Ц.Оюунгэрэл: Чанарын ялгаа медаль дээр харагдаж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэл: Чанарын ялгаа медаль дээр харагдаж байна

“Инчён-2014” паралимпийн Азийн зуны спортын II наадам БНСУ-ын Инчён хотод аравдугаар сарын 18-24-ний хооронд болно. Тус наадамд Монгол Улсаас спортын 9 төрлөөр 61 тамирчин, 15 дасгалжуулагч, багийн штабын ажилтан 4, эмч 2, хэвлэлийн мэдээллийн 4 ажилтан болон ширээний теннисни олон улсын 2 шүүгч нийт 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна. Өчигдөр(10.12) баг тамирчдыг үдэж, өгөх арга хэмжээ Спортын төв ордны гадна боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

 

 

-Эдгээр өдрүүдэд БНСУ-ын Инчён хот Паралимпийн Азийн спортын II наадмыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Өнөөдөр (өчигдөр) тус наадамд Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээнээс яриагаа эхлэх үү?

-Пара Азийн наадамд есөн  төрлөөр 65 тамирчинявах гэж байна. Энэ нь урьд өмнөх наадмуудад оролцож байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй явах гэж байна. Олон тамирчид Азийн наадамд оролцох эрхээ авах бололцоотой болж байна. Энэхүү наадамд оролцох гэж байгаа тамирчдын тоо өсөж байгаад Соёл, спорт аялал жуулчлалын яамны зүгээс хэлэхэд баяртай байна. Мөн Засгийн газраас энэ удаа 140 сая төгрөгийг гаргаж, дэмжиж байна. Үндэсний компаниуд дэмжин ажиллаж байна. Тухайлбал, наадамд оролцох баг тамирчдын онгоцны тийзний үнийг МИАТ компани 50 хувь хөнгөлж, бэлтгэлийн хувцсыг “Төмөр трейд” ХХК хямдралтай үнээр хийж өглөө. Бид есөн төрөлдөө бүгдэд нь медаль авахыг хүсч байгаагаа багийн ахлагч нар захилаа. Мөн баг тамирчдадаа төрийн далбаагаа Инчёны наадамд олонтоо мандуулаарай гэж гардуулан өглөө. Манай тамирчид маш эрч хүчтэй, эв нэгдэлтэй байна. Бид тэднийг амжилттай оролцоно гэж итгэлтэй байна. Инчёныг зорьж буй тамирчдын дунд “Рио-2016” паралимпийн наадамд оролцох эрхийг аваад байгаа пауерлифтингийн хоёр тамирчин явж байгаа юм байна. Бусад төрлүүдэд олимпийн эрхийг авах зорилготойгоор Азийн наадамд явж байна.

-Паралимпийн Азийн наадмын түүхээс дурдвал?

-Азийн зуны спортын тоглолт 1975 оноос Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази номхон далайн орнуудын наадам нэртэйгээр эхэлж байсан бол 2010 оноос анх удаа Азийн паралимпийн наадам нэртэйгээр эхэлсэн. “Гуанжоу-2010” Азийн паралимпийн наадамд манай улсаас 37 тамирчин оролцож, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн бол Инчёны талбарт энэхүү амжилтыг ахиулах зорилт тавиад байна.

-Азийн зуны спортын XVII наадамд Монголын баг тамирчид өндөр амжилтыг үзүүллээ. Тэр дундаа “тод 4” гэж тодорхойлж байсан бол таеквондогийн анхны медальтан, софт теннисний тамирчид медалийн төлөө өрсөлдлөө. Мөн сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд амжилттай оролцлоо. Энэхүү амжилтууд маань паралимпийн тамирчдыг зоригжуулсан болов уу?

-Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд болж, өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадамд Ази тивийн 45 орны 12 мянга гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. 234 тамирчны бүрэлдэхүүнтэй Инчёныг зорьсон Монголын баг 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16-д жагсаж, өмнөх наадмуудад үзүүлж байсан олон амжилтуудыг эвдсэн юм. Тиймээс энэ их эрч хүч маань паралимпийн тамирчдыг хурцалж өглөө.

-Азийн наадмын үеэр болсон шүүлтийн талаар та юу гэж хэлэх вэ?

-Шүүлтийн маргааныг бол яг тухайн үед талбар дээр дасгалжуулагч нар эсэргүүцлээ илэрхийлэх замаар шийдүүлдэг. Монголын талаас шүүгчидтэй тохироогүй үе гарсан. Шүүлтэн дээр санал нийлэхгүй байгаагаа тухайн үед дасгалжуулагчийн зүгээс эсэргүүцэлтэй байгааг хэлж, газар дээр бичлэгийг үзэх, шүүлтээ залруулах механизм гардаг. Бүх спортод энэхүү механизмыг ашиглаж байна. Энэ тохиолдолд нэмэлт улс төрийн мэдэгдэл хийх шаардлагагүй гэж үздэг. Яагаад гэвэл спорт өөрөө улс төрийн маргаан биш эв нэгдлийн талбар гэж улс орнууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс шүүлт болон зохион байгуулах асуудал дээр хүлээж авахгүй хүндрэлтэй асуудал гарсан бол тухайн улсын багийг ахалж байгаа ахлагч нар, дасгалжуулагч нар хандах эрхтэй. Тиймээс энэ удаагийн наадамд бокс болон бусад төрлүүдийн шүүлттэй холбоотой асуудлыг Монголын багийн төлөөлөгч нар тавьсан байгаа. Боксын тэмцээний хувьд хэдийгээр асуудлыг тавьсан боловч рингэнд гаргасан шүүгчийн мэдэл хэвээр үлдсэн. Тэгэхээр эндээс бид нэг зүйлийг харлаа. Тэнд Монголын дуу хоолойг хүргэх шүүгчийн эрх мэдэл үгүйлэгдэж байгааг анзаарлаа. Шүүгчид хэдийгээр оноог өгөөд байгаа ч бидний зүгээс тэдэнтэй ярилцах, хэлэлцэх боломж гарсангүй. Тиймээс шүүгч нараа дэмжиж, олон улсын шүүгч бүрэлдэхүүнд өөрийн гэсэн төлөөллийг оруулахад яамны зүгээс дэмжин ажиллах болно.

-Таны хувьд Азийн наадмын нээлтийг үзэж сонирхлоо?

-Тэнд гайхалтай байсан. Наадмын нээлтийн үйл ажиллагаа эрч хүчтэй, олон өгүүлэмжийг хүргэсэн бахархмаар байсан. Хүндэт зочдын суудалд суугаад харахад бол гоё мэдрэмжүүд олон гарсан. Дараа нь жүдо бөх, сагсан бөмбөг гээд гол тэмцээн уралдааныг үзэж, баг тамирчдаа дэмжлээ.

-Сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид өндөр амжилтыг гаргалаа. Тэд шилдэг найман багт багтаж, Азид хүчтэй өрсөлдөгч болсноо харуулж чадлаа шүү дээ.

-Тиймээ үнэхээр тэдний тоглолтыг үзээд омогшихгүй байхын аргагүй байсан. Тэр өдөр есдүгээр сарын 20-ны өдөр байсан. Азийн наадмын нээлтийн өдрийн маргааш буюу тэмцээний хоёр дахь өдөр Монголын баг тамирчид анхны чухал хожлыг авсан юм. Монгол-Хонгконгийн тоглолтод манай залуучууд 86-77 онооны харьцаагаар хожлоо. Тэрхүү тоглолтыг үзээд үнэхээр бахархах сэтгэл төрж байсан.

-Монголын сагсчдыг амжилттай тоглоход үзэгчдийн дэмжлэг их чухал байсан. Бас яг хэрэгтэй үед та тоглолтыг үзэж, тэдэнд маш их урам зоригийг өглөө. Эргээд тэр үеийг дурсахад.

-Би түрүүн хэллээ. Тэр чухал хожлыг авсан өдөр бол есдүгээр сарын 20-ны өдөр байсан. Азийн наадмын сагсан бөмбөгийн эрэгтэй багийн тоглолтыг салхийг Монгол-Хонгконгийн багууд хагалсан юм. Эрэгтэй 16 баг өрсөлдсөн. Тэднээс урьдчилсан шатанд Кувейт, Хонгконг, Монгол, Казахстан, Энэтхэг зэрэг найман баг өрсөлдөж, дөрвөн баг буюу хэсэг бүрээс хоёр баг цааш тоглох болзлыг хангах байсан. Монголын баг Кувейт, Хонгконг, Мальдивын БНУ-ын багуудтай нэг хэсэгт багтсан. Би Монгол-Хонгконгийн тоглолтын хоёрдугаар үед тэмцээн болж байсан “Самсан” ордонд очсон юм. Намайг очиход 17-21 онооны харьцаагаар эхний үе өндөрлөж, манай сагсчид хожигдсон байсан. Яг тэр үед би хүндэт суудалд суусан. Тэгээд удалгүй хоёрдугаар үеийн тоглолт эхэлж, манай баг тамирчид эхний оноогоо авч эхэлсэн. Би их азтай. Яагаад гэхээр Ази тивийн хүчирхэг багтай тоглож буй сагсчдынхаа тоглолтыг хараад тэд маань оноогоор тэргүүлээд эхэлсэнд. Тэгээд тоглолтыг дуусан дуустал үзсэн. Эхэндээ хүндэт суудалд Монголын талаас миний бие ганцаараа байсан. Тоглолтын гурав, дөрөвдүгээр үед Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МҮСБХ-ны ерөнхийлөгч, сайд С.Эрдэнэ нар ирж, бид олуулаа болж ирсэн. Миний дэргэд Хонгконгийн олон төлөөлөгч нар байсан. Тэгсэн тэд дөрөвдүгээр үед гараад явчихсан. Учир нь эхний үед 17-21 онооны харьцаагаар хожигдсон Монголын баг хоёр, гуравдугаар үеийг 28-21, 14-12 оноогоор хожсон юм. Төгсгөлийн дөрөвдүгээр үеийг 27-23 оноогоор хожиж, нийлбэр дүнгээр 86-77 оноо буюу 9 онооны зөрүүтэй ялалтыг авсан юм. Бид үнэхээр хүчтэй байж, баг тамирчдаа уухайн түрлэгээр дэмжсэн юм.

-Энэхүү чухал ялалтын дараа баг тамирчидтайгаа баяр хүргэхэд таныг талбай руу оруулаагүй гэсэн.

-Монгол-Хонгкогийн тоглолт 86-77 онооны харьцаагаар манай тамирчдын ялалтаар өндөрлөсөн. Тамирчдадаа баяр хүргээд буух болсон чинь багийн ахлагч болон багийн тамирчид руу орох зөвшөөрөлтэй пас байдаг юм билээ. Тийм эрхтэй хүмүүс талбай руу нэвтэрч болдог. Харин би болохоор индэр дээр суудаг пасттай байсан юм билээ. Тэгээд намайг нэвтрүүлэхгүй үлдээчихгүй юу. Би тэгээд баг тамирчдаа холоос харж, баяр хүргээд зургийг аваад өнгөрсөн. Тэнд уур амьсгал үнэхээр гоё байсан. Баг тамирчдаа дэмжихээр ирсэн хөгжөөн дэмжигчдийн дуу хоолой үнэхээр хүчтэй байсан. Манайхан бол маш их хөөрсөн. Сагсны тэмцээнийг монголчууд дэргэдээсээ үзэж байгаа мэт боломжийг зарим залуучууд маань олгосон гэсэн. Тэгэхээр миний, бидний мэдэрсэн тэр уур амьсгалыг монголчууд маань дэргэдээсээ мэт үзсэн гэдэгт итгэлтэй байна.

-Сагсан бөмбөгийн тэмцээн болсон “Самсан” ордноос таныг “Довон” ордон руу очсон гэсэн. Гэтэл тэр өдөр тэрхүү ордонд хоёр удаа төрийн дуулал маань эгшиглэлээ.

-Тиймээ, сагсны тэр гоё ялалтын баяр баясал маань арилаагүй байсан тэр үед жүдо бөхийн тэмцээн болж буй ордон руу очих хэрэг гарсан. Яагаад гэхээр гурван бөх мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө барилдахаар үлдээд байгаа талаар жүдо бөхийн холбооноос дуулгаж, урьсан байгаа. Тэгээд “Самсан” ордноос гараад “Довон” ордон руу очсон юм. Намайг ирэхэд манай дөрвөн бөх барилдсанаас гурав нь алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байсан. Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар алтан медаль хүртэж,  60 кг-д дэлхийн аварга, ОУХМ Г.Болдбаатар мөнгөн медаль хүртсэн юм. Тэр танхимд төрийн дууллалаа хоёр удаа сонсох гоё юм билээ. Үнэхээр гоё барилдааныг үзэж, оройжингоо хашгирсан. Тэнд жүдо болон сагсны заал монголчуудаар дүүрэн байсан. Үнэхээрийн гайхалтай уур амьсгал байсан. Маргааш нь монгол руу буцах байсан болохоор бусад тэмцээн уралдааныг үзэж чадаагүй.

-1962 онд Азийн зуны спортын IV дэх наадмыг зохион байгуулж байсан Индонезийн Жакарта хотод дөрвөн жилийн дараа тивийн шилдэг тамирчид дахин өрсөлдөнө. “Инчён-2014” наадмаас сургамж авсан Монголын баг хэрхэн бэлтгэлтэй оролцох вэ?

-Энэхүү наадмаас их сургамжыг авлаа. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд байдаг спорт, үндэсний шигшээ багт хараахан орж амжаагүй, төрөөс санхүүжилт авч байгаагүй төрлүүдийн хурц ялгаа бол үнэхээр медаль дээр гардаг юм байна. Олон медаль авч буй төрлүүдийн хувьд төрөөс дэмжлэгтэй байж, байнгын бэлтгэл сургуулилалтанд хамрагдаж, тэр хэрээрээ тэд бусдаас ялгараад гараад ирж байна. Тэгэхээр үндэсний шигшээ багийн зардал гэж том асуудал байдаг юм. Энэ зардалд жилдээ 5 тэрбум орчим төгрөг байдаг. Ингэж бид баг тамирчдаа олон улсын тэмцээн уралдаанд оролцох зардал болон бэлтгэл хийх хангамжийг гаргаж байна. Мөн эндээс тамирчдынхаа цалингийг төлдөг. Энэ байнгын дэмжлэгээр үндэсний шигшээ багийн тамирчдын хувьд олон тэмцээн уралдаанд оролцож чаддаг учир дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөх арга барилыг эзэмшсэн байдаг. Тэгэхээр үүнээс харахад дэмжлэгийн ялгаа бол медалийн төлөөх тоглолтуудад харагдлаа. Цаашдаа олон спортыг, үндэсний шигшээгийн хэмжээнд дэмжинэ гэхийн бол төсөв маш их хэрэгтэй болно. Үндэсний шигшээ багийн тамирчдыг дэмжих төсөв тэр бүр нэмэгдээд байж чаддаггүй. Гэхдээ бид үндэсний шигшээ багаас гадна орон тооны шигшээ бус багийг энэ жил анх удаа гаргаж ирлээ. Амжилт гаргах тамирчдаа дотоодын бэлтгэл сургуулилалтад нь дэмжихээр ажиллаж байна. Мөн тэдгээр тамирчдыг гадаадад явах зардлыг нь дааж чаддаггүй юмаа гэхэд монголд зохион байгуулагдах олон улсын тэмцээн дээр нь анхаарч тивийн, дэлхийн шилдэг тамирчидтай нь өрсөлдөх талбарыг бий болгоход нь чиглэн ажиллаж байна. Тиймээс бид аль аль талаас нь анхаарна. Мэдээж, боломжийн хэрээр бусад төрлүүдээ зэрэгцэн дэмжих болно. Ялангуяа саяын Азийн наадамд өндөр амжилт гаргаж, шилдэг наймуудын тоонд орсон энэ спортын төрлүүдэд ирэх оны төсвийг хуваарилахад онцгой анхаарна.

-Таныг нэг зүйлийг асуухгүй өнгөрч чадсангүй. Энэ сарын 14-нөөс (маргааш) волейболын “Намрын тэргүүн” баг шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд нээлтээ хийх гэж байна. Гэтэл үзэгчид маань тэр бүр энэхүү ордныг очих нь бага байна. Энэ тал дээр цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Томоохон уралдаан, тэмцээн зохион байгуулах үед Спортын төв ордноос “Буянт-Ухаа” спортын ордон руу үнэгүй үйлчлэх автобусыг гаргаж байгаа. Үзэгчдийн хувьд энэхүү үйлчилгээг авч тэмцээнийг үздэг. Цаашид энэ байдал маань хэвшил болж, үзэгч, хөгжөөн дэмжигчид тасалдахгүй яваад байхад ордон үзэгчээр дүүрнэ шүү дээ. 2012 оны волейболын эмэгтэйчүүдийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болсон. Энэхүү тэмцээнээс Монголын баг мөнгөн медалийг хүртсэн юм. Тухайн үед үзэгч дүүрэн байсан. Үүн шиг хөгжөөн дэмжигчид маань тэрхүү ордон руу явах жим улам хүчтэй, олуулаа болно гэдэгтэй итгэлтэй байна. Газрын холыг яах ч боломж байхгүй учир цаашид үзэгч, дэмжигчдийн очихыг хүсдэг газар болно гэдэгт итгэлтэй байна.

-2016 оны сүмо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улс зохион байгуулах эрхээ авчихлаа. Цаашид тив, дэлхийн тэмцээн уралдаан манай улсад болох боломж хэр байна вэ?

-Олон улсын тэмцээн уралдаан монголд зохиогдох эрхүүд жилээс жилд нэмэгдэж байна. Өнгөрсөн жилийн хувьд 10 олон улсын чанартай тэмцээн, уралдаан боллоо. Үүнд улсаас 1 тэрбум орчим төгрөгийг гаргасан. Дараа нь бид энэхүү 1 тэрбум төгрөг эдийн засагт хэрхэн ашгаа өгсөн талаар тооцоо хийж үзэхэд гадаадын баг тамирчдаас 4 тэрбумын орлого орсон байсан. Тэгэхээр олон улсын тэмцээн, уралдааныг эх орондоо зохион байгуулахад зардалтай боловч нөгөө талаар хоёр талын ашигтай болж байна. Эдийн засагт төдий хэмжээний ашиг орж ирж байна. Мөн манай тамирчид тив, дэлхийн тамирчидтай гэртээ олуулаа оролцоод, олон медалийг гэртээ аваад дээр нь олимпийн эрхийн оноог цуглуулах боломжтой байгаа. Өнгөрсөн жилийн 10 тэмцээнээс хоёр нь олимпийн эрхийн оноо олгох нөхцөлтэй байсан. Ирэх 2015 оны хувьд 15 тэмцээн, уралдаан зохион байгуулагдах төлөвтэй байна.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж