Энэ жилийн наадамд зодоглосон 512 бөхөөс шөвгөрсөн 16 бөхөд хууль, дүрмийн дагуу допингийн шинжилгээ хийхэд хоёр нь энэ шалгуурт бүдэрлээ. Шинээр улсын начин цолны болзол хангасан Архангайн Н.Адьяабат, Говь-Алтайн Б.Суманчулуун нарын сорьцод хийсэн хоёр ч удаагийн шинжилгээгээр эдгээр бөхчүүд допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь баталгаажсан байна.
Өчигдөр олон нийтэд зарласан энэ мэдээллийн араас өнөөдөр хүмүүс допинг гэх энэ үгийг илтэд тоон ярилцаж, тэр хоёр бөхийн тухай, тэднийг хэрхэн шийтгэх тухай санал уралдуулж байх шиг байна.
Спорт дахь допингийн эсрэг тэмцлийн агуулга, зорилго нь ойлгомжтой, их спортын допингийг үл хүлээн зөвшөөрөх шийтгэл, хариуцлага нэгэнт тогтчихсон байхад Монголд энэ асуудлыг зохицуулж буй хууль, журам нь алдаатай явсаар ирсэн тул одоог хүртэл бөхчүүд допингоос, допинг бөхчүүдээс салж чадахгүй байна. Нөгөө талаар маш олон хүмүүст допингийн шинжилгээг хэн хариуцаж авдаг, хэрхэн шинжилдэг талаарх мэдээлэл дутмаг байдаг нь энэ сэдвийг тойрч ярих бүрт анзаарагдах тул зарим зүйлийг тодруулахыг хүслээ.
БӨХЧҮҮДЭЭС ХЭРХЭН ШИНЖИЛГЭЭ АВДАГ ВЭ?
Монгол Улс Олон Улсын Олимпийн Хорооны гишүүнийхээ хувьд 1999 оноос эхлэн допингийн эсрэг тэмцэлд нэгдэж, үндэсний их баяр наадамд оролцсон бөхчүүдээс анх удаа допингийн шинжилгээ авчээ. Анх удаа шинжилгээ авснаас хойш 2003 он хүртэл энэ ажлыг Монголын Үндэсний Олимпийн Хороо бие даан хариуцаж байсан бол Баяр наадмын тухай хууль батлагдсанаар наадмын допингийн шинжилгээ авах үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдэх болсон юм.
Тодруулбал, 2003 оноос хойш жил бүрийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс Допингийн шинжилгээ авах ажлыг Баяр наадмыг зохион байгуулах хороо, Допингийн эсрэг төв, Монголын үндэсний бөхийн холбоо хариуцан ажиллаж, бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлыг ч хэлэлцэн, шийдвэрлэж иржээ.
Бүр нарийвчилбал, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос тухайн жилийн баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журмыг тогтоол гарган баталдаг бөгөөд үүндээ допингийн шинжилгээ хийх бэлтгэл, сорьц авах Ажлын хэсэг томилох, ямар хугацаанд, хаана шинжилгээ авах, шинжилгээний хариуг хэн хариуцаж явуулах, хүлээж авах, хэрхэн зарлах гээд бүх явцыг тусгадаг.
Энэ журам ёсоор Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдааны журмын дагуу энэ жилийн наадамд шөвгөрсөн 16 бөхөөс Наадмын зохион байгуулах хороо, Допингийн эсрэг төв, холбогдох спорт холбоодын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийнхэн допингийн шинжилгээ авчээ.
Наадмаар авсан допингийн шинжилгээний дээжийг манай улс БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтын Допингийн хяналтын лабораторид шинжлүүлдэг бөгөөд дээжийг хоёр шилэнд савлаж, наадам дууссанаас хойш тав хоногт батгаан, эхлээд "А" сорьцыг шинжлүүлдэг.
Улмаар лабораториос ирсэн хариуг Допингийн эсрэг төв хүлээж авснаас хойш ажлын тав хоногт багтаан, холбогдох спорт холбоо /Бөхчүүдийн шинжилгээний хариуг МҮБХ-нд/ болон Баяр наадмыг зохион байгуулах хороонд танилцуулдаг. Улмаар МҮБХ шинжилгээний дээжээс допингийн төрлийн бодис илэрсэн дугаар /Шинжилгээний хариуг хэн нэгэн хүний нэрээр явуулдаггүй, тусгай тоогоор кодолж илгээдэг/ бүхий бөхөд ажлын арав хоногт багтаан танилцуулдаг ба тухайн бөхчүүд хариуг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд “B” сорьцыг өөрсдийн хүсэлт, өөрсдийнх нь зардлаар /Зардал 300 ам. доллар/ дахин шинжлүүлэх журамтай. Харин бөхчүүд дахин шинжилгээ хийлгэх хүсэлтээ хариу хүлээж авснаас хойш 14 хоногт багтаан Допингийн эсрэг төвд бичгээр гаргах ёстой байдаг.
Допингийн эсрэг төв нь итгэмжлэгдсэн лабораториос “В” сорьцын шинжилгээний хариу ирснээс хойш ажлын 5 хоногт багтаан, сэргээш хэрэглэсэн эсэх тухай дүгнэлт гаргаж, үүнийгээ Зохион байгуулах хороо, холбогдох спорт холбоонд хүргүүлдэг бөгөөд дээрх хоёр байгууллага дүгнэлтийг хүлээж авснаас хойш 14 хоногийн хугацаанд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаагүй бол Допингийн эсрэг төв хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгч болдог юм.
Энэ мэтчилэн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авах, түүнийг олон нийтэд мэдээлэх, бөхчүүдийн нэрсийг зарлах явц өрнөдөг ажээ.
БАЯР НААДМЫН ХУУЛЬ БА БӨХЧҮҮДЭД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
Харин хамгийн их асуудал дагуулж буй, дагуулсаар ирсэн сэдэв бол “Допинг хэрэглэсэн бөхчүүдэд хэрхэн хариуцлага тооцох тухай” юм.
Бөхчүүдээс допингийн шинжилгээ авч эхэлснээс хойшхи хугацаанд цөөнгүй хүн нэр холбогдож, тэдний заримд нь Зохион байгуулах хорооноос харилцан адилгүйгээр хариуцлага тооцож иржээ. Үүнийг олон нийт бөхчүүдэд өөрсдөд нь сөрөг үр дагавартай, тэднийг өөгшүүлсэн хэлбэр гэж үздэг бөгөөд хариуцлагын хувьд харилцан адилгүй шийдвэр гаргадаг нь Үндэсний их баяр наадмын тухай хуулиндаа тийм заалт оруулсантай холбон тайлбарлах нь илүү ойлгомжтой болно.
Тодруулбал, Үндэсний их баяр наадмын хуулинд….,
16 дугаар зүйл. Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага
- 16.1. Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараахь шийтгэлээс ногдуулна:
- 16.1.1. тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах;
- 16.1.2. Тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;
- 14.1.3.Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх:
- 16.2. Энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон салбар хороо, 16.1.3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороо тус тус ногдуулна:
- 14.3. Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хасна гэж заасан байдаг.
Гэхдээ өмнө нь допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд хүлээлгэж байсан хариуцлагаас харахад цол хураалгаж байсан тохиолдол байхгүй бөгөөд зарим бөхийн чимгийг хураасан, зарим бөхийн эрхийг 6 сар хүртэлх хугацаагаар, зарим бөхийнхийг нэг жилээр гэхчлэн харилцан адилгүй шийтгэл ногдуулж иржээ.
Өдий болтол жил бүр наадмаар допинг илэрсээр байгаа нь бөхчүүдэд хамгийн их хамаатай асуудал боловч үндэсний бөхөөр барилдаж байгаа ихэнх бөхчүүд сэргээшийн төрөлд орох эм бэлдмэлийн талаар зөвлөгөө авдаггүй, анхаарал хандуулдаггүй, хатуухан хэлэхэд допинг илэрсэн ч тоодоггүй өнгөрдөг. Тэр байтугай зориудаар хэрэглэдэг бөхчүүд улам нэмэгдсээр байгааг барилдаанаас барилдаанд шинжиж ярьдаг.
Нэгэнт бөхчүүд өөрсдөө ийм сэтгэлгээтэй, наадмаас наадамд допингтой бөх байсаар л байгаа юм чинь хуулинд байгаа хариуцлага хүлээлгэх хэлбэрийг хатуу чанга, нэг мөр болговол шударга байна. Эцсийн эцэст энэ бүхэн өөрсдийнх нь төлөө, үндэсний бөхийн нэр хүндийн төлөө.
Одоо дээрх хоёр бөхөд ямар хариуцлага тооцохыг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, шийдвэрлэнэ. Магадгүй, ихэнх хүмүүс энэ шийдвэрийг “Үзэмжийн” асуудал гэж харж байж болох. Хоёр жил хүртэлх гэж оруулсан хуулийн заалт, цолыг нь хураалгүй, толгойг нь илээд өнгөрдөг шийдвэрүүд ийм маргаан дэгдээхээс ч аргагүй биз ээ.
ДОПИНГИЙН ТҮҮХ
Эх сурвалж: www.antidoping.mn
Допинг гэдэг нь Дач хэлний доп буюу нэгэн төрлийн согтууруулах ундааг нэрлэдэг үгнээс гаралтай гэж үздэг. Энэхүү ундааг усан үзэмнээс нэрж гаргадаг ба эртний Зүлу овгийн дайчид тулааны өмнө хүч оруулах зорилгоор хэрэглэдэг байжээ. Уг нэр томъёо нь уламжлагдан явсаар 20 дугаар зуунтай золгож хууль бус эм, спортод тамирчид хэрэглэхийг хориглодог эмийн бодисын нэр болсон байна.
Эртний Грекийн тамирчид хүч чадлаа сэргээх, эрчимжүүлэх, ядралтаа багасгахын тулд тусгай хоол хэрэглэх ёстой гэдгийг мэддэг байжээ. Стрихинин, кафейн, кокайн болон спиртийг тэртээ 19 дүгээр зуунд дугуйчид, марафон гүйгчид зэрэг холын зайн уралдааны тамирчид хэрэглэдэг байсан нь нотлогджээ. 1904 оны Сент Льюсийн зуны олимпийн наадамд марафон гүйгч Томас Хикс гэгч уралдааныхаа үеэр түүхий өндөг, архи ууж, стрихинин хэмээх бодисыг тариулсныхаа ачаар олимпийн аварга болсон нь допингийн төрлийн бодис хэрэглэсэн анхны тохиолдлуудын нэг болсон байна. 1920 он гэхэд спортын уралдаан тэмцээнд эмийн бодисын тусламжаар оролцох явдал бараг л хэвийн үзэгдэл болжээ.
1928 онд Олон улсын хөнгөн атлетикийн холбоо сэргээх буюу хүч оруулагч эмийн бодис хэрэглэсэн тамирчинг шийтгэсэн анхны холбоо болон дэлхийн допингийн эсрэг түүхнээ бичигджээ. Үүүнээс хойш олон спортын олон улсын холбоод энэ жишгийн дагасан боловч тухайн үед тусгайлсан шинжилгээ авдагггүй байсан тул допинг толгойны өвчин болсон хэвээр байсан юм. 1930 аад оны үед гормоныг нийлэгжүүлэн зохиомлоор гарган авч хэрэглэж байсан бөгөөд 1950 иад оноос спорт дахь допингийн хэрэглээ улам ихэсчээ. Харин 1960 оны Ромын олимпийн наадамд оролцсон Данийн дугуйчин Кнуд Энемаркын уралдааны замд амь эрсэдсэн шалтгаан нь амфетамин хэмээх бодис байсан нь тогтоогдсон байна. Энэ үйл явдал олон улсын спортын холбоодыг тэмцээний үеэр допингийн шинжилгээ авдаг болгох нэг ёсны шахалт болсон юм.
1966 онд олон улсын дугуйн спортын холбоо, олон улсын хөлбөмбөгийн холбоо дэлхийн түүхэнд анх удаа өөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд албан ёсоор допингийн шинжилгээ авч эхэлсэн бол 2 жилийн дараа буюу 1968 онд ОУОХ зуны болон Греноблийн өвлийн олимпийн наадамд анх удаа шинжилгээ авчээ. Эдгээр байгууллагууд албан ёсоор шинжилгээ авч эхлэхээс өмнө допингоос шалтгаалан дахин нэг эмэгнэлт явдал тохиолдсон нь дэлхийд алдартай “Тур де Франс” дугуйн уралдааны үеэр Том Симпсон хэмээх тамирчин хорвоог орхисон явдал байлаа.
Энэ үйл явдал допингийн эсрэг үйл ажиллагааг цогцоор нь гүйцэтгэх үүрэг бүхий олон улсын бие даасан хараат бус байгууллага байгуулж, үйл ажиллагааг нь стандартчлах шаардлагатай байгааг харуулж, Олон Улсын Олимпийн Хороо 1999 оны 2 дугаар сард Спорт дахь допингийн эсрэг дэлхийн анхдугаар их хурлыг зарлан хуралдуулсан бөгөөд энэ хурлаас Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг хэмээх байгууллага байгуулах шийдвэр гаргаснаар мөн оныхоо 11 дүгээр сарын 10-ны өдөр албан ёсоор байгуулагдаж байжээ.
Спорт дахь допингийн эсрэг тэмцэлд дэлхийн улс орнуудын засгийн газрууд онцгой анхаарал тавих болсон бөгөөд 2003 онд Дани улсын Копенхаген хотноо хуралдсан дэлхийн улсуудын засгийн газрын төлөөлөгчдийн хурлаас Спорт дахь допингийн Эсрэг Копенхагены тунхаглал батлагдсан бол Нэгдсэн Үндэстний байгууллага ч энэ асуудалд санаа тавьж ЮНЕСКО 2005 онд Спорт дахь Допингийн Эсрэг конвенцийг баталсан юм.