуудлаас л болно шүү дээ. Би ч тэгж муудалцсандаа юм бодоод байдаггүй. Тэр хүн юу бодож явдгийг ч мэдэхгүй юм.

-Засгийн газрын өчигдрийн /уржигдар/ хуралдаанаар говийн бүсийг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг Оюутолгойд барих уу, эсвэл Тавантолгойд уу гэдгийг яаралтай шийдэж, ажлыг нь эхлэхийг салбарын сайдад нь даалгасан. Таны хувьд цахилгаан станцаа хаана баривал ашигтай гэж бодож байна вэ?

-Ер нь манай үндсэн зардал  нүүрсний тээвэрлэлтэд зориулагддаг. Энэ талаасаа ч, улс орны хөгжлөө  бодсон ч цахилгаан станцаа Таван­толгойд барих нь зөв. Хэнд ч тодорхой энэ асуудлаар маргаантай байна гэдэг чинь ашиг сонирхлын зөрчилтэй л гэсэн үг. Оюутолгойн хувьд барилгын ажлаа хийх явцдаа эрчим хүчний шугам татчихад ямар ч асуудалгүй шүү дээ. Мэргэжлийн хүний хувьд би ингэж л бодож байна. Бүр болохгүй бол Шивээ-Овоо, Багануурт зөвхөн эрчим хүч үйлдвэрлэх станц байгуулж болно. Ямар ч байсан нүүрсний уурхай дээр л станцаа барих ёстой.

-Оюутолгойг эрчим хүчээр хангахгүй бол төсөл нь зогсчих гээд байгаа юм биш үү. Анх гэрээг батлахдаа энэ талаар хангалттай судалж, эцсийн шийдэлд хүрээ­гүйгээс ийм асуудал үүсээд байна уу?

-”Оюутолгой” төслийн ажлыг эрчим хүчээр хангах тухай 2001 оноос ярьж эхэлсэн. Би тэр үед Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Оюутолгойн дэд бүтцийн хэсгийг ахалж байлаа. Тухайн үед “Оюутолгой” төсөлд шаардагдах эрчим хүчийг төвийн эрчим хүчнээс хангана. Түр зуурын хугацаанд эрчим хүчээ Хятадаас авах тухай гэрээнд би гарын үсгээ зурж байсан. Тэр үед шийдэх байсан асуудал өнөөг хүртэл сунжраад сүүлдээ улстөржөөд гац­сан.

-Юу гэсэн үг вэ. Яаж улстөржсөн гэж?

-Сонгууль дөхчихсөн байсан. Тэгээд л хойшлогдсон.

-Ирэх сонгуулийн үеэр Оюу­толгойн гэрээг томоохон хөзөр болгох нь дамжиггүй. Үүгээрээ эдийн засгийн ач холбогдлыг нь үгүйсгэн олон нийтийн дунд буруу ойлголт төрүүлэх магадлал өндөр байна. Энэ асуудалд болгоомжтой хандъя гэдэг үүд­нээс хамтарсан Засгийн газарт ор­сон намууд сонгуулийн үеэр их бүтээн байгуулалтын ажлыг гацааж, улстөржүүлэхгүй байхаар тохиролцсон гэсэн яриа байдаг. Энэ үнэн үү?

-Яг ийм тохиролцоо хийсэн тухай би сонсоогүй. “Оюутолгой” төслийн талаар сайн, муу яриа их гардаг. Ард иргэдэд ойлгомжгүй асуудал ч олон бий.

-Тухайлбал, ямар асуудал байна вэ?

-Бид дэлхийн томоохон хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулсан. Энэ гэрээний эдийн засгийн ач холбогдол, ирээдүйд өгөх ашиг орлого нь маш их. Ер нь энэ төслийн өгөөжийг Эрдэнэтийн ордынхтой адилтгаж ойлгодог хүн олон бий. Өөрөөр хэлбэл, монголчууд 30 жилийн дараа 51 хувийг эзэмшинэ гэх зэргээр ярьдаг. УИХ-аас Засгийн газарт “Хөрөнгө оруулалтаа нөхмөгц Монголын талын эзэмших хувь хэмжээг 51 хувь болго” гэсэн чиг үүрэг өгсөн. Засгийн газар л өгсөн үүргийг яг тэр чигээр нь биелүүлж хараахан чадаагүй юм. Үүнд УИХ-ын зарим гишүүн нэлээд бухимдаж байгаа. Засгийн газарт ч гэсэн үнэхээр болохгүй, хэцүү байсан л байх. Гэтэл үүнийг хэт улстөржүүлж ярьсаар байгаад иргэдийн дунд “Ерөөсөө бид юу ч үгүй хоосорч үлдэх юм байна” гэсэн сэтгэгдэл төрүүлж байгаа. Энэ чинь асар их хэмжээний хөрөнгө оруулалт. Дээр нь орчин үеийн нарийн технологийг оруулж ирж байна. Үүнийг бид ажил гэж үзэн, хүндэтгэж, үнэлэх ёстой. Тиймээс наанатай, цаанатай ярих учиртай. Нэгэнт гэрээ хийсний дараа ажиллах гэж байгаа хүмүүст саад болох хэрэггүй л юмсан. Зөвхөн тэр хүмүүст биш, Монголын хөгжил, эдийн засагт л саад болж байгаа хэрэг шүү дээ. Харин юу нь болж, болохгүй байгааг байнга ярьж, асуудал дэвшүүлж, хяналтаа тавьж байх хэрэгтэй.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д энэ сарын сүүлчээр айлч­лах­даа төмөр замын гэрээг шинэчлэх талаар хэлэлцэх гэж байна. Та 2006-2007 онд Зам тээвэр, аялал жуулчлалын сай­даар ажиллаж байхдаа энэ асуудлаар хэлэлцээрт оролцож байсан. Энэ удаа ямар үр дүнд хүрнэ гэж бодож байна?

-Төмөр замын гэрээг шинэчлэх асуудлыг 20 жилийн өмнө л шийдчих байсан. Тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүх улс төмөр замаа өөрийн болгоод авчихсан шүү дээ. Тэр үед манайхан энэ талаар маш идэвхгүй, удаан ажилласан. Хүсээгүй юм уу, хүссэн ч арга барилаа мэдэхгүй байсан уу. Ямар ч байсан идэвх чармайлт гаргаагүй. Уг нь аль хэдийнэ төмөр замаа 100 хувь мэдэлдээ авчих боломж байсан. Би төмөр замын  автомат хоригийг сайжруулах, парк шинэчлэх талаар И.Е.Левитин сайдтай нэг сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурж байсан. Тэр нь явсаар байгаад өөр байгууллагынх болчихоод байна.

-“РЖД” компанийг хэлж байна уу?

-Тийм. Төмөр замын ажил удаашралтай байна. Аль 2007 оны гэрээ хэлэлцээрийг одоо болтол хийж чадаагүй. Гэхдээ би Ерөнхийлөгчийн айлчлал үр дүнд хүрэх байх гэж найдаж байна. Оросын талд ч гэсэн өөрийг нь бараг хавсарч, дагаж явсан орны төмөр замыг ганц, хоёрхон хувь дээр царай алдаад байх нь ашиггүй байр суурь биш л баймаар юм. Гэхдээ оросууд стратеги, геополитекийн хувьд аль болохоор бензин шатахуун, уул уурхай, төмөр зам гээд томоохон асуудлууд дээр “багалзуурдах” сонирхолтой байгаа нь  тодорхой байна.

-Ярилцсанд баярлалаа

У.ОРГИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж