Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС
Суудлын хэрүүл

Агаарын хэм хасахад шилжээд буй энэ мөчид Засгийн газрын шинэ бүтэц одоо хэр нь тодорхойгүй байна. Энэ асуудал сунжирч, дахиад нэг долоо хоногийг зарцуулах нь тодорхой болов. Засгийн газрын шинэ бүтцээр нэгтгэсэн яамдад хэнийг тавих вэ гэх суудлын хэрүүл үргэлжилсээр. Урвасан, шаравсан улстөрчид суудлын хэрүүлдээ Засгийн газрын өргөн барьсан 2015 оны төсвийн хуулийг төслийг хамаатуулан хутгахаа мартсангүй.

Одоохондоо Сангийн сайдын суудлаасаа сугалуулчихаагүй суугаа Ч.Улааны мэдэгдсэнээр “2015 оны төсвийн хуулийг боловсруулахдаа 7.2 их наяд төгрөгийн орлого төвлөрнө, 8.4 их наяд төгрөгийн зарлага санхүүжигдэнэ гэж тооцсон. Түүнд Чингис бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрүүд багтсан. Төсвийн орлогын тухайд энэ оныхоос  900 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол зарлага 1 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ” гэнэ. Ер л эдийн засгийн байдал хэцүүдэж “Огт нэмэгдүүлэхгүй байх таван зарчмыг тодорхойлсон. Тухайлбал, орон тоо, зардал нэмэгдүүлэхгүй байх, шат дамжлага нэмэхгүй байх, удирдлагын зардлыг нэмэгдүүлэхгүй байх” бодлого барихаар болсоноо ч тэрээр дуулгаж байна. Түүнчлэн эд хогшил, сандал ширээгээ солихыг тэвчих, албан контор барихыг тэвчинэ. Үр өгөөж өгөхгүй төсвийн зарлага дагуулах зардлуудыг тэвчих юм байх.

Харин энэ бүхнийг сөрөг хүчнийхэн шүүрч аваад “ашиггүй ажилладаг Засгийн газар бидэнд хэрэггүй” гэх үгсийг чулуудаж, болж өгвөл Засгийн газрыг унагааж тоглохыг зорьж байна. Тэдэнтэй ашиг сонирхол нэгдсэн, суудлын төлөө улайрсан Ардчилсан намын зарим фракцийнхан нь төсвөө батлахгүй байж байгаад тарж, дахиад сонгууль хийе ч гэх шиг төсвийн мөнгийг хэрхэн үргүй зарах тухай толгойгоо гашилгаж сууна. Дайран дээр давс гэгчээр хотын удирдлагууд ч ирэх оны төсвийн талаар бухимдан, хот сүйрэх нь гэх мессэжийг чулуудсан.

Женко Х.Баттулгад бүхнээ атгуулчихсандаа хорссон МоАХ-ынхон ч дуугүй суусангүй. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Равдандорж “МоАХ фракцыг албан ёсоор өөрчлөн байгуулна. АН-ын ҮЗХ, УИХ-ын түвшинд энэ үйл ажиллагаа явагдаж байна” гэснээс үзэхэд энэ фракцийнхан бас л шинэ бүтцэд санаархаж, суудлын төлөөх тулаанд орсоноо зарласан тодорхой боллоо.

Ерөнхийлөгч ч дуугүй суусангүй. Хөхүүрийн ам цаашилсан энэ мөчид шинэ бүтэцтэй Засгийн газар дан дээлтнүүд орно гэж ойлгож байгаагаа УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нартай уулзахдаа “Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн байр суурь тодорхой байгаа гэж бүлгийн дарга С.Бямбацогт сая хэллээ. Засгийн газрын бүтцийн тухай хуулийг харахад долоон сайд өөрчлөгдөж, дөрвөн сайдыг шинээр томилох тухай асуудал яригдах юм байна. Хариуцлагатай холбоотой асуудал, бие биедээ хяналт тавих боломжийг бид нар энэ цаг мөчөөс эхэлж бүрдүүлэх хэрэгтэй” гэх үгээрээ Ерөнхийлөгч харуулсан юм.

Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хуулийн хүрээнд ажиллана. Өнөөдрийн мөрдөгдөж буй хуулиар Засгийн газрын гишүүн хүн УИХ-ын гишүүнээр ажиллах боломжтой. УИХ-ын гишүүн нь Засгийн газрын сайд хийх боломжтой” хэмээсэн нь давхар дээлтнүүдийг тайчуулах сонирхолгүй байгаагаа харуулав.

Ер нь Засгийн газрын шинэ бүтцэд бүгд л оролцохыг сонирхож байна. УИХ дахь бие даагчид ч өөрсдийн байр сууриа “Мэргэжлийн хүмүүсийг сайдад нэр дэвшүүлж, батлуулах ёстой” гэж тодорхойллоо.

Энэхүү бүтцэд МАХН ямар бодлого барих вэ гэдгийг ярилцахаар ирсэн өөр нэгэн хүн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Эгээтэй л Хойд Солонгосын удирдагч шиг намынхнаа уйлуулан, дуулуулан сүр дуулиантайхан тэрээр ирэх нь тэр.

Энэ мэтээр наанаа Засгийн газрын бүтэц, улс эх орны эрх ашгийг бодож байгаа мэт боловч цаагуураа суудлын төлөөх явцуурхал дахиад л энэ долоо хоногт үргэлжлэх нь. Ингэхдээ хуваарилалт нь шог санагдвал дахин дахин сайдаар томилох Ерөнхий сайдын саналыг буцааж, будлиулах нь ч тодорхой болчихлоо. Тиймээс Н.Алтанхуяг хэцүүхэн байдалд орох нь гарцаагүй. Ер нь хаа хаанаа эрүүлээр сэтгэж, муйхарлаж зүтгэлгүй боломжтойг нь дээлийг нь тайлуулж, болохгүйг нь дээлтэй нь үлдээгээд хурдхан сайд нараа томилж, хэрүүлийн алимаа хазаад дуусгаж, хүндхэн байгаа эдийн засгаа хаа хаанаа босгохоор ажиллахыг цаг үе улстөрчдөөс шаардаж байна.

Үнэхээр улс орны эрх ашгаа боддог л бол иргэдийн тархийг угаахад бус улсаа хөгжүүлэхэд толгойгоо ашиглахаар хүлээсэн үүргээ ухамсарлах нь юу юунаас чухал. Одоо телевизээр тархиа угаалгаад суудаг завтай хүмүүс ч байхгүйг сануулах юун.

Л.НАРАНТӨГС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж