Сувилагч Нина Пам нохойн хамт
АНУ-ын Техас мужийн Даллас хотын албаныхан эрүүл мэндийн төвийн сувилагч Нина Памын нохойг нууц газар хүмүүсээс тусгаарлан асарч байгаа гэнэ. 26 настай Нина Пам нь эбола вирусээр нас барсан Томас Эрик Данканыг асарч байхдаа халдвар авсан юм. Тэрээр АНУ-д халдвар авсан анхны хүн болсон юм. Харин Либери гаралтай 42 настай Томас Эрик Данкан өнгөрсөн долоо хоногт нас барснаар АНУ-д эболагаар амь үрэгдсэн анхны хүн болсон билээ.
Сувилагч Нина Памын биед эбола вирус илэрсний дараа түүнийг хөл хорьж, мэргэжилтнүүд гэрийг нь цэвэрлэж, ариутган, нохойг нь авч явсан аж. Даллас хотын албаныхны мэдээлснээр сувилагчийн Бэнтли нэртэй Чарльз хааны спанель үүлдрийн нохой эмч нарын хяналтан дор асруулж байгаа гэнэ.
Өмнө нь Испани сувилагч Ромерогийн Экскалибур нэртэй нохойг эболагийн халдвар тээж магадгүй хэмээн сэжиглэн шүүхийн шийдвэрээр устгасан хэрэг багагүй дуулиан, эсэргүүцэл дагуулсан юм. Иймээс Даллас хотын албаныхан Бэнтлид ийм онцгой анхаарал тавьж буй аж. Мадрид хотын эмнэлэгт эболагаар нас барсан хоёр номлогчийг асарч байсан Испани сувилагч Европт халдвар авсан эхний хүн болсон юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press