Монголын үндэсний бөхийн холбоо гэж арав гаруй жил хэрүүлээс салахаа больсон нэг газар байх. Үндэсний бөхийн холбооны удирдлагуудтайгаа аварга, арслангуудаас эхлээд таарч тохирдоггүй бөхчүүд цөөнгүй.
Одоогийн удирдлагаа буулгаж, өөрсдөө эсвэл шинэ хүмүүсийг холбооныхоо удирдлагад гаргах хүсэлтэй бөхчүүд цөөнгүй бий. Тиймээс л бөхийн хэрүүл ийн удаан удаан үргэлжилж байгаа хэрэг биз. Тэдний хэрүүл энэ удаа дахин сэдэрч эхэллээ.
Үүнийг Монгол үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж ТВ-ээр ярилцлага өгөхдөө бөхчүүд допинг хэрэглэсэн эсэх болон Б.Мөнхбаатар арслантай муудалцсан 70 саяын тухай болон “эсэргүү” бөхчүүдийн тухай ярьснаас харж болох юм. Р.Нямдорж тэргүүнийхээр одоо амьд байгаа улсын цолтой 200 гаруй бөхийн найм нь л увайгүй гэнэ.
Гэхдээ тэрээр энэ удаа нэрлэхээс татгалзсан. Түүний нэрлээд буй увайгүй хүмүүс нь дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат, улсын аварга Д.Сумьяабазар, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд П.Сүхбат, Б.Гантогтох, улсын заан Ж.Ганболд, улсын начин Дуламсүрэн нар болох нь тодорхой.
Р.Нямдорж өөрийн увайгүй гэж нэрлэсэн эдгээр хүмүүст хэзээ ч ажлаа өгөхгүй гэдгээ ч мөн хэлсэн. Жишээлэхэд Дархан аварга А.Сүхбатад хэзээ ч ажлаа өгөхгүй гэнэ. Учир нь түүнд Үндэсний бөхийн холбоог аваад явах ур чадвараас гадна мэдлэг, боловсрол байхгүй гэж үздэг аж. А.Сүхбат аваргыг Үндэсний бөхийг хөгжүүлэх нэг ч ажил хийж байгаагүй гэж тэр бас хэлсэн.
Одоо Р.Нямдоржийн үгэнд хариуг нь өгөх байх. Ингэснээр Монголын үндэсний бөхийн талбар дахиад л бөөн хэрүүл маргааны дэвжээ болон хувирах нь ойлгомжтой боллоо.
Т.САМБАА
Эх сурвалж: www.gereg.mn