Казахстаны нийслэл Астана хотноо жүдо бөхийн гран при тэмцээн болж өндөрлөлөө. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт эхэлсэн энэхүү тэмцээн гурван өдөр үргэлжилж, ням гарагт өндөрлөсөн юм. Энэ удаагийн тэмцээнд 36 орны эрэгтэй 154, эмэгтэй 123, нийт 277 тамирчин оролцлоо.
Харин Монголын шигшээ эрэгтэй 10, эмэгтэй дөрвөн тамирчинтай оролцов. Тэгвэл манай баг тамирчид эхний хоёр өдрийн дараах байдлаар нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар багийн дүнгээр тэргүүлсэн. Тиймээс Астанад гялалзсан жүдочдыг “Долоо хоногийн дуулиант нөхөр”-өөр нэрлэж байгаа юм. Эхний хоёр өдөр авсан медалийг хөнгөн жингийнхэн хүртсэн. Тэр дундаа манай эрчүүд 60 болон 73 кг-ын жинд Японы бөхчүүдийг дарж, медальд хүрч, сайхан амжилт гаргалаа.
Түүнээс гадна энэ удаагийн Астанагийн гран прид манай улсын бүх шилдгүүд яваагүй. Номер хоёр, гурвууд л явсан. 60 кг-д Д.Амартүвшин, 73 кг-д Цагаанаа, Ням-Очир хоёр явсаныг эс тооцвол. Тэгэхэд л манай бөхчүүд эхний хоёр өдрийн дараа багийн дүнгээр тэргүүлсэн. 60 кг-д Д.Амартүвшин маань Кахахстаны Сметовыг баралгүй мөнгө дээр буусан.
Харин Г.Хэрлэн хүрлийн төлөө Японы Ишикаваг ялж медаль хүртсэн. Ишикава энэ удаад манай хоёр бөхөд даруулж ердөө тавдугаар байртай л үлдлээ. Харин 66 кг-д Д.Алтансүх, Б.Батгэрэл нар жаахан тааруухан барилдчихлаа. Гэхдээ яах вэ, залуу бөхчүүдээ гадны бөхчүүдтэй барилдуулж, цочроог нь гаргаж л байх хэрэгтэй. Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аварга М.Уранцэцэг очоогүй ч гэсэн Г.Отгонцэцэг урамтай сайхан барилдаж, алтан медаль хүртлээ. Харин 52 кг-д зодоглосон М.Бундмаа хоёрдугаар тойрогт Португалийн Бөх Жоано Рамост хожигдож, тэмцээнээ дуусгасан. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73, 81, 90 эмэгтэйчүүдийн 57, 63 кг-ын барилдаан болсон.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д С.Ням-Очир, Х.Цагаанбаатар гэсэн хоёр алдарт бөх зодоглож, хоёулаа хүрэл медаль хүртлээ. Лондоны олимпийн хүрэл медальт С.Ням-Очир В хэсгийг тэргүүлэн барилдсан. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны Торенов Ертуганыг, хэсгийн аваргын төлөө Японы Нишияама Юкиг ялсан юм. Харамсалтай нь хагас шигшээд Израйлийн бөх Муки Сагид ялагдаж, финалдах боломжоо алдсан. Харин хүрлийн төлөө Беларусын Шока Вадзимыг хожиж, медаль хүртлээ. Х.Цагаанбаатар гавьяатын хувьд В хэсгийг тэргүүлэн барилдсан. Манай эх эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Узбекстаны бөх Шарипов Миралиг буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Германы бөх Кристоферыг ялсан. Гэвч хагас шигшээд Францийн бөх Дуфрат Пиеррег барсангүй. Харин хүрэл медалийн төлөө Японы Нишияама Юкиг буулгаж авч, төрийн далбаа Астанагийн тэнгэрт мандууллаа. Уг нь манай бөхчүүдэд финалдах боломж байсан ч чадсангүй.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Ууганбаатар зодоглосон ч хоёрдугаар тойрогтоо ялагдсанаар тэмцээнээ дуусгасан юм. Харин эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд манайхаас бөх барилдсангүй. Тэгвэл 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа барилдсан ч хоёрдугаар тойрогт ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Харин тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр эрэгтэй 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын барилдаан болсон. Эмэгтэйчүүдийн хүнд жинд бөх барилдаагүй. Харин эрэгтэйчүүдийн 90 кг-д Х.Батзориг, Х.Цогтгэрэл, +100 кг-д Б.Тэмүүлэн нар барилдсан юм. Гэвч хүнд жингийн бөхчүүдээс хоёрдугаар тойрогт барилдсан ганцхан л бөх байлаа. Хэрвээ хүнд жингийнхнээс ядаж ганц нэг нь медаль дээр буусан бол манайхан багийн дүнгээр тэргүүлэх ч боломж байсан. Хөнгөн жингийнхэн маань аль тэмцээнд гялалздаг.
Хэн нэг нь алт, мөнгө, хүрэл медаль дээр буудаг. Гэтэл хүнд жингийнхэн аль ч тэмцээнээс мултарсаар л байна. Тиймээс жүдогийн холбоо хүнд жингийн бөхчүүдээ чадавхжуулах, өрсөлдөөнтэй болгох тал дээр жаахан анхаармаар байгаа юм. Тэд нэгийг бодож, хоёрыг тунгааж байгаа биз ээ.
Эх сурвалж: www.mminfo.mn