Ноолуураа түүхийгээр нь урагшаа гаргая

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Ноолуураа түүхийгээр нь урагшаа гаргая

Ноолуураа түүхийгээр нь урагшаа гаргая

Засгийн газар, хувийн хэвшлийнхэн бүр иргэн Дорж, Дондог ч бултаараа мөнгөний эрэлд мордов. Мөнгө нь олдож байгаа эсэхийг бүү мэд. Харин амжиж амьдарч эс чадваас залгихаар айсуй хямралын айдас араас нь элдэнэ. Иргэд ч айн хулмалзаж эхлэв.

Харин нэг хэсэгтэй хямрал манайхыг дайрахгүй тойрно гэнэ шүү гэх маягтай моодойж суусан Засгийн газрынхан одоо байлдааны түргэн команд аван мөнгөний эрэлд мордож байгаа гэгдэж буй. Яг үнэндээ үнэхээр тийм идэвхтэй мөнгө эрж хайж байна уу, эрж хайж байгаа гэхэд мөнгө нь олдоо ч уу, үгүй ч уу гэдгийг хэлж мэдэхгүй л дээ. Эдийн засагчид, улстөрчид бизнесмэнүүдийн маргашгүйгээр санал нэгдэж байгаа зүйл нь бидэнд ус агаар шиг хэрэгтэй байгаа мөнгийг яаралтай олж, ядарч байгаа эдийн засгийнхаа цусыг сэлбэх. Сайд дарга нар бадар барихаар гадагш явж байгаа. Барьсан бадар нь эргээд балаг дагуулах юм биш биз гэсэн бүдэгхээн ч гэсэн зовинол бас байгааг дашрамд хавчуулчихья.

Өөр хаанаас мөнгө олох вэ? Бараг л дан ганц зэсээсээ хамааралтай байсан импортын алд дэлэм зөрүүг яаж нөхөх вэ? Ойрын үед зэсийн үнэ өсөх болов уу гэж хий хоосон найдаад ч яах вэ? Нөгөө ардын засаг ч гэж юу байлаа? Авдаг өгдөг нь ч хаана байлаа гэдэг шиг хоёр толгойнхоо гэрээг байгуулаад мөнгө орж иртэл өдий өдий.

Дэлхий хямарч байгаа болохоор энэ жил жуулчалаас мөнгө олно гэж бас нэг их найдахын хэрэггүй. Алтны үнэ гайгүй байгаа учраас хэдэн ам.доллар олж болох л юм. Гэвч бид хэрэглээнийхээ бараг бүх зүйлээ эргүүлээд импортоор авах болохоор ногоон цаас яалт ч үгүй ихийн их хэмжээгээр хэрэгтэй. Хаанаас мөнгө олж чадах вэ?

Дэлхийн даяар хямралд савлуулж, мөнгөний хомсдолд ороод байгаа энэ үед хамгийн мөнгөтэй байгаа улс хажууханд маань байна. Эдийн засгийн хамгийн их өсөлттэй бас дэлхийн хамгийн том нийлүүлэгч ч, хэрэглэгч Хятад улс. Мөнхийн хөршдээ мөнхийн шахуу муу байдаг монголчууд хятадуудаас богинохон хугацаанд тусламж авч чадах болов уу? мэдэхгүй.

Харин бид тэдэнд юу худалдаж чадах вэ? Хамгийн түрүүнд ноолуур… Мал махны ч, ноолуурын ч үнэ унаж, банкны өрөнд идэгдэж байгаа малчдад авралын ганц гарц нь ноолуураа ахиухан үнээр борлуулах. Уг нь бол манайхан унхиа муутайдаа экспортоор гаргах зүйл үгүй амаа ангайгаад суугаад байгаа болохоос төгрөгийн ханшийн уналт экспортод бол уг нь ашигтай. Нэг юань 250 төгрөг болоод малчид маань шууд ноолуур, түүхий эдээ хятадуудад зарж чадвал тэдний амьжиргаа ч сэпхийгээд ирнэ. Эрээд олдохгүй эрдэнэ болчихоод байгаа валютын эргэлт ч сэлбэгдэнэ. Гэвч…

Малчид ийн түүхий эдээ зарж, ганц удаа ч болов амьжиргаагаа дээшлүүлье гэвч тэдний хүсэл тэмүүллийн өмнүүр хууль хэмээх төмөр төр бий. Улс төрийн лобби сайтай хэдэн хүн нийлж байгаад боловсруулаагүй яг үнэндээ бол Туул голын усанд нэг булхуулаад гаргаад ирэхийг хэлж байгаа юм л даа ноолуур хилээр гаргахыг хориглочихсон. Ийм хориг байгаагүй бол өнгөрсөн жил ноолуудын үнэ шалан дээр буухад малчид заавал ченжүүдийн бас сонгуулиар халуурсан улстөрчдийн амыг харахгүй л байсан байх даа. Энэ хавар ч гэсэн тэд ноолуураа гайгүй үнээр борлуулж чадаж гэмээнэ л амьдралаа аврах эсэх нь шийдэгдэнэ. Юань чангарч, хил чөлөөтэй байх ахул ноолуураа зарж, амьдралаа нэг сэрвийлгэмээр, ХААН банкинд тавьсан өрөө төлмөөр байдаг.

Ноолуурын үнийг 30 мянган төгрөгнөөс буулгахгүй гэж сонгуулийн үеэр солиорч хий амлаж байсныг бодоход бантахдаа ямаандаа цалин өгч байгааг бодоход малчдынхаа амьжиргааг өөрсдөөр нь дээшлүүлэх ихээ амар ажил болчих байх. Хамгийн гол нь бидэнд дутагдаад байгаа ам.долларыг бага ч гэсэн татна. Ер нь ч тэгээд яагаад заавал авсан жаахан ноолуураа боловсруулсан нэр зүүж Туул голынхоо усаар угааж, бохирыг нь голын гольдрил руугаа шингээчихээд хятад голдуу хэд хэдэн ченжийн гар дамжуулан урагш гаргах ёстой юм бэ? Хуулиар далайлгасан хязгаараа чөлөөлөөд шууд ноолуур гаргадаг болчихож болохгүй гэж үү? Хязгаарлалт үгүй боломжит бүх хувилбараар бид тэмцэж, хөдөлж байж л хямралаас гарах ёстой гэдэгтэй хэн ч санал нийлж буй. Тэгвэл энэ мэт хязгаар, хоригоо эргээд нэг харвал ямар вэ?

А.ТУЯА 2010.02.06

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж