-Та баялаг намтартай уурхайчдын нэг. Ажил хөдөлмөрийн гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?
-Оюутан болоод л ажлын гараа эхэлсэн дээ. Би 1965 онд хуучнаар ЗХУ-д Ленинградын Уул уурхайн дээд сургууль төгссөн юм. Монголын уул уурхайн инженерүүдийн нэлээд түрүү үеийн төгсөгч. Бидний өмнө арваад хүн бий. Манай сургууль оюутнуудаа дадлага их хийлгэнэ. Үйлдвэр дээр ажиллуулна. Бүр ажлын байранд цалин өгч ажиллуулдаг байлаа. Уурхайчин болж чадах уу, үгүй юү гэдгийг хүрз бариулж байж шалгана. Нэгдүгээр курсээ төгсөөд 1961 оны тавдугаар сард Эстоны Сланцын уурхайд газрын гүнд чулуу малтагч, хүрзчин гэсэн орон тоон дээр зургаан сар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр нээчихнэ. Зургаан сар ажиллаад дадлагын хугацаа дуусч, сургуульдаа явсан тул “чөлөөллөө” гэж бичсэн тэр дэвтэр одоо ч надад бий. Энэ хугацаанд уурхайн ажил амьдрал, ажлын байр, уурхайчдын зан төрх гээд бүгдийг мэдээд авна шүү дээ. Сургууль төгсөхөөсөө өмнө би таван жил дараалан уурхайд ажилласан. Нэгдүгээр курс төгсөөд хар ажилчин хийнэ. 2 дугаар курсээс хойш бол уурхайн захиалгаар очиж мэргэжлийн ажлаа хийсэн. Хэсгийн маркшейдер гэж орон тоон дээр ажилладаг байлаа.
Орос орон их том, хүнд уурхайнуудтай шүү дээ. Өнгөт болон ховор металын газрын гүний уурхайд ч ажиллаж үзсэн. Донбассын нүүрсний далд уурхай, Хойд Осетид Садоны хар тугалгын 1500 метрийн гүний далд уурхайд ажиллаж байлаа. Сибирт алтны уурхайн драган дээр ч ажиллаж үзсэн. Уурхайн ажил хөдөлмөр, амт шимтийг ингэж л оюутан байхаасаа мэдэрсэн. Мэргэжил маань үндсэндээ далд уурхайд чиглэсэн ажил болохоор далд уурхайгаас л ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.
Сургуулиа төгсөөд Бүрэнцогтын уурхай руу томилогдов. 1965 оны арванхоёрдугаар сарын 25-нд уурхайчдын баяраар шуудангийн ил машин дээр суугаад л гарч өгсөн. Тэр үед стратегийн түүхий эд гаргадаг чухал уурхай байлаа. Гянт болд, вольфрам гээд маш чухал ховор метал гаргана. Сансрын техник ч ид хөгжиж байсан үе. Вольфрамыг хиймэл дагуулын бүрхүүл, хатуу хальсанд хэрэглэнэ. Түүгээр бүрхчихээр 3000 градусын үрэлтэд шатдаггүй.
Бүрэнцогтын уурхай Намын Төв хороо, Засгийн газрын өдөр тутмын хатуу хяналтад байдаг. Бүтээгдэхүүнийг ЗХУ авна. Тэр үед экспортод гардаг уул уурхайн бүтээгдэхүүн вольфрамаас өөр байгаагүй. Тийм нөхцөлтэй уурхайд гурван жил ерөнхий маркшейдэрээр ажилласан.
-Энд ажиллаж байхдаа осолд орж, далд уурхайд ажиллах эрхгүй болсон гэл үү?
-Тийм ээ. Осолд ороод ганцаараа 12 цаг газрын гүнд нурангид дарагдсан юм. Зайгаар ажилладаг гэрэл маань 8 цаг болоод унтарна. Байнга асаагаад байж болохгүй. Уурхайчид агаар дутахаар амьсгаа авах зориулалтын жижиг хайрцаг зүүж явдаг. Нөөц нь бас л арваад цагийн дараа дуусах учраас хэмнэх хэрэгтэй. Бүрэнцогтын уурхай 220 метрийн гүнтэй. Монголын хамгийн гүн уурхай. Аваарыг устгах, сэргээх гэж маш нарийн үйл ажиллагаа явагддаг юм. Намайг аврахын тулд аврагчид дороос ирэх ёстой. Аврах баг ахиад нурангид дарагдах нөхцөлд орчих гээд байдаг. Маш хүнд нөхцөлд аврах ажиллагаа явагдаж, нөхөд маань гаргаж авсан.
Тахир дутуугийн группт орж, Сүхбаатар аймгийн үйлдвэрчний зөвлөлөөс гурван сар группын цалин авлаа. Тэгээд далд уурхайд ажиллах томилолт дууссан даа. Ил уурхай руу явсан. Шарын голын нүүрсний уурхайд ерөнхий маркшейдэрээр томилогдлоо. Шинэхэн ашиглалтад ороод байсан үе. Тэнд суга, гар хоёр таягтай очиж байлаа. Сарын дотор суга таягаа хаяж, хоёр сарын дараа гар таягаа хаясан. Ерөнхий маркшейдэрээр дөрвөн жил, ерөнхий инженерээр таван жил ажилласан даа. Тэгээд Багануурын уурхайд ажиллаад, дараа нь яаманд очсон юм.
-Осол юунаас болж гарсан юм бэ?
-Инженерүүд долоо хоногоор уурхайн ээлжийг дааж, газар доорх үйлдвэрлэлийн бүх ажлыг удирдан, хүдэр олборлолт, гаргалтын төлөвлөгөө биелүүлдэг даалгавартай. Манайх 5-6 инженертэй. Бүгдээрээ нэг сургуулийнх. Гар нийлэн сайхан ч ажиллаж байв. Ээлжийнхээ долоо хоногийн өглөө бүр би түрүүлж уурхайн ам руу орно. Аюулгүй байдлыг шалгана, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг яаж явуулах, хаана өрөмдөх, нураах, тэслэх, тэсэлгээг яаж хийх вэ гээд бүгдийг газар доор үзэж төлөвлөнө. Гарч ирээд ажилчдадаа нарийн зааварчилгаа өгнө. Түрүүлж ороход маань нурлын ирмэг дээрээс дутуу тэслээд буугаагүй хүдэр ороод ирэхгүй юү. Үйлдвэрлэл дээр байдаг л осол доо. Гэхдээ азтай тохиолдлоор амиа алдаагүй.
-Та Багануурын уурхайн анхны дарга байх аа?
-1978 онд анхны гадас хатгахад нь л очсон. Их уурхайн анхны даргаар томилогдож, 12 жил ажилласан. Эхний бие засах газраас эхлээд орон сууцны эцсийн барилга хүртэлх бүх объектыг манай уурхай хүлээж авсан. Хүлээж авах Монголын талын Ажлын хэсгийн дарга би. Багануурын уурхай том уурхай шүү дээ. Энд уурхайг дагуулан иж бүрэн хот байгуулсан. Тэр үед уурхайд техникийн зураг төслийг иж бүрнээр хийдэг байсан. Хүн оршин суух, амьдрах бүх орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлага тавигдана. Уурхайн хөрс хуулахтай зэрэгцээд орон сууцны барилга ашиглалтад орж, уурхайчдадаа хуваарилах жишээний. 8000 гаруй хүн 3-4 жил ажиллаж байж Багануурын уурхайн иж бүрэн цогцолборыг босгосон.
-Оюутолгой, Тавантолгой гээд дэлхийд данстай томоохон ордуудын ашиглалтын ажил эхлэх гэж байна. Энэ гарааг хэрхэн эхлэх ёстой вэ? Энд Эрдэнэт, Багануур шиг хот байгуулагдах ёстой юу?
-Монголд уурхай түшиглүүлж бий болгосон ажлын байр, хүн ам оршин суух нийгэм ахуйн бүх нөхцөлийг бүрдүүлсэн газар хоёр л бий. Тэр нь Эрдэнэт, Багануур. Бор-Өндөр, Хөтөл гээд жижиг хот тосгод байгаа ч энэ хоёрыг гүйцэхгүй. Уурхай гэдэг үндсэн бүтээгдэхүүнээ дагалдуулж, иж бүрнээр барьж байгуулсан хотууд. Хоёулаа гадны зээл тусламжаар баригдсан. Тэр хаагдсан Их өр дотор байгаа. Багануурыг 264 сая шилжих рублийн зээлээр барьсан. Миний хувьд уурхай барихдаа энэ л жишгээр хүн амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэж боддог. “Оюутолгой” гэхэд одоо ажилчдаа онгоцоор зөөж ажиллуулж байна. Нэг бол дэргэдэх сумынхаа хэдэн хүүхдийг цэвэрлэгч, үйлчлэгчээр аваад ажлын байраар хангаж байна гэдэг. Би “Оюутолгой”-д УИХ-ын нэрийн өмнөөс аудит хийж байсан учраас сайн мэднэ. 30-40 жилийн дараа ашигт малтмал нь гадагшаа гараад явна. Үлдэх зүйл гэвэл Ханбогд сум жаахан тэлэх байх. Ганц нэг байшин барилга барина биз. Эрдэнэт, Багануур шиг зүйл үлдэхгүй нь хамгийн харамсалтай. Үүнийг л бодлогын чанартай харж үзмээр байгаа юм.
Нэн тэргүүнд ажилчдын хотхон барих хэрэгтэй. Социализмын үеийнх шиг иж бүрнээр биш юм гэхэд сургууль, цэцэрлэгээ барих ёстой. Сургууль цэцэрлэг бол хүн ам суурьших эх үүсвэр. Хүний амьдрал чинь гэр бүл шүү дээ. Хүүхэд сургууль, цэцэрлэгт сурах ёстой. Хоол хүнсний үйлчилгээ аяндаа зах зээлээ дагаад бий болчихно. Орон сууцны хувьд зах зээлийн нөхцөлд ороод өөрчлөгдөж. Дээр үед орон сууц барьж өгч, хангадаг байлаа. Ажилчдын бүрэлдэхүүн бий болчихоор хувийн хэвшлийнхэн очоод барилга орон сууц бариад зардаг юм уу, зээлээр өгдөг систем нь бий болчихжээ. Хүн амьдруулахын тулд нийгэм ахуй хангамжийн барилга байгууламж, усан хангамжийн системтэй нь бүрдүүлээд өгчихвөл болоод явчихна шүү дээ. Хүн шаваад л эхэлнэ.
-Яагаад Тавантолгойд хүн шаваад байгаа мөртлөө Оюутолгойд тийм биш байна вэ?
-Үүнд дүгнэлт хийх хэрэгтэй. Ард түмэн Оюутолгой Монголын ард түмний өмч биш гэдгийг мэдэж байна. Хэрвээ найдлага байсан бол цуглана шүү дээ. Тавантолгойн хувьд Монголын хөрөнгө гэж мэдэж байгаа учраас хүн амьдрах нөхцөл бүрдэх байх гэж найдсандаа цуглаж байгаа юм. Ард иргэдийнхээ тэр найдлагыг Тавантолгойнхон хөсөрдүүлэхгүй байх хэрэгтэй. “Тавантолгой” ХК өнгөрсөн жил 5 сая тонн нүүрс олборлочихлоо. Гэтэл уурхайн тосгон болоод нийгэмдээ юү ч хийсэнгүй. Би Д.Бат-Эрдэнийг шүүмжилмээр санагддаг юм. Багануурын уурхайнхтай тэнцэх хэмжээний нүүрс гаргачихлаа. Улсад татвараа өгч л байгаа байх. Гэхдээ хүн чанартай байх хэрэгтэй. Тэр их баялгийг ашиглаж байж яагаад 640 хүүхдийн сургууль барина гээд дайрч болдоггүй юм.
Харин “Энержи ресурс” арай цараатай, алсыг харж байх шиг байна уу даа. Нийгэм ахуйн ажил хийх талаар яриад байх шиг байна. Одоо “Эрдэнэс Тавантолгой” л үүнд үлгэр жишээ үзүүлэх ёстой.
Уурхай байгуулж, ажиллуулахдаа олон хүний ажил амьдралыг зохицуулж шийдэх нь нийгмийн том асуудал. Компаниудын нийгмийн өмнөх хариуцлага гэж ярьж байгааг үүнтэй холбох хэрэгтэй. Компаниуд мөнгө олоод түүнийгээ гадны банкинд гуйвуулаад байх юм бол ямар ч утга алга. Монгол улс хөгжихгүй. Тэгэхээр уурхайнууд дээр асар том бодлого явах ёстой. Хүн амын шилжин суурьшилт, бөөгнөрөл, хот үүсэх процесстой уялдуулж, зоригтой хийх хэрэгтэй. Нэгэнт суурьшлын бүс үүссэн бол тэнд амьдрал зогсоно гэж байхгүй. Хүн амьдрахын төлөө явдаг учраас амьдралын эх үүсвэрээ заавал олдог.
Хэдэн гэр барьж, сайхан хоол үнэгүй идүүлээд, хувцас хунарыг нь үнэгүй угааж өгөөд, ажилд нь онгоцоор зөөж байгаад хамаг баялгийг нь ухаж аваад явчихвал хэрэг алга. “Оюутолгой”-д ажиллаж байгаа сайхан залуучууд өндөр цалин авч байна. Гэхдээ 15 хоног яг л цэрэг шиг ажиллаж амьдарчихаад, жаал мөнгө өвөртөлж ирээд түүнийгээ бааранд үрээд буцаж байна. Хэрвээ тэнд гэр бүлтэйгээ амьдарч байгаа бол тэгэхгүй шүү дээ. Тэнд ажиллаж байгаа нэг залуу ямар ч байсан Монголын хоёр хүнийг тэжээж байгаа. Онгоцоор байнга нисч, нүүдлийн шувуу шиг байх юм бол мөнгө нь салхинд хийсээд л алга болно. Тэгэхээр үйлдвэрлэлийг дагуулж хүн ам заавал суурьшуулах хэрэгтэй.
-“Эрдэнэс Тавантолгой” хүн амьдрах нөхцөл бүрдүүлэх асуудлыг тооцож байгаа болов уу?
Тооцоод хийж байгаа. Гэхдээ хэцүү байна. Мөнгө босгох хэрэгтэй байдаг. Олон улсын бирж дээр хувьцаагаа зараад мөнгө босгоё гэхэд явдал их байна. Тэдний шалгуурт хүрэхийн тулд итгэдэг банкаар нь үйлчлүүлж, итгэдэг аудитаар нь хянуулах хэрэгтэй болж байна.
Тавантолгойд одоо тулгараад байгаа үндсэн том асуудал бол нэгдүгээрт, хувьцаагаа борлуулж, олон улсын зах зээлээс мөнгө босгох, хоёрдугаарт зээл олох хэрэгтэй байна. Гуравдугаарт, Засгийн газарт мөнгө байдаг бол мөнгөө гаргах хэрэгтэй байна. Ингэж тал талаас мөнгө босгож байж Тавантолгойн үйл ажиллагааг маш богино хугацаанд эхлүүлэх хэрэгтэй.
-Ордыг хоёр хувааж ашигласнаар нэг орд дээр хоёр компани байгуулаад хооронд нь өрсөлдүүлчихээр ашиггүй болно гэсэн байр суурь байдаг. Ер нь хувааж ашиглах нь ямар давуу талтай болоод ийм шийдвэрт хүрсэн юм бол?
Нэгдүгээр зорилт нь олборлолтын хэмжээг ихэсгэх байсан. Хоёрдугаарт, Тавантолгойн ордыг бүхэлд нь стратегийн хөрөнгө оруулагчид өгчихөөр Монгол улсын өөрийн эзэмшил байхгүй болчихно шүү дээ. Уурхайг хувааж ашиглах нь ердөө ч асуудал биш. Хэчнээн уурхайн амаар, хэд ч ухаж болно. Багануурын уурхайд одоо тав, зургаан ам ажиллаж байгаа шүү дээ. Техник технологийн шийдлээ гаргасан нөхцөлд ямар ч зөрчилдөх юм байхгүй. Уялдаад зохицоод явчихна. Нүүрсний талбайг хэсэгчлэн хувааж ашиглахад техник технологи болоод ордыг бүрэн гүйцэд ашиглах талаас ямар ч сөрөг нөлөөгүй. Гэхдээ уулын ажил явуулах технологийн горимыг хатуу мөрдөх ёстой. Энд л уул уурхайн инженер-маркшейдерийн мэргэжилтэн хэрэгтэй.
Зүүн Цанхид “Эрдэнэс Тавантолгой” 15 сая тонн, Баруун Цанхид стратегийн хөрөнгө оруулагч 20-25 сая тонн нүүрс олборлох болов уу. Энэ их нүүрсийг борлуулахын тулд нүүрс борлуулж чаддаг компанитай түншлэх хэрэгтэй болно. Нүүрсний экспортоор дэлхийд туршлагажсан компанитай хамтарвал сайн. Тэгэхгүй бол баахан нүүрс гаргачихаад авах эзэнгүй болчих асуудал гарна.
Тэгэхдээ геополитикийн янз бүрийн асуудал их байна. Бидний ойлгох ч юм бий, ойлгохгүй ч юм бий. Төрийн бодлого, улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал ч их байна. Хоёр хөрштэйгээ харьцах асуудал ч байна. Төмөр зам дээр гэхэд хэчнээн маргав. Хэн нэгэн нь Хятадад сайндаа ч юм уу, Орост сайндаа болоод маргаад байгаа асуудал биш. Оросоор төмөр зам бариулна гэж амласны дараа 125 сая долларын үнэтэй цоо шинэ илчит тэрэг 35-ыг оруулж ирлээ шүү дээ. Энэ бол Монголын төмөр замын түүхэнд байгаагүй зүйл. Дандаа наймаа явж байна. Үүнийг тэр нь зөв, энэ нь буруу гэж эрс зааглах үнэхээр хэцүү. Хятад руу нарийн төмөр зам тавихгүй гэвэл танай төмөр замаар чинь манайх нүүрс авахгүй гээд хүлээж авахгүй бол яах вэ. Энэ мэтийн улс орны дипломат харилцаатай холбоотой асуудлууд бий.
Асуудлыг мэдэхгүй байж шүүмжлэхийн тулд шүүмжлээд тэр нь тэгчихлээ, энэ нь ингэчихлээ гээд байх ач холбогдолтой зүйл биш. Үнэхээрийн том орд учраас их олон талын бодлого орж байх шиг байна. Цаана нь санаан зоргоор болохгүй зүйл их байгаа. Монголын ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавина гэдэг туйлын чухал. Стратегийн хөрөнгө оруулагч болон дотоодын хөрөнгө оруулагч хоёрыг хослуулах хэрэгтэй болно. Дотоодын хөрөнгө оруулагч нь оператор компаниа сонгохоор бас л гадны компани орж ирнэ. Тэр нь жаахан тиймэрхүү л байна. Уул нь монгол компанидаа өгчихсөн бол зүгээр байсан юм. Нүүрс ухаад авахыг үндэсний компаниуд чадна. Тэгэхдээ цаана нь бас л зовлон байна. Олон улсын бирж дээр хувьцаагаа гаргана гэхэд хэн олборлож байна вэ гэсэн асуудал тавигддаг. Би тэгээд хэлдэг юм. Ингээд байвал хэзээ Монгол улс гарч ирэх юм бэ гэж. Бид өөрсдөө үхтлээ зүтгэж, хатталаа ажиллаж байж л хэзээ нэгэн цагт олон улсын тавцан дээр гарч ирэх хэрэгтэй болж байна.
Үүнтэй ижил бас нэг сэтгэлд нийцдэггүй зүйл байх юм. Одоо хаана ч юм нэг уурхайд ажилд оръё гэхэд өмнө ямар үйлдвэрлэлийн дадлага хийж байсан бэ, 2-3 жил үйлдвэрлэл дээр ажилласан бол авна гэсэн шаардлага тавигддаг. Бүх байгууллага тэгж шаардвал энэ залуучууд хэзээ, хаана 2-3 жил ажиллах болж байна. Нэг нь ч гэсэн ажилд авахгүй бол хэзээ ч ажилд орохгүй. Сургууль төгссөн бол авах л хэрэгтэй шүү дээ. Бүх уурхайд ийм зүйл яригдаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ч ярих л байх.
-Тавантолгойн орд дээр “Эрдэнэс Тавантолгой”-гоос гадна “Тавантолгой” ХК, Японы “Дайцику” гээд лиценз эзэмшдэг компаниуд бий. Энд нэгдсэн уулын ажлын төлөвлөгөө гарна гэх юм. Яаж үйл ажиллагааг нь уялдуулах болж байна?
-Нэгдсэн уулын ажлын төлөвлөгөө гэж байхгүй. Тус тусад нь нөөцийг баталж, ТЭЗҮ хийгдэнэ. Тэгэхээр уулын ажлын төлөвлөгөө ч уурхай болгон дээр тусдаа гарна. “Тавантолгой” ХК, “Дайцику” хоёрын авсан талбай миний ойлгож буйгаар 7-8 жилийн дараа лицензийн хилд тулаад автоматаар зогсох ёстой. Тэднийг зогсох хүртэл наад талын Зүүн Цанхийн уурхай хилд нь хүрэхгүй, хавьтах ч үгүй. Тэнд ямар ч асуудал үүсэхгүй.
Надад ийм санал байдаг юм. “Тавантолгой” ХК-ийг орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлчихээч гэдэг юм. Хуульзүйн хувьд энд айхтар зөрчилдөөд байх юм байхгүй. Төрийн өмчийг орон нутагт ч шилжүүлээд, хувь хүнд ч өгөөд байгаа юм чинь төр өмчөө мэддэг юм бол буцаагаад яагаад шилжүүлж болохгүй гэж. Хувилбар олон байна шүү дээ. Багануурын уурхайн дулааны станцыг орон нутагт шилжүүлээд болохоо болихоор нь төр буцаагаад л авсан. 51 хувийн хувьцаа нь төрдөө ороод ард түмэнд хуваарилах 10 хувьд шингээд явахад болохгүй юмгүй.
-Хувь хүний өмчийн асуудал гарч ирнэ шүү дээ?
-49 хувийн өөрт ногдох талбай, нөөцдөө тохирсон хувьцаатай байхад асуудал байхгүй шүү дээ. Тэртээ, тэргүй Тавантолгой дээр бүх ард түмэн хувьцаа эзэмших гэж байна. Өөрсдийн хил доторх нүүрсийг авч дуусах хугацаандаа 49 хувьд ногдох хувьцаагаа аваг л дээ.
“Дайцикү”-гийн хувьд ашиглалтын талбай нь бага юм билээ. Тэгж байгаад тэр дотор өөрөө шингэх биз. Ер нь манайхан өөрсдөө их тэнэг зүйл хийсэн юм шүү. “Дайцикү”-д өгөх ёсгүй байхгүй юу. Төр эрсдэлийг үүрээд, 100 хувь өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, батлаад, нөөц нь тодорхой болчихсон ордын лицензийг өгнө гэдэг буруу шүү дээ. Төр лицензийг нь хүчингүй болгох нөхцөл бүрэн бий. “Шивээ-Овоо” дээр 600 сая тонн нүүрсний талбайг зөвхөн С.Баяр сайдын хурал дээр хэлсэн үгээр компаниас нь төр буцаагаад авчихсан шүү дээ. Гэтэл цаана нь “Шинэ Шивээ-Овоо” гээд асар их нөөцтэй газрын лицензийг бас нэг компани авчихсан байна. Бас л буруу зүйл. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд дээр лиценз өгөх нь буруу.
-Таныг ТЭХЯ-ны Орлогч сайд байхад Оросын эрдэмтнийг урьж ТЭҮЗ хийлгэсэн гэж сонссон. Тэр ТЭҮЗ-ийн талаар тодруулж яриач?
-Ленинградын Гипрошахтын хүрээлэн энэ ТЭЗҮ-ийг хийсэн юм. Ерөнхий инженер нь А.А.Белинкин гэж их чухал хүн бий. Тавантолгойн асуудал УИХ дээр яригдаад, яаж ашиглах талаар санал сонсъё гээд Белинкинийг хоёр жилийн өмнө урьж авчирсан юм. 1965 онд Шарын голын нүүрсний уурхайн техникийн зураг төсөл, 1967 онд Адуунчулууны нүүрсний уурхайн ТЭЗҮ-г хийсэн. Багануурын 1, 2, 4, 6 сая тонн нүүрс олборлох ТЭЗҮ, техникийн зураг төслийг хийсэн хүн. Багануурын техникийн зураг төсөл гэхэд нэг Зил-130 ачааны машинд ачаад багтахгүй тийм их ном, зураг байдаг юм. Дараа нь Тавантолгойн ТЭЗҮ-г хийсэн. Надад Тавантолгойн тайлан, ТЭЗҮ-ийн нэгдсэн томьёо нь байгаа. Иж бүрэн жинхэнэ ТЭЗҮ дээ. Түүнд хаяхаасаа авах зүйл их бий. 131 боть ном байгаа. Нэг боть нь гэхэд л маш зузаан. Одоо Канадын “Норвест” компаниар ТЭЗҮ хийлгэж байна. Өмнө ч хийж байсан. Тэд Оросын Гипрошахтын энэ ТЭЗҮ-ээс үндсэн юмыг нь аваад англи хэл дээр орчуулаад ТЭЗҮ гэж байгаа юм. Шинэ зүйл байх нь байгаа. Гэхдээ үндсэн юм нь тэр чигээрээ бий. Оросуудын хийсэн ТЭЗҮ ямар мундаг гэж санана. Тэр ТЭЗҮ-д баяжуулах фабрик, хот, нийгэм хангамжийн байгууллага, төмөр зам гээд бүгдийг иж бүрэн тусгасан. Мэдээж өөрчлөгдөх юм байгаа. Тэр үеийн тоног төхөөрөмж, одоогийн тоног төхөөрөмж өөр. Баяжуулдаг машин гэхэд хамгийн сүүлийн технологийг тавьж таарна. Эксковатор мөн адилхан. Тиймэрхүү өөрчлөлтүүд орж байгаа.
-Та УИХ-ын Ажлын хэсгийнхэнд Тавантолгойн талаарх бүх үзүүлэлтийг нэгтгэн тооцсон дүгнэлт бичиж өгсөн. Ордыг хэрхэн ашиглах талаар таны байр суурь ямар байгаа вэ? Тавантолгойг ашиглах суурь зарчмуудад Таны санаа оноо туссан уу?
-2009 оны дөрөвдүгээр сард би илтгэлээ бичсэн юм. “Тавантолгойн чулуун нүүрсний орд газарт ил аргаар олборлолт явуулах цар хүрээ ба боломжийн тухай” гэсэн сэдвээр бичиж, дүгнэлтээ УИХ-д өгсөн. Дүгнэлтийн хувьд “Цанхийн хэсэгт Гипрошахтын хийсэн ТЭЗҮ-ийн дагуу жилд 20 сая тонн нүүрс олборлох, түүнтэй зэрэгцээ хэсэгт ил уурхайг жилд 15 сая тонн нүүрс баяжуулах фабрикийн хамт барьж байгуулах нь нэн чухал ач холбогдолтой. Уул хэсгийн геологийн нөхцөл нь энгийн, коксжих нүүрсний хэмжээ их бөгөөд нүүрсний үнэт чанар дийлэнх хувийг эзэлж байна. Шартээг, Бортолгойг одоо ярихгүй байгаа юм. Бүрэн хайгуул хийгдээгүй хэсгүүд л дээ. Нэмж хайгуул хийх хэрэгтэй.
Гипрошахтын төсөл дээр жилд 20 сая тонн нүүрс гаргадаг уурхай байгуулъя гээд техникийн зураг төсөл хийгээд, доохно нь 15 сая тоннын уурхай байж болно гэсэн дүгнэлт гаргасан байдаг юм. Одоо энэ хоёрыг нийлүүлээд Зүүн Цанхи, Баруун Цанхи гээд байгаа юм.
Мөн өөр хэсгүүдэд 3-5 сая тоннын уурхай байж болно. Цаашдаа ийм олон уурхай байгуулагдах юм чинь уурхай дундын 45 сая тонн нүүрс олборлохоор тооцсон баяжуулах фабрик барьж болно. 45 сая тоннын 20 сая нь кокс, 25 сая нь эрчим хүчний нүүрс, завсрын бүтээгдэхүүн байна. Үүнтэй холбогдуулаад ийм хэмжээний эрчим хүч гаргах цахилгаан станц байгуулах асуудлыг авч үзэх шаардлага гарна гэсэн дүгнэлт хийсэн. Тэгэхээр эндээс хуваагдана гэдэг нэлээд дээр үед гарсан санал гэдэг нь харагдаж байгаа биз.
-Норвест ЖОРК-оор нөөцийг тогтооход нөөц нэмэгдэнэ гэх юм. Нэмэгдэх үндэслэл нь юундаа байна вэ?
-Нэмэгдэнэ. ЖОРК-ийг тэнгэрээс уначихсан юм шиг л яриад байна. Энэ 6.4 тэрбум тонн гэдэг нь 2 метрийн зузаанаас дээш зузаантай бүх нүүрсийг тооцсон тооцоо. Ил аргаар олборлоход 2 метрээс дээшхийг тооцдог юм. 2-оос доошхийг далд аргаар олборлодог. ЖОРК нь 60 см-ээс дээш зузаантайг бүгдийг тооцдог. Тэгэхээр 2 метрээс 60 см-ын хоорондох зөрүүгээр 400-500-гаад сая тонн нүүрс нэмэгдэж таарна. Гэхдээ ач холбогдол багатай. Яагаад гэвэл 2 метрээс доош зузаантай нүүрсийг ил аргаар ашиглана гэж байхгүй.
-Ашигт малтмалын тухай хууль маш их зөрчилтэй, байнга өөрчлөгддөг, тогтворгүй хууль. Одоо ч өөрчлөгдөх тухай яригдаж байна. Та энэ хуулийн талаар, бас өөрчлөлтийн талаар юү гэж боддог вэ?
-Ашигт малтмалын тухай хуульд зарчмын том өөрчлөлт орох ёстой. Монголын төр гадаад, дотоодын иргэдэд итгэл үзүүлээд хүссэн талбайд нь хайгуул хийх зөвшөөрөл өгч байна. Ингэхдээ тэр талбайд юм олбол 100 хувь чинийх гэчихсэн. Ингээд Фридланд гэж хүний аз нь шовойж, дэлхийд байхгүй орд олоод миний хөрөнгө гэчихлээ. Ийм хуультай байж болохгүй биз дээ. Чамд төр итгээд лиценз өглөө. Хэрвээ чи юм олбол Монголын төртэй хуваа. 49 хувь нь таных. 51 хувь нь Монголын ард түмнийх. Манай Үндсэн хуульд ч заачихсан байгаа. Энэ нөхцөлийг зөвшөөрөхгүй бол лиценз өгөхгүй байж болно. Ингээд өөрчилчихмөөр байгаа юм. Заавал авна гэсэн болгонд өгөхийн хэрэг юү байна. Өгсөнгүй гээд Монгол улс буруудах ёс байхгүй. Энэ өөрчлөлтийг хуульд заавал оруулах хэрэгтэй.
Хоёрдугаарт, зарчмын зайлшгүй оруулах ёстой нэг өөрчлөлт бол лицензийг шилжүүлэхгүй, зарахгүй гэсэн нөхцөл. Чадвал хий, чадахгүй бол буцаагаад төрд нь өгчих. Өөр юм хэрэггүй шүү дээ. Энэ хоёр өөрчлөлтийг хийчихвэл нэлээд цэгцэрнэ дээ.
Хайгуулыг ямар нэг хэмжээгээр зогсоох хэрэгтэй байна. Эрлийн ажил бол хамаагүй. Эрэл, хайгуул хоёр чинь эрс ялгаатай, хоёр өөр зүйл. Эрэл гэдэг нь том талбай хамарсан ерөнхий зураглал хийгээд ийм ашигт малтмал байж магадгүй гэж томьёолдог. Эрлийн ажлын үндсэн дээр хайгуул хийдэг. Хайгуулаар өрөмдөнө, ухна, малтана. Олох л хувилбар дээр хайгуул хийнэ шүү дээ. Одоо бид хайгуулын лиценз дээр эрлийнхийг ч өгөөд, бүгдийг өгөөд байгаа.
Өмнө бол хайгуулын ажил түрүүлж явах ёстой, олборлолт өсч байгаа учир нөөц дуусчихна, илрүүл гэдэг байсан юм. Одоо бүгд илэрчихээд байна. Нүүрс гэхэд л Монгол улс ойрын 100 жил нүүрсний илрэл хайх хэрэггүй байгаа юм. Нүүрсний хайгуулыг 100 хувь зогсоох хэрэгтэй. Нүүрс нэг илэрвэл заавал их хэмжээгээр байдаг зүйл. Тэрийг заавал гадны хүнд өгөөд байх хэрэг юү байна. Одоо Нарийнсухайт дээр “Өмнийн говийн элс” гээд байж байна. Тэнд хайгуулын лиценз эзэмшиж байгаа бол нүүрс тэр хүнийх болчихож байна. Монгол улс дэндүү баян шүү. Энэ тайлан дээр Цайдам нуур, Мааньт, Төгрөг нуур, Баянжаргалан, Хүмүүлтийн ордын нийт нөөц 13 тэрбум гэж байна. Шивээ-Овоо 2,7 тэрбум, Тавантолгой 6,4 тэрбумын нөөцтэй. Ийм их нөөц байхад нүүрсний хайгуул хийх ямар хэрэг байна.
Гуравдугаарт, стратегийн ордууд байна. Хайгуул хийгдээд, нөөц нь батлагдчихсан учраас тэнд дахиж хайгуулын лиценз өгөхгүй гэх ёстой юм. Одоо л бид энэ бүхнийг цэгцлэхгүй бол цаашид хэцүүднэ шүү.
Ашигт малтмал ашиглахын нэг гол үүрэг нь иж бүрнээр хаягдал, бохирдол багатай ашиглах байгаа юм. Үүнийг бас л хуулинд хийж өгөх ёстой. Тухайн орд газар олборлолт явуулахдаа тэдэн хувийг нь заавал авна гэж заах хэрэгтэй. Улс орон бүр үүнийг хуулиндаа зааж өгдөг. Манайх 1994 оны хуулинд оруулсан мөртлөө 1997 оны хуулиар аваад хаячихсан. Одоо бол хэдийг ч авч, хэдийг ч хаяж болно гээд үндсэндээ зөвшөөрчихсөн. Ийм аюултай зүйлийг хууль дээр их бодууштай.
Гадны орнуудад хоёр бодлого байгаа юм. Нэгдүгээрт, улс орныхоо дотор олборлолт явуулж байгаа бол хатуу тогтоогдсон тэдэн хувийг ашигла гэсэн хуулийг ягштал баримтална. Тэгээгүй тохиолдолд хаадаг. Бусад улс оронд олборлолт явуулахдаа үүнийгээ барихгүй шүү дээ. Манайд дэлхийн хамаг л том компаниуд ороод ирчихлээ. Тэд өөрсдийн үйл ажиллагаанд нийцсэн хуулийг тухайн орноор гаргуулж чаддаг л байхгүй юу.
1997 оны Ашигт малтмалын тухай хуулийг Дэлхийн банкны шахалтаар л хийчихсэн юм. М.Энхсайхан Ерөнхий сайд байсан. Гадаадын хөрөнгө оруулалтын анхдугаар чуулган гэж наадмын өмнөхөн болох гээд. Чуулганд барих, хөрөнгө оруулалтыг татах ганц зүйл бол ашигт малтмал гээд 45-хан хоногт энэ хуулийг хийсэн. Онц сайхан хууль боллоо гэж гадаадынхан ч ташуурдаад л, ямар ч хэлэлцүүлэг энэ тэр байхгүй баталчихсан. Тэгээд л Кадастрын газрын гадаа дугаарлаж байгаад бүх лицензийг авчихсан. Хаана хайгуул хийж, хаана нөөц тогтоогдсоныг харахгүйгээр л өгөөд байсан.
Энд бас нэг аюултай зүйл гарсан нь Геологийн фондыг чөлөөтэй болгосон явдал. Бүх л тайланг дуртай хүн 4000 төгрөг өгөөд үздэг болсон. Мөнгөтэй, туршлагатай гадны улс тайлан үзээд бүгдийг мэдээд авчихгүй юу. Сорлоод түүгээд л явчихсан. Орос эд чинь тайлангуудаа айхтар нууцална. Зөв шүү дээ. Үндэсний баялаг юм чинь. Хуулиар одоо цэгцэлнэ гэхээр өнгөрсөн л дөө. Бүгдийг үзээд мэдчихсэн юм чинь. Одоо зарчмын мундаг зоригтой арга хэмжээ бол хайгуулын ажлыг хязгаарлах л байна. Нүүрс, алт, зэс, төмөр гээд бүгд илэрчихлээ. Бүгдийнх нь хайгуулыг хориглох хэрэгтэй. Харин дотоодын компаниуддаа хайгуул хийх эрхийг нь чөлөөтэй өгч болно. Бас эрлийн ажлыг улсын төсвөөр хийх хэрэгтэй. Улс ерөнхийд нь энд ийм юм байна шүү гээд гаргаад ирэхэд дотоодын компаниуд очиг л дээ. Хайгуул хийснийх нь дараа 49 хувь нь чинийх, 51 хувь нь төрийнх шүү гээд сууж байх хэрэгтэй.
Илэрсэн баялаг ихээс гадна шинжлэх ухаан, техник асар их хөгжиж байна. Арав, хорин жилийн дараа ямар түвшинд хүрэхийг тааж хэлэх аргагүй хурдацтай хөгжиж байна. Сансрын судлалаар өнөөдрийн хийж байгаа хайгуулыг хоёр өдрийн дотор хийх тийм нөхцөл гарахыг үгүйсгэх арга алга. Алт хайхдаа нүх ухдаг байсан бол одоо алт эрэгч бариад явж байгаа биз дээ. 10 жилийн дараа толь бариад явахад хаана юу байгааг бүгдийг мэддэг болох ч юм бил үү. Тийм өргөн ирээдүйн өмнө илрүүлчихсэн зөндөө нөөц байгаа мөртлөө ахиж илрүүлэх гээд, тэр тусмаа гадныханд өгөх гээд байхын хэрэг алга. Байж л байг. Ашигт малтмалын нөөц илрүүлэх, хайх дээр том бодлого барих ёстой. Нэг хэсэг нь хайгуул түрүүлж явах ёстой гэдэг ч одоо бол түрүүлдгээ түрүүлчихлээ.
-Ашигт малтмалын нөөцийг ер нь яаж баталгаажуулдаг юм бэ? Тавантолгойн ордын нөөц баталгаажаагүй гэсэн асуудал байнга яригдах юм?
-Хуучин системээр яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр геологийн тайланг хэлэлцээд, дүгнэлт гаргана. Ийм нөөцийг ийм категориор хүлээж авч, бүртгэж болно гэсэн тогтоол шийдвэр гаргадаг. Тэр шийдвэрийг Улсын нөөцийн комисс хянаад нэгдсэн бүртгэлд авч, мөрдүүлнэ. Одоо яам дээр тийм зөвлөл байхгүй. Эрдэс баялгийн зөвлөл бол хуучин Нөөцийн комиссыг орлож байгаа байгууллага. Эрдэс баялгийн зөвлөл дээр батлагдаж, бүртгэгдсэн бол эцсийн шийдвэр. Буцаад яам руу явна гэж байхгүй.
Тавантолгойн ордын хайгуулын ажлын тайлан гэж асар том юм байгаа шүү дээ. 1990 онд гарсан бүх тайлан нь бий. 6.4 тэрбум тонн нөөцтэй юм байна гэсэн яамны тогтоол ч гарчихсан юм. Надад хувь нь ч байна. Тэр үед Улсын нөөцийн комиссын хүмүүс тал тал тийшээ тараад, дахиж бүрэлдээгүй учраас бүртгэлд аваагүй орхигдчихсон. Нөөц батлагдаагүй гэсэн яриа гардгийн учир энэ.
Сая нөөц байна, байхгүй гээд бөөн маргаан дэгдлээ. Би тэгээд энэ 6,4 тэрбум тоннын нөөц хаана, хаана байгааг харуулсан хүснэгт гаргасан юм. /үзүүлэв/ Бүр нүүрсний давхаргаар нь тооцсон. 1000 м-ийн түвшин хүртэл, 1200 м-ийн түвшин хүртэл ямар байх вэ гээд бүх нөөцийг тооцсон. Үүнээс ил аргаар ашиглах нь, уурхай ямар хүчин чадалтай байж болох вэ гэдгийг ч гаргасан. Хөрс хуулалтын коэффициентийг хүртэл тооцсон. Хамгийн гол нь миний энэ тооцоод байгаа нөөцүүдийг хэзээ, яаж баталгаажуулсан юм гэдгийг Тавантолгойн ордод хийсэн хайгуулын ажлын тайлангуудыг хэлэлцсэн салбарын яамны шинжлэх ухаан техникийн зөвлөлийн хуралдааны шийдвэрүүдээс харж болно.
Эрдэс баялгийн зөвлөл энэ шийдвэрээр гарсан дүгнэлтийг тэр чигээр нь хүлээн авч, улсын бүртгэлд оруулсугай гэсэн ганцхан өгүүлбэртэй тогтоол гаргачихад бүх зүйл болчихоор байгаа юм. Тэгвэл энэ хэрүүл, маргаан бүрэн таслагдана.
-Тэгээд одоо баталгаажуулчихад юу нь болохгүй байгаа юм бэ?
-Одоо Зүүн, Баруун Цанхи гээд тус бүр дээр нь нөөцийг баталгаажуулах юм.
-Оюутолгойд аудит хийсэн гэлээ. Юү гэсэн дүгнэлт гарсан бэ?
-Би Монголынхоо геологчдыг энэ том ордыг алдчихдаг та нар арчаагүй шүү гэдэг юм. 2007 онд УИХ-ын захиалгаар Оюутолгойд аудит хийсэн. Миний дүгнэлтийг анхаараагүй байх л даа. Тэр үед техникийн зураг төсөл гэхгүйгээр орд газрыг ашиглах цогцолбор төлөвлөгөө гэж байсан. Дүгнэлт зөвлөмж, бүх л тайлан мэдээнд Оюутолгойн ордын нөөцийг 30 сая тонн зэс, 1000 тонн алт тогтоогдсон гэж мэдээлдэг атлаа ордыг ашиглах цогцолбор төлөвлөгөөнд 15 сая тонн зэс, 317 тонн алтыг олборлоно гэж тооцсон байсан. Энэ нь газрын хэвлий дэх ашигт малтмалыг иж бүрэн ашиглах тухай Монгол улсын Ашигт малтмалын тухай хуультай зөрчилдөж байна. Үүнийг Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах явцад онцгойлон анхаарч үзэх ёстой гэж зөвлөмж болгосон. Тэр үед хүдэр олборлолтын технологийн шийдлийг оновчтой хийгээгүй гэж дүгнэсэн байсан юм. Нээсэн 30 сая тонн зэсийнхээ тал хувь буюу 15 сая тонныг олборлохоор төлөвлөгөөндөө тусгасан нь бас л Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж байна. Тиймээс геологи хайгуулын ажлаар тогтоогдсон нөөцийг улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд оруулан баталгаажуулах ажлыг ойрын үед хийх хэрэгтэй. Нөөцийг баталгаажуулахын өмнө орд газрын хүрээнд хийгдсэн эрэл үнэлгээг геофизик, геологи хайгуулын бүх шатны ажлын нэгдсэн тайлан, нөөц тогтоосон аргачлал, ялангуяа нөөцийн тооцоо авсан жишиг үзүүлэлтүүд зэрэг бүх материалыг Монголын тал албан ёсоор хүлээн авах хэрэгтэй. Геологи хайгуулын ажлын тайланд бүхэлд нь монгол мэргэжилтнүүдээр экспертиз хийлгэх нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна гэсэн дүгнэлтээ Аудитын газар өгсөн. Ингэж аудит хийснээр би асар их мэдээлэл олж авсан. Уулын ажлын бүх мэдээлэл нь хаалттай байсан. УИХ-ын удирдамжтай очихоор бүх мэдээлэл нээлттэй болсон. Одоо ТЭЗҮ-ээ сайжруулж байгаа байлгүй дээ. Гэхдээ л 70 хувьд нь ТЭЗҮ яриад байгаа.
-Маркшейдер хэмээх мэргэжлийн үнэ цэнийг тодорхойлооч?
-Энэ мэргэжил уул уурхайн ашиглалт, хэмжил зүй, геологи гээд бүх зүйлээ мэдэх учраас их чухал мэргэжил. Ганц жишээ хэлье. “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал, доктор Ш.Отгонбилэг агсан, “Монголросцветмет”-ийн Ерөнхий захирал, УИХ-ын гишүүн, доктор Х.Бадамсүрэн, Багануурын нүүрсний уурхайн дарга, Түлш эрчим хүчний яамны Дэд сайд Д.Дондов, “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайн дарга Н.Бямбадорж нар маркшейдер. Нэг үе би нүүрс, Ш.Отгонбилэг зэс, Х.Бадамсүрэн жоншны гээд Монголын гурван том уурхайг гурван маркшейдер удирдаж байсан. Одоо Заамарын алтны уурхайн дарга Г.Ёндон, МАК-ийн Ерөнхийлөгч Б.Нямтайшир маркшейдер. Ерөөсөө маркшейдер гэдэг уул уурхайг авч явдаг үндсэн мэргэжил байгаа юм.
Mongolian Mining Journal