Хэний өдөөн турхиралт вэ?

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Хэний өдөөн турхиралт вэ?

“Босоо хөх Монгол”,  “Дэлхийн Монгол-ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн, Баянхонгор аймгийн Гурван булаг сумын Иргэдийн хурлын төлөөлөгч нарын  хүмүүс  хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй компанийг эсэргүүцэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. “Босоо хөх  Монгол” ТББ-ын УЗ-ийн дарга Н.Шинжээравдан “Гурванбулаг сумын Өвөрхөшөөт гэдэг газар үйл ажиллагаа явуулж буй “Жи энд Ю Голд” ХХК гол горхийг ширгээж, мал амьтан хордуулж байгааг нутгийн иргэд эсэргүүцэж бидэнд хандсан. Бид иргэдийн хүсэлтээр  дөрөв хоног газар дээр нь очиж танилцаад үйл ажиллагааг нь зогсоогоод ирлээ. Тухайн компанийн бичиг баримтад шалгалт хийхэд арваад зөрчил илэрсэн” гэсэн юм. Тэрбээр хэвлэл мэдээллээр гарч байгаа шиг уурхайн ажилчдыг барьцаалсан, хүч хэрэглэсэн зүйл байхгүй, хуулийн хүрээнд ажилласан гэж байлаа.

Гурванбулаг сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Жи энд Юу Голд” ХХК 2011 онд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас авсан байна. Хэдийгээр тусгай зөвшөөрлөө авсан ч энэ мэт эсэргүүцэлтэй тулгарсаар өнгөрөгч дөрөвдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч дахин ТББ-ын нэрээр ирсэн хэсэг бүлэг хүмүүс  эмх замбараагүй байдал үүсгэжээ. Газар дээр нь очиж уурхайн үйл ажиллагааг таслан зогсоосон гэх ТББ-ын  төлөөллийн хэлж буйгаар  тус компанийн олборлолтоос болж нохой, шувуу олноороо үхсэн гэсэн юм. Харин хэвлэлийн бага хуралд ирсэн “Жи энд юу голд”  компанийн уурхай хариуцсан ажилтан н.Батгэрэл “Энэ  хэвлэлийн хурал хэт  нэг талыг барьсан, өдөөн турхирсан хурал болж  байна. Та бүхэн хоёр өөр орд газрыг нэг орд мэтээр ярьж  байна. Тус тусдаа лицензтэй ордууд. Нөхөн сэргээлт явуулаагүй гэх асуудал шүүхийн шатанд явж байгаа. Манай компани эдгээр хүмүүсийн ярьж байгаа шиг ард иргэдийн ундны усыг олборлолтод хэрэглэдэггүй. Харин уурхайн ажилчдын ундны усаа Шар усан голоос авдаг. Бас хүн, мал, амьтанд хортой химийн бодис ашигладаггүй учраас  нохой, шувуу тийм шалтгаанаар үхсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Үхсэн нохой, шувууны зургийг хаанаас ч олж болно биз дээ.  Үнэхээр ямар шалтгаанаар үхсэн байна вэ гэдэг албан ёсны дүгнэлт ч гараагүй” гэсэн юм.

Ийнхүү зөрүүтэй мэдээлэл өгч байсан учраас бид холбогдох албаны хүмүүсээс үүссэн нөхцөл байдлын талаар  тодруулахад  Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантулга “Иргэд улсын комисс хүлээж аваагүй уурхайг ажиллууллаа, Үүнийгээ зогсоо гэдэг шаардлага тавьж байгаа. Холбогдох хуулийнх нь дагуу үйл ажиллаагааг нь улсын комисс ажиллатал түр зогсоогоод ирсэн” гэх тайлбар өглөө. 

Харин  тус аймгийн МХГ-ын дарга Э.Энхбат “2011 оноос хойш тухайн уурхайг ажиллуулахгүй байсан гол шалтгаан нь сумын иргэний нэхэмжлэлтэй холбоотой. Энэхүү асуудал нь шүүхийн шатанд явж байсан учраас шүүхээр шийдвэрлэх хүртэл уурхайн тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулах эрхийг нь түр түдгэлзүүлээд байсан. Харин энэ жилийн хувьд шүүхийн маргаан шийдвэрлэгдсэн гэдэг үндэслэлээр уурхай үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явж байгаа” гэсэн юм.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж