Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Танд иог тохирох уу?

LOTUS YOGA

– Иогоор хичээллэвэл эрүүлжинэ, эрүүл байдлаа хадгалана.
– Иогоор хичээллэвэл стресс тайлагдана, стресст автахгүй байж сурна.
– Иогоор хичээллэвэл хүссэн амжилтандаа хүрнэ.
– Иогоор хичээллэвэл эрх чөлөөтэй амьдарч чадна.
– Иогоор хичээллэвэл өөрийн аз жаргалыг олж чадна.

Үргэлжлүүлээд маш олон зүйлсийг жагсааж бичиж болно. Гэхдээ цааш нь үргэлжлүүлэхээсээ өмнө Та өөрөө иогоос юу хүсч байгаагаа бодоод үзээрэй.

Юуны түрүүнд иог бол өөрийгөө танин мэдэх арга зам юм. Өдөр бүр гэртээ эсвэл аль нэг иогийн төвд очиж дасгал хийх, булчингаа хөгжүүлэх, төгс галбиртай болох зүйл огт биш юм.

Иогоор хичээллэдэг хүмүүс гадаад орчин, байгал, нийгэмтэй харилцах ёс зүй /хүчирхийлэл үйлдэхгүй байх, хулгай хийхгүй, бусдын юманд шунахгүй байх гэх мэт/-д суралцах үе шатаар иогийг эхэлдэг.

Хувь хүний ёс зүйн асуудлууд тухайлбал бие сэтгэлээ цэвэр ариун байлгах, сурч боловсрох, байгаа зүйлсдээ сэтгэл ханаж сурах зэргийг танин мэдэх, ухамсарлах, улмаар амьдралдаа хэвшил болгох нь дараагийн үе шат. Эдгээр ёс зүйн асуудлуудыг ухамсарлахгүйгээр иогоор хичээллэх буюу дасгал хөдөлгөөн хийх нь булчингаа хөгжүүлэх зорилт тавьж буйтай утга нэг юм.

Иогийн дасгал буюу байрлалуудыг хийснээр бие махбод эрүүлжих төдийгүй биеэ мэдрэх мэдрэмжээ нэмэгдүүлэх замаар хянаж сурдаг болно. Гэхдээ хүн бүрт энэ шатыг туулах хугацаа харилцан адилгүй байна.

Амьсгалын дасгалыг биеээр хийх дасгалтай заавал хавсран хийж байгаа нь бие махбод, амьсгал болоод оюун санаагаа хянаж сурахад чиглэгдэнэ. Стресст автах, уурлах үед амьсгал олширч, сэтгэл гутралтай үед цөөрдөг нь амьсгал оюун санаа, зүрх сэтгэлтэй шууд холбоотой байдгийн илрэл билээ.

Үүний дараа анхаарлаа төвлөрүүлэх, олон бодлоо салгаж, 1 зүйлийн учрыг тунгаан бодох нь бясалгалын төвшинд очиж байна гэсэн үг юм. Зөвхөн 1 зүйл дээр бие махбод, оюун санаа, зүрх сэтгэлээрээ төвлөрч сурснаар хүн өөрөө өөрийгөө ямар гайхамшигт чадвартай болохоо мэдрэх боломж иогоор тууштай хичээллэх хүн бүрт бий.

Самади буюу жинхэнэ өөрийгөө таньж мэдэх энэ үе шат илүү шашинлаг байдлаар ойлгогддог. Гэхдээ бурханд итгэдэг, үл итгэдгээсээ үл хамаараад өөрийн сүнслэг, далд ертөнцөд нэвтэрч чадах нь хязгааргүй мөнх амьдралын учир утгыг танин мэдэх гайхамшиг гэж тайлбарлахыг хүсч байна.

Эцэст нь ахин онцлон тодотговол "Иог бол өөрийгөө таньж мэдэх, эрүүлжих, тайвшрах, суралцах маш олон аргуудын зөвхөн нэг нь юм". Хичээллэж эхэлсэн эхний өдрөөс үр дүн нь шууд таньд мэдрэгдэх ид шидийн арга биш тул та зөвхөн өөртөө тусгайлан цаг гаргах шаардлагатай гэдгийг анхаараарай.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж