УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, Д.Сарангэрэл, Н.Номтойбаяр нарын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан юм. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас тодрууллаа.
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулснаар компаниудад ямар давуу тал бий болох вэ?
-Уг хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар уул уурхай, нефтийн бүтээгдэхүүний экспорт, импорт, архи, тамхины бизнес, үүрэн холбооны бизнесээс бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалт хийдэг аж ахуйн нэгжүүдийн жилийн борлуулалтын орлогын албан татварт 1 хувийн татвар ногдуулах боломжтой болох юм. Гол үндэслэл нь өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн 80 хувийн жилийн борлуулалт нь 1.5 тэрбум төгрөг дотор эргэлддэг. Санхүү эдийн засгийн хямралтай үед аж ахуй нэгжүүдийн орлогод өндөр татвар ногдуулах нь баялаг бүтээж, ажлын байр бий болгож байгаа хувийн хэвшлийнхэний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Тийм учраас аж ахуйн нэгжүүдийн Орлогын албан татварыг 1 хувь болгон бууруулж, дарамт ачааллыг багасгахыг зорилоо. Хууль батлагдсан нөхцөлд аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогод тодорхой хэмжээгээр ахиц гарах юм.
-Засгийн газар 2015 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ дөрвөн ч төрлийн татварыг нэмэхээр дагалдах хуулийн төслийг оруулж ирсэн нь хотын удирдлагуудын зүгээс шүүмжлэл сонсоход хүргэж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газар 2015 оны улсын төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа дөрвөн төрлийн татварыг нэмэгдүүлэх, татварыг орон нутаг бие даан шийдвэрлэхээр тусгасан нь маш буруу алхам гэж үзэж байна. Жишээлбэл, Үл хөдлөх хөрөнгийн татварыг хоёр дахин нэмэгдүүлснээр жижиг аж ахуй нэгжүүдэд маш хүнд дарамт ирнэ. Одоогийн хуулиар Үл хөдлөх хөрөнгийн татвар нь 0.6-1.0 хувьтай байгааг 0.6-2.0 хувь хүртэл болгож нэмэгдүүлсэн. Тодруулж хэлбэл, 100 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй аж ахуй нэгж жилдээ 1 сая хүртэл төгрөгийн татвар төлж байсан бол 2 хувь болгосноор 2 сая төгрөг төлөхөөр болж байх жишээтэй. Ингэж улсын төсвийн орлого тасрахаар татвараа нэмдэг байж хэрхэвч таарахгүй. Татварын орчин тогтвортой байж жижиг аж ахуй нэгжүүд хөл дээрээ зогсоно, баялаг бүтээнэ, ажлын байр нэмэгдэнэ.
Г.ДАРЬ