Сайнтай ч, саартай ч төсөв

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Сайнтай ч, саартай ч төсөв

-Бүсээ чангалахаас аргагүй юү?-

Улс төрд халуухан үйл явдлууд өрнөж эхэллээ. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй зэрэгцэн ирэх оны төсөв тойрсон асуудал сөхөгдөж байна. Сангийн яам болоод Эдийн засгийн хөгжлийн яамнаас боловсруулан УИХ-д өргөн бариад буй төсвийн төсөлд тусгаснаар 2015 онд манай улс 7,2 их наяд төгрөгийн орлоготой, 8,4 их наяд төгрөгийн зарлагатай байх ажээ. Энэ оны төсвөөс орлого нь 900 тэрбумаар, зарлага нь нэг их наядаар өссөн дүн юм. Энэ онд 1,1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол ирэх онд энэ тоо гурван саяд хүрч, нүүрсний экспортыг ирэх онд  20 сая тонн байхаар тооцож, 70 сая ам.доллар олно хэмээн тусгажээ. Өрийн хязгаарыг энэ онд ДНБ-ний 40 хувьд барихыг хичээсэн /харамсалтай нь хязгаараас давсан / бол ирэх онд 70 хувьд байж болох юм гэж төсөөлжээ.

Гэхдээ энэ бол төсөл төдийгөөс гадна өнгөрсөн баасан гаригт хуралдсан УИХ-ын даргын зөвлөлөөс ирэх оны төсвийн төслийг эргүүлэн татаж дахин өргөн мэдүүлэх шийдвэрийг гаргажээ. Ингэхээс аргагүй хоёр шалтгаан байгаагийн нэг нь уг төсөлд Засгийн газрын бүтцийг хуучин 16 яамтай байх үеийнхээр тусгасан, хоёрдугаарт төсвийн задаргаа ойлгомжгүй, дутуу байна гэж гишүүд үзжээ. Төсвийн төсөлд томоохон хөрөнгө оруулалтыг хязгаарласан нь зарим гишүүдийг бухимдуулсан төдийгүй сөрөг хүчний зүгээс улсын өрийн хязгаарыг 70 хувьд хүргэснийг ихээхэн буруушааж байгаа юм.

2015 оноос эхлэн орон нутагт эрх мэдлийг хангалттай өгч эхэлж буй хэмээн Засгийн газрын гишүүд тайлбарлаж байгаа ч энэ нь эрх мэдэл нэртэй шийтгэл болж байгааг зарим эх сурвалж ил тод шүүмжилж эхлэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Засгийн газраас УИХ-д 2015 оны нэгдсэн төсвийн танилцуулга өргөн барьжээ. Энэ төсөл УИХ-аар батлагдвал үр дагавар нь маш аюултай. Ч.Улаан сайд шиг туршлагатай хүн энэ төсөл хотын эдийн засгийг шууд дампууруулна гэдгийг мэдэж байгаа. Би хувьдаа Ч.Улаан сайдыг яагаад ийм зүйлийг санаатай хийж байгааг гайхаж байна. Хэрвээ уг төсөв УИХ-аар батлагдвал Нийслэлийн боловсрол, эрүүл мэнд, соёлын байгууллагын ажилчдын цалинг олгож чадахгүй, хэрвээ цалин тавих гэж оролдохоор болбол  бүх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага дээр татварыг хоёр дахин нэмэхээс аргагүй болно” гэжээ.

2014 оны турш цалин тэтгэвэрт 200 тэрбум төгрөгийг “сэмхээн” нэмсэн бол ирэх онд 500 тэрбумыг төлөвлөж байгаагаа эрх баригчид эртнээс зарласан. Бие даагчдын зүгээс энэ тоог 800 тэрбумд хүргэх ч боломж бий гэж байгаа. Мэдээж, цалин болоод тэтгэвэр нэмнэ гэдэг сайн хэрэг. Гэвч энэ нь хэр хүртээмжтэй шийдвэр вэ гэдэг нь өөрөө асуудал юм. Төсөвт тусгасан тэр мөнгөөр өндөр настнуудын тэтгэвэр, тэтгэмж болоод зөвхөн төсөвт байгууллагад ажиллагсдын цалинг л нэмнэ. Хийдгээ хийж, авдгаа авч суугаа ахмадуудтай барьцах зүйл алга. Харин сүүлийн хоёр жилийн турш бага багаханаар цалингаа нэмүүлсэн төсвийн байгууллагынхны хувьд бүтээмж тэр хэрээр нэмэгдсэн үү. Их хийсэн ч бага хийсэн ч ялгаагүй цалин нь өсөн нэмэгдэж байдаг төсвийн байгууллагад ажиллахын тулд авлига өгч байгаад ч бол ажиллахыг хүсэхгүй хэн байх билээ. Саяхан л 140 мянгад хүрлээ хэмээн гайхширч байсан төсвийн байгууллагын ажиллагсдын тоо 180 мянгаас давсан нь үүнтэй холбоотой биз. Төсвөөс цалинждаг 180 мянган хүний олонх нь багахаан цалингаар өдөр хоногийг өнгөрөөж байна хэмээн гомдоллогсод цөөнгүй. Тэгвэл цалинг нэмэгдүүлэхдээ цалингийн зөрүүг ойртуулж, бага цалинтайд нь ахиухан, өндөр цалинтайд нь бага хувийн нэмэгдэл оногдуулж яагаад болохгүй гэж. Монголчуудын дунд “Чамлахаар чанга атга” гэж сайхан үг бий. Цалин нэмсэн нэртэй ч хөрөнгө мөнгө хүрэлцэхгүйгээс цаг хугацаанд тавьж амжихгүйд хүрч байснаас багахан цалингаа цаг цагт нь авч суух нь илүү мэт. Нэгэн үе цалин тэтгэврийг сар, улирал өнжүүлэн олгож, жинхэнэ утгаар нь “бүсээ чангалж” байсан. Тэгвэл Үүл даргын санаа зовж байгаачлан ирэх онд бүсээ чангалахгүйн тулд чамлахаа больж, чанга атгаж суух нь илүү биш үү.

Энэ мэт эргэж харууштай үзүүлэлтүүдийг засч орхивол ирэх оны төсвийг “Амьдралд ойртсон төсөв” хэмээн тодорхойлж байгаа зарим хэсэг байгааг мартаж болохгүй. Энэ 2014 оны төсвийн төсөлд ам.долларын ханшийг хэт багаар, нүүрсний экспортыг хэт өөдрөгөөр төсөөлснөөс улсын төсөвт их хэмжээний цоорхой гарчихаад байгаа юм. Тиймээс тэрхүү алдааг дахин давтахгүйн тулд ам.долларын ханш, нүүрсний экспортын үнэ ханшийг амьдралд нийцүүлэн тусгажээ. Мөн ирэх оноос эхлэн төсвөөс гадуурх орлого болох бондуудын эх үүсвэрийг төсөвт автоматаар тусгах юм байна. Үүн дээр Оюутолгойн далд уурхайн санхүүжилт шийдэгдээд Тавантолгойг үндэсний компанид эзэмшүүлэх аваас  хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх магадлал бий. Энэ мэт өөдрөг төсөөллүүд биелэгдвэл бүгдээрээ бүсээ суллахгүй ч чангалахааргүй аж төрөх болох биз ээ, ирэх онд.

 

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж