Цэргийн дэлхийн аваргад амжилттай оролцлоо

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Цэргийн дэлхийн аваргад амжилттай оролцлоо

Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Ж.Бадамбазартай ярилцлаа.

-СИЗМ буюу Дэлхийн цэргийн спортын холбооноос зохион байгуулдаг цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай цэргийн тамирчид анх хэдэн оноос медаль авч байсан бэ?

-Дэлхийн цэргийн спортын холбоо буюу СИЗМ-д манай Зэвсэгт хүчний Спортын байгууллага 1992 онд гишүүнээр элссэн юм. Тус холбооноос зохион байгуулдаг цэргийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөх, жу-до, буудлага боксын тэмцээнд манай цэргийн тамирчид 1990-ээд оны дунд үеэс оролцож эхэлсэн. Тухайлбал, чөлөөт бөх бол 1995 онд Италид явагдсан цэргийн дэлхийн аваргын тэмцээнээс дархан аварга Г.Өсөхбаяр мөнгөн медаль, 1999 онд ОХУ-д явагдсан жу-до бөхийн цэргийн дэлхийн аваргын тэмцээнээс олон улсын хэмжээний мастер П.Нямлхагва алтан медаль, 2012 онд БНХАУ-д явагдсан цэргийн дэлхийн аваргын тэмцээнээс эмэгтэй мэргэн буучид гар бууны хурдан буудлагын төрөлд багаараа алтан медаль, 2014 оны цэргийн дэлхийн аваргын боксын тэмцээнээс гавьяат тамирчин Н.Төгсцогт хүрэл, олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг алтан медаль хүртсэн. Манай цэргийн тамирчдын амжилт жилээс жилд ахиж байгаа.

-2014 оны цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд чөлөөт бөхчүүд ямар амжилт үзүүлсэн бэ?

-Тийм ээ. АНУ-д зохиогдсон дэлхийн цэргийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй бүрэн багаараа оролцож Г.Мандахнаран, Н.Лхамрагчаа, С.Цэрэнчимэд, О.Үйтүмэн нар алтан медаль хүртэж, мөн 3 мөнгө, 1 хүрэл медаль авч Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны эрэгтэй баг 1, эмэгтэй баг 2 дугаар байр эзэлсэн. Цэргийн дэлхийн аваргуудыг эх орондоо ирэхэд Олон улсын Чингис хаан нисэх онгоцны буудалд Цэргийн үлээвэр хөгжим цангинаж угтсан.

-Н.Энхбаярыг ирэхэд Үлээвэр хөгжим эгшиглэсэн гэх яриа байна?

-Манай тамирчдын ирсэн онгоцоор давхцаж БНСУ-аас ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ирсэн юм билээ. Зэвсэгт хүчин тамирчидаа гадаадын уралдаан тэмцээнд амжилттай оролцоод ирэхэд Үлээвэр хөгжим эгшиглүүлж угтдаг уламжлалтай. Тамирчид, угтагчид бүгд цэргийн хувцастай байсан шүү дээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг тэр онгоцоор ирснийг цэргийнхэн, угтагчид ер мэдээгүй шүү дээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж