Үзэсгэлэнгийн үеэр газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийг сайжруулах, орон сууцны хангамж, авто зам, инженерийн шугам сүлжээг нэмэгдүүлэх, нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, спорт цогцолборуудыг шинээр барих ажлуудыг хэрхэн зохион байгуулж, төлөвлөж байгаа талаар иргэд, хувийн хэвшлийнхэн, мэргэжлийнхэнд хүргэх, байгууллага ААН-үүдийн үйл ажиллагааг сурталчлах шоу арга хэмжээ, семинар, сургалт, тусгайлсан уулзалтууд болох юм.
Эл үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр “Улаанбаатар палас”-т “Бүтээн байгуулалтад хамтдаа” уриан дор барилгын удирдах ажилчдын зөвлөгөөн болж байгаа бөгөөд тус зөвлөгөөнд оролцож буй 500 гаруй зочид төлөөлөгчид эл үзэсгэлэнг 16.00 цагт үзэж сонирхох юм байна. Үзэсгэлэнд барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, орон сууцны барилга, хотхон, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, багаж, тоног төхөөрөмж, машин механизм, интерьер дизайн, гадна тохижилт, ногоон байгууламжийн 100 орчим компани оролцож бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулна. Мөн барилга, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, ААН-үүдийн ИТА-ууд, барилгын мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад зориулсан арга хэмжээ явагдана.
Үзэсгэлэн энэ сарын 22-н дуустал “Мишээл экспо” төвд үргэлжилнэ.