&#34Засгийн газар иргэдийн халаас руу гараа дүрэх гээд байна &#34

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

&#34Засгийн газар иргэдийн халаас руу гараа дүрэх гээд байна &#34

 МАН-ынхан Засгийн газраас өргөн барьсан 2015 оны Төсвийн тухай хуулийн төсөлд сэтгэл дундуур байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцлаа.

-Танай намынхан өнгөрсөн долоо хоногт 2015 оны Төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газар шинэ бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллах болсонтой холбогдуулан эргүүлэн татан авч сайжруулахыг Засгийн газрын тэргүүнээс шаардсан. Тэд татаж аваад өөрчилсөн. Одоо юу нь бас болохгүй байна вэ?

-Бидний шаардлагыг хүлээж авсан нь үнэн.  Засгийн газар ч өөрөө төслөө татан авлаа гэж мэдэгдсэн. Хамгийн гол нь Засгийн газар хэлснээ хэрэгжүүлэх нь бүү хэл өргөн барьсан төслийнхөө ганц хоёр хуудсыг сольж өөрчлөх тухай ярьж байгаад харамсч байна.

Хэрэв ирэх оны төсвийн төслийг эргүүлэн татаж авахгүйгээр ганц хоёр хуудас сольсон байдлаар өөрчилбөл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нар хууль зөрчсөн асуудал үүснэ. Яагаад эсэргүүцэв гэхээр ийм учиртай.  Засгийн газрын өргөн барьсан ирэх оны төсвийн хуулийн төсөл нь ард түмний нуруун дээр ачаа нэмсэн, “тонуулч” төсөв болсон учраас төсөлд засвар оруулж, дахин өргөн барихыг эрх баригчдаас шаардаж байна. Ер нь эдийн засгийн хямралтай үед аль болох ард иргэдийнхээ бодит орлогыг дэмжсэн төсөв оруулж ирэх ёстой. Гэтэл Засгийн газар гаднаас авсан “Чингис”, “Самурай” бондын зээлээ төлөхийн тулд татвар нэмэх замаар ард олныхоо халаас руу гар дүрж болохгүй. Өнөөдөр эрх баригчдын үгэнд цадвал цадахаар боллоо. Харамсалтай нь цаддаггүй юм байна. Сэтгэл, нүд, чихээр минь бага тоглооч ээ. Гэдэс, толгой маань хоосорч дууслаа шүү дээ.  Ерөнхий сайд нь худалч, одоо бүр танхимын сайд нь хүртэл улаан цайм иргэдээ хуурсан мэдэгдэл хийж байгааг ойлгохгүй байна.

-Татвар нэмэгдүүлэхээр оруулсан гээд байгаа. Үүнийг тодруулахгүй юу?

-Ирэх оны төсвийн төсөлд дөрвөн төрлийн татварыг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн нь гишүүдэд тараасан төсвийн төслийн багц номонд тодорхой бий.  Ард түмний амьдрал хүнд, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нэрвэгдсэн, ажилгүй иргэдийн тоо өссөн үед энэ байдлыг засах уу, үгүй юу гэдгийг шийддэг зүйл бол төсөв. Энэ хоёр бодлогын бичиг баримт сарын дотор УИХ-аар батлагдах ёстой. Гэтэл хуулийн төсөлд эдийн засгийн хүндрэлт байдлыг даван туулах арга хэмжээг тусгаагүй. Зөвхөн монголчуудын өрийг нэмэгдүүлэх, иргэдээс дөрвөн төрлийн татвар нэмж авах санал оруулж ирсэн. Эдийн засаг хямралтай, ард түмний амьдрал хүнд үед татвар нэмэгдүүлнэ гэсэн бодлого гаргадаг эрх баригч дэлхийн аль ч улсад байхгүй. Татвар төлнө гэдэг бол ард түмэн, аж ахуйн нэгжүүдийн халааснаас авна л гэсэн үг. Ард түмэн ирэх оны төсөв бидний амьдралд яаж наалдах вэ, аж ахуйн нэгжүүд бидэнд ямар ахиц дэвшил авчрах вэ гэж хүлээж суугаа. Гэтэл ард түмний нуруун дээрх татварыг хоёр дахин нэмнэ гэсэн бодлогын баримт бичиг оруулж ирж байгаа учраас МАН-ын бүлэг энэ төсвийн хуулийн төслийг эсэргүүцэж байна.

-Гэхдээ татвар нэмэгдүүлэх асуудалд намын бүлгүүд өөр, өөр байр суурьтай байна. АН-ынхан бол татвар нэмэхгүй гэж хэлж байна. Ойлголтын зөрүү байгаа юм биш үү?

-Ийм учиртай. Ирэх онд дөрвөн төрлийн татварыг нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна. Тодруулбал, газар, орон сууц, тээврийн хэрэгслийн татварыг хоёр дахин, малын хөлийн татварыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж, хотод амьдардаг иргэнээс татвар шинээр авахаар оруулж ирсэн. Нэгдүгээрт, малчин өрх, мал бүхий этгээдийн албан татвар. Малын хөлийн тоогоор хонин толгойд шилжүүлэн татварыг 0-1000 төгрөгийн хязгаарт багтаан  аймаг, нийслэлийн ИТХ-аас тогтоохоор төсөлд тусгажээ. Нэг хонинд 500 төгрөгөөр тооцоход гурван ам бүлтэй, 250 хоньтой айл жилд 95000 төгрөгийн татвар төлж таарах нь. Хоёрдугаарт, үл хөдлөх хөрөнгийн татварын дээд хязгаарыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тооцжээ. Өмнө нь 0.6- 1.0 хувьтай татвар байсныг 0.6-2.0 хувь хуулийн төслөөр болгож байгаа. Жишээлбэл, хотод 80 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй хүн жилд 800 мянган төгрөгийн татвар төлж байсан бол 1.6 сая төгрөг төлнө.

-Үлдсэн нь ямар татвар билээ?

-Тээврийн хэрэгслийн татварыг Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн төвүүдэд ногдуулж, татварын дээд хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр төслийг боловсруулчихаж. Жишээлбэл, манай ард иргэдийн нийтлэг унадаг “Pruis” суудлын автомашины татвар 36 мянгаас 72 мянган төгрөг болж нэмэгдэхээр байна. Үлдсэн нь нийслэлийн татвар.  Татварын хувь хэмжээг НИТХ шийдвэрлэнэ гэж тооцсон байна. Засгийн газар өр зээлийн хэмжээгээ нэмж тансагласаар байгаад одоо өрөө төлж чадахгүйд хүрэхээрээ эргээд ард түмнээс авдаг татвараа нэмэгдүүлэхээр зэхэж байна. Тиймээс энэхүү мэдээллийг үнэн зөв, бодитоор нь ард иргэдэд дамжуулж өгөхийг хүсч байна.

-Тэгвэл төслөө дахин эргүүлэн татахыг шаардах хэрэг үү?

-Тэгнэ. Ирэх оны төсвийн төслийг эргүүлэн татаж, хуульд нийцүүлэн дахин өргөн барих шаардлагыг МАН-ын бүлгээс Ерөнхий сайдад хүргүүлсэн байгаа.

 


Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж