Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд, Алслагдсан болон говийн бүсэд хамаарагдах сумдыг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 85.7 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Төсөлд тусгаснаар Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл,  Сүхбаатар, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 170 гаруй сумдыг алслагдсан болон говийн бүс нутагт хамааруулж, тус бүс нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг 20 хувь хүртэл нэмэгдүүлэхээр заажээ. Мөн төрийн албан хаагчдад таван жил тутамд зургаан сарын цалинтай нь тэнцэх мөнгөн тэтгэмж олгоно. Түүнчлэн алслагдсан бүс нутгийн боомтоор орж ирэх нефтийн бүтээгдэхүүн, бусад бараа бүтээгдэхүүнийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх гэсэн заалт тусгажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд “Төвлөрлийг сааруулах зорилгоор бүсийн нэмэгдэл олгох тухай хуулийн төслийг санаачилсан нь сайн хэрэг боловч, иргэдээ төрийн албанд ажиллаж байна гэдгээр нь сугалж аван, авч үзэх нь учир дутагдалтай.  Хөдөөгийн ахмадууд, малчид, ажилгүй иргэдийн хувьд төрөөс бүсийн нэмэгдэл олгох нь гэсэн ойлголттой сууж байдаг. Гэтэл бид энд зөвхөн 30 мянга гаруй төрийн албан хаагчийн цалинг 20 хувиар нэмэгдүүлэх тухай яриад сууж байх. Үнэхээр төв суурин газар болоод алслагдсан бүс нутаг дахь амьдралын чанарыг ялгааг нэг төвшинд ойртуулъя гэж бодож байгаа юм бол асуудлыг цогцоор авч үзэх шаардлагатай” гэсэн байр суурь баримталлаа. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд “Алслагдсан бүс нутагт чадвартай эмч, багш ажиллахгүй байгаа тул, хотод байгааг нь хөдөө рүү очуулах механизмыг бий болгох үүднээс гишүүд энэ төслийг санаачилсан. Засгийн газрыг хоёр жил хүлээсэн ч хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн бариагүй. Тэгээд ч хоёр намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт алслагдсан болон говийн бүс нутагт амьдарч байгаа иргэддээ бүсийн нэмэгдэл олгоно гэж тусгасан учраас амлалтаа биелүүлэх цаг хугацаа ойртож байна” гэх зарчмын байр суурь баримталлаа. Ингээд санал хураахад гишүүдийн олонхи нь төслийг гар өргөн дэмжсэн юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж