Сүүлийн жилүүдэд манай аймагт эзэнтэй эзэнгүй нохой муурын тоо толгой олширч иргэдийн амьдрах тайван байдлыг алдагдуулж гудамж талбай, орц хонгилоор үзэгдэх болсон. Иймээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын мал эмнэлэг үржлийн тасгаас нохой муурын үржлийг мэс заслын аргаар хязгаарлах боломж гэсэн төслийг өнгөрөгч жилээс боловсруулсан байдаг.
Тэгвэл энэхүү ажил хэрэгжихэд бэлэн болсон байна. Манай аймагт 8000 гаруй золбин нохой, 800 гаруй эзэнгүй муур байгааг судалгаагаар тогтоосон байна.Энэхүү төслийг Баян-Өндөр сумын мал эмнэлэг үржлийн тасаг, хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмнэлэг биотехнологийн сургуулийн мэс засал нөхөн үржихүйн тэнхимийн профессорын багтай хамтран боловсруулан хэрэгжүүлэх гэж байна.
Төсөл 2015 оны 5-р сар хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд эр нохой 5000 ,500 орчим эм нохойн өндгөвчийг авах, 7000 орчим нохой устгана гэж тусгагдсан байна.ХААИС-ийн био технологийн сургуулийн мэргэжилтнүүд өдөрт дунджаар 20 эр, эм нохойд мэс засал хийх төлөвлөгөөтэй юм байна. Дунджаар нэг нохойд 14мянга орчим төгрөгийн зардал зарцуулагддаг.
Төслийн нийт зардал 153 сая төгрөг ажээ.Нохой муурын үржлийг зогсооход өндгөвчийг авах, хөнгөлөх энэхүү арга нь хамгийн оновчтой үр дүнтэй бөгөөд тухайн нохойд ямар нэг сөрөг нөлөө байхгүй маш олон өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм байна. Нохойноос хүнд халддаг шимэгч хорхойн өвчин, нохойны шүлс салс, амьсгалаар дамжин галзуу өвчин зэрэг олон төрлийн халдварт өвчин дамжин халдварладаг байна.Төслийг хэрэгжүүлэх төв байр Баян цагаан багт байрлаж байна.
Үндсэндээ төслийг хэрэгжүүлснээр эзэнгүй ил явж байгаа нохой муурыг байхгүй болгох зорилтыг тавьж ажиллах юм байна. Нэмж дуулгахад энэхүү төсөл анх удаа манай аймагт хэрэгжиж байгаагаараа онцлогтой. Төслийг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн онд 2200 орчим нохойг бүртгэлжүүлж пайзжуулсан.Бүртгэлд хамрагдаагүй нохойг устгалд оруулан ажиллах юм байна.
Төслийн хүрээнд энэ мэт ажил хийгдэхийн нэг нь иргэдээс нохойг нь худалдаж авч устгах шинэ системийг хэрэгжүүлэх гэнэ. Түүнчлэн энэ төслийн үр дүнд одоо явагдаж байгаа үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах нохой муурын чиглэлээр дагнан ажиллах мал эмнэлэг байгуулагдах юм байна.
Эх сурвалж: http://erdenet.mn