Танхим дүүрэн үзэгчдийн алга ташилт нижигнэсээр… Prime Pictures болон “Амжилтаа ахиулъя” ТББ-ын залуусын бүтээсэн “Давхар цохилт” адал явдалт, инээдмийн уран сайхны киноны үзэгчдийн сэтгэл өндөр байгаа нь үүнээс ажиглагдана. Тус кино үнэхээр боломжийн сайхан бүтээл болжээ.
Киног бүтээгчид нэгэн удаа “Цагаан инээдмийн кино” гэж өөрсдийн хийсэн бүтээлээ тайлбарлаж байсан ч олон талын ухаарал өгөх, нийгэмд сайн сайхныг уриалан дуудах өгөгдөл их байсныг дурдах нь зүйтэй. Найруулагчаар залуу жүжигчин Г.Анхбаяр ажиллаж зохиолыг Д.Батбаяр, Г.Анхбаяр нар хамтран бичжээ. Мөн тус кинонд топ модель Э.Одгэрэл, Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, гвьяат тамирчин Н.Төгсцогт зэрэг олон алдартнуудыг тоглуулсан бол МУГЖ Л.Баттулга/Аглуу/, залуу жүжигчин Б.Мишээл нарыг гол дүрд нь тоглуулжээ.
Амьдралд хөлөө олж амжаагүй, нэг насны хайр дурлалтайгаа учраагүй олон залуусын хааяа ч болов мөрөөддөг мөрөөдлийг тэд кино болгож чадаж.
Хэн нэгэн баян хүнтэй амьдралаа солих, гэнэтхэн баяжих зэрэг бол хүн бүрийн л мөрөөддөг “хэзээ ч биелэшгүй” зүйлүүдийн нэг. Харин “Давхар цохиолт” кинонд энэ бүхэн биелэх болно. Алтайхүү хэмээх үнэхээр бүтэлгүй, нэг ажилдаа удаан тогтдоггүй, охид хүүхнүүдтэй эвтэйхэн хэдэн үг сольж чаддаггүй залуу нэг л өдөр хамгийн сүүлчийн бүтэлгүйтлээрээ олон саяны хөрөнгөтэй нэгэнтэй солигдоно. Мэдээж солигдож буй хэсгийн холболт, тавигдалууд сайн болсон байна лээ. Ажил мэргэжилдээ амжилттай яваа ганц бие сэтгүүлч бүсгүй Ундрам өөрийн бичсэн нийтлэлээ ном болгон гаргах боломж олдож, баян залуугийн эрэлд гарна. Энэ эрлийнхээ явцад хэдхэн хоногийн өмнө машинаараа дайрсан залуутай буюу саяхан баяжсан Алтайхүүтэй учирна.
Харин жүжигчин Аглуугийн бүтээсэн Зандан хэмээх дүр бол олон улс дамнасан ховор эд өлгийн зүйлсийн хулгайч байдаг. Тэрээр эмнэлэгийн орон дээр зүүдлэн сэрээд эмнэлэгээс оргодог. Ингэж явахдаа олон жилийн өмнө бие биедээ хайртай байсан бүсгүйтэйгээ таарах бөгөөд өмнөх амьдралаа санах хүртлээ тэднийд амьдрахаар болно. Ингээд солигдсон хоёр өөр өөрийн амьдралаараа амьдарч, Алтайхүү хайртай бүсгүйдээ цаг зав, хөрөнгө мөнгийг харамгүй зориулна. Мэдээж хүний мөнгө шүү дээ.
Энэ дашрамд киноны зарим нэг жүжигчидийн дүрдээ орох байдал, дуу шум зэрэг дээр алдаа дутагдал байсныг хэлэх нь зүйтэй. Гэхдээ эдгээр зүйл бол томын дэргэд жижиг асуудал. Хийж бүтээж байгаа нэгэнд л магтаал, зэмлэл ирдэг юм.
… Минут тутамд таныг инээлгэж, хэзээ ч уйдаахгүй кино бол одоохондоо “Давхар цохилт” гэдгийг ам бардам хэлмээр байна. Өө тийм, Алтайхүү, Ундрам нарын хайр хэрхэн үргэлжилж, олон улсад эрэн сурвалжлагдсан Зандан хулгайчийн хувь заяа цаашид хэрхэн өрнөхийг “Тэнгис” кино театрт өнгөрсөн сарын 19-нд нээлтээ хийсэн “Давхар цохиолт”-оос үзээрэй.
Д.БҮҮВЭЙ