Хонконгийн эсэргүүцэгчид “Бид тэмцэхээр шийдсэн”

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Хонконгийн эсэргүүцэгчид “Бид тэмцэхээр шийдсэн”

Хонконгод одоо болж буй олон нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөны гол цөм нь оюутан залуус, ардчилсан үзэл болж байна. 1997 оноос хойш тоймгүй олон эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаал цуглаан гарсан Хонконг эсэргүүцлийн хот гэж нэрлэгдэх болсон нь санамсаргүй зүйл биш аж.

 

 

Хонконгийн залуучуудын иргэний сонгох эрхийн төлөөх хөдөлгөөн Хятадын Тусгай захиргааны тус бүсэд Бээжингээс томилсон ерөнхий дарга Лян Жэньиний захиргааг ганхуулсан гэхэд болно. Бээжингийн эрх баригчид эсэргүүцлийн хөдөлгөөнийг нулимс асгаруулагчтай цагдаа нарыг оруулаад барын зулзагануудыг бага дээр нь дарж авна гэдэгтээ итгэлтэй байв. Гэвч тэдний буруу байсан бололтой. Лян Жэньиний захиргаа оюутнуудыг суулт зарлахаас өмнө баривчилгаа явуулж, хөдөлгөөнд голлох үүрэгтэй оюутнуудыг барьж хорьсон юм. Гэвч гар хоосон, тайван жагсагчдын эсрэг айлгах тактик бүтсэнгүйгээр барахгүй энгийн иргэд ч нэгдэж, дэлхий дахинд түгэхэд хүргэсэн. Шүхэр дор нэгдсэн тэдгээр оюутан залуусын эсэргүүцлийн хөдөлгөөнд огт ажраагүй орон бол Хятад. Энэ хооронд Хятадын засгийн газар нь хяналт дор байдаг мэдээллийн хэрэгслүүд, суртал ухуулгын байгууллагууд зүгээр суусангүй, эсэргүүцлийн хөдөлгөөнийг хууль бус гэж харагдуулахыг хичээж байгаа билээ. Харин Хонконгийн эсэргүүцэгчид есдүгээр сарын 22-ноос хойш иргэний сонгох, сонгогдох эрхийн төлөө түүхэн алхам хийж, санхүүгийн гол дүүргийг эзлэн авч, цагдаа нарын нулимс асгаруулагч, бороохойн дор суултаа үргэлжлүүлсэн хэвээр байна. Хятадын Тусгай захиргааны бүсийн эрх баригчид эсэргүүцэгчдэд гэр гэртээ харьж, “тэнэг бодлоо” орхих эцсийн хугацааг аравдугаар сарын 6 гэсэн боловч тэдгээр 100,000 эсэргүүцэгчийн хэн нь ч зорилгодоо хүрэхээс нааш гэртээ харихыг хүсэхгүй. Эрх баригчид тэдэнд дуртай, дургүй байхаас үл хамааран Хонконгийн залуу үе өөрчлөлтийн төлөө тууштай зогсоно гэдгээ мэдэгджээ. Жагсагчдын нэг сургуулийн сурагч, 17 настай Женнифер Лонг “Би тэмцэхээр шийдсэн” гэж байна. Хонконгийн нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг 1989 оноос хойш Хятадын Коммунист намд тохиолдсон хамгийн том сорилт гэж болно. 25 жилийн өмнө Бээжингийн Тянь Ань Миний талбайд эсэргүүцэн жагссан олон мянган оюутнууд шиг оюутан залуус Шүхрийн хувьсгалыг хийж байгаа билээ.

 

 

Хонконгийн эрх баригчид болон жагсагчид зөвшилцөлд хүрэх эсэх нь тодорхойгүй ч Бээжингийн зүгээс болон Хонконгийн эрх баригчид, их сургуулийн захирлууд, олонд нэр хүндтэй эрхмүүд жагсагчдыг эсэргүүцлээ зогсоохыг янз  бүрээр уриалж байгаа аж. Ялангуяа Хонконгийн шашны лидерүүд өөрчлөлтийн төлөөх жагсаалыг зогсоохыг ятгаж байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байна. Хонконгийн кардинал ардчилсан хөдөлгөөний лидерүүдийн нэг гэгдэж байсан Жозеф Зен жагсагчдыг тарж, гэр гэртээ харихыг ятгасан нь эсэргүүцэгчдийн дургүйцлийг хүргэхээс хэтрээгүй юм.

 

Хонконгийн Шүхрийн хувьсгалчдын сүлд дуу нь тэндхийн “Beyond” нэртэй рок хамтлагийн дуулсан "Хөлгүй цэнхэр далай, захгүй хөх тэнгэр" нэртэй дуу гэнэ.

 

Н.ЭНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж