Арбитрын хуульд ашиг сонирхол бий юу?

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Арбитрын хуульд ашиг сонирхол бий юу?

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хувилбарыг төр, хувийн хэвшлийнхэн өнөөдөр хэлэлцлээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, биенесийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж Арбитрийн тухай хуулийн төслийг боловсруулагчид үзэж байгаа. Засгийн  газраас намрын чуулганаар Арбитрын тухай хуулийг   УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөж буй.  Хэрэв хуулийн төсөл батлагдвал Монгол Улс үндэсний болон  олон улсын арбитрийн ажиллагааны орчин үеийн зохицуулалттай болно гэж тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл хуулийн нийтлэг үзэл баримтлалыг 2006 онд шинэчлэгдсэн НҮБ-ын  Олон улсын худалдааны эрхийн комиссын Олон улсын арилжааны загвар хуульд нийцүүлэн шинэлэг санааг тусгаж боловсруулсан  гэж төслийнхөн хэлж  байсан юм.  Шинэчилсэн найруулгын төсөлд арбитрийн бүрэлдэхүүний завсрын арга хэмжээ авах бүрэн эрхийг нэмэгдүүлэх, зардлын талаар шийдвэр гаргах эрхийг тодорхой болгох, ажиллагааны нууцыг хамгаалах, шийдвэрийг хүчингүй болгох процессийг хялбаршуулах, арбитрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, хэрэгжүүлэх хугацааг сунгах зэрэг асуудлуудыг  шинээр тусгажээ. Тэгвэл энэхүү хуулийг шинэчлх ямар шаардлага байна вэ  гэх асуулт гарч ирнэ. Энэ асуултад төслийн багийнхан гадаадын хөрөнгө оруулагчдад  найдвартай эрхзүйн  орчин дутмаг,  Монгол Улсад Арбитрийн ажиллагаа хангалттай түвшинд явагдахгүй байна гэж хариулсан.  Гэхдээ хуулийн төслийг батлуулах өөр ашиг сонирхол байна уу гэж харах хэсэг  байна. Хуулийн төсөлд Арбитрийг хаанаас байгуулах вэ гэдгийг тусгаагүй. Энэ  нь гадныханд найр тавьж байгаагаас ялгаагүй  гэх хардлага. Өөрөөр хэлбэл Монгол Улсад их хэмжээний  гадныхан өөрсдөө Монгол Улсад арбитраа байгуулаад асуудал үүсэхэд өөрсдийн байгуулсан арбитаар маргаанаа шийдүүлэх далд ашиг сонирхол байх вий гэх болгоомжлол юм. Хууль зүйн яамаас эхлээд төрийн байгууллагынхан лоббидуулах вий гэх сэрэмж 2003 онд  батлагдсан одоогийн мөрдөж буй хуульд болохгүй бүтэхгүй зүйл байхгүй гэж Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн дэргэдэх Үндэсний ба олон улсын арбитрийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагва хэлсэн юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Арбитрийн тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага  байгаа юу?

-Хууль зүйн яамнаас  байгуулагдсан ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаад өнөөдөр анхны хэлэлцүүлгийг хийж байна. Гэхдээ эцсийн байдлаар хуулийн үзэл баримтлал  гараагүй байна. Одоогийн дагаж мөрдөж байгаа  2003 оны Арбитрийн тухай Монгол Улсын хууль бол олон улсын жишигт нийцсэн сайн хууль гэж гадны экспертүүд үздэг. Миний  бодлоор заавал шинэчилсэн найруулга шаардлагагүй. Нэмэлт өөрчлөлтийн төсөл гээд явахад болохоор санагдаж байгаа. Төслийнхний ярьж байгаа нэг үндэслэл нь НҮБ-ын загвар хуулийг өөрийнхөө улсад нутагшуулсан  орны жагсаалтад  Монгол Улс ороогүй  гэж байгаа. Гэтэл тэр жагсаалтад орохын тулд хуулийн төслийг шинэчлэн найруулж байгаа гэвэл утгагүй. Олон улсын арилжааны загварын хуулийг  заавал 100 хувь хуулбарлана гэдэгтэй би санал нийлэхгүй байгаа.

-Арбитрыг хаанаас хэн байгуулах нь тодорхойгүй байна гэж та хэлсэн. Ингэж тусгаагүй нь ямар үр дагавартай вэ?

-Одоогийн мөрдөж буй хуульд арбитрийг ТББ-ын дэргэд байгуулж болн, төрийн байгууллагын дэргэд байгуулж болохгүй  гэдэг зарчим тусгагдсан. Гэтэл шинэчилсэн найруулгын төсөлд энэ асуудлыг огт оруулаагүй. Энэ нь гадны хөрөнгө оруулагчдад барьцгүй байдал  үүсгэж байна.

-Танхимын дэргэдэх арбитр жилдээ  хэдэн хэрэг маргаан шийдвэрлэж байна вэ?

-Жилдээ 50-60 хэрэг маргаан шийдвэрлэж байна. Энэ нь бусад улстай харьцуулахад бага үзүүлэлт биш.  Япон, Казакстан  зэрэг зах зээл өндөр хөгжсөн орнууд манайхаас ч бага буюу жилдээ 15-20 хэрэг маргаан шийдвэрлэдэг юм билээ. Ихэвчлэн гадаад, дотоодын худалдаа, экспорт, импорттой холбоотой маргаан, сүүлийн үед хамтарсан компани байгуулахтай холбоотой асуудал, уул уурхай лицензтэй холбоотой маргаан, барилгын захиалагч, гүйцэтгэгчийн хоорондын маргаан  голлож байна.

-Арбитарт итгэх иргэдийн итгэл, арбитрийн талаарх ойлголт ямар байна вэ?

-Арбитрийн маргаан гэдэг тухайн улсынхаа зах зээлээс их хамаардаг. Нөгөө талаас манай иргэдийн сэтгэлгээ ямар байгаа билээ. Шүүгч, хуульч биш хөндлөнгийн хүн хэрэг маргаан шийдвэрлэнэ гэхээр сайн бууж өгөхгүй байх тал бий. Түүнээс арбитарт итгэхгүй байгаадаа хандахгүй байна гэсэн үг биш. Энэ бол цэвэр сонголтын асуудал юм.

Хуулийн төслийн шинэчилсэн найруулгад тусгагдсан  асуудлаар өнөөдөр төр, хувийн хэвшлийнхэн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгээр шинээр  оруулсан Завсрын арга хэмжээ, арбитрийн санхүүгийн  хөшүүрэг  зэрэг асуудалд эргэж харах шаардлагатай зүйлс байгааг оролцогчид хэлж байсан Эдийн засаг хүндэрсэн энэ үед гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэг чухал хүчин зүйл нь итгэл үнэмшилтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арбитартай  болох асуудал гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байгаа. Энэ утгаараа Арбитрийн тухай хуулийг намрын чуулганаар батлуулахаар яаравчлах бололтой.

С.ОТГОН


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж