Гэтэл түүний төлөөлдөг Санкт-Петербургийн тойргийнхон гэнэтхэн хугацаанаас нь өмнө түүнийг албанаас нь чөлөөлөх шийдвэр гаргав. Дараагийн ээлжит сонгууль болоход хагас жил орчим л үлдээд байхад ийм үйл явдал болжээ. Нэгэнт төлөөллийнхөө бүрэн эрхийг цуцлуулсан С.Миронов хуулийн дагуу дээд танхимын даргынхаа тушаалаас нэгэн зэрэг огцорлоо. Тойрогт нь бугшсан авлига, хээл хахуулийг шүүмжилсний төлөө, бүр Москва хотын экс мэр Ю.Лужковтой холбоотой асуудлаар С.Мироновыг “халсан” гэсэн мэдээллүүд Оросын сайтуудад гарч байна. Ямар боловч түүнийг огцруулах асуудал “шуурхай” болж өнгөрчээ. Санкт-Петербургийн төлөөлөгчид шийдвэрээ нэгдсэн хуралдаан дээр уншаад л дээд танхимын даргыг өндөр тушаалаас нь буулгасан байна.
Гэхдээ ноён С.Миронов гудамжинд гарч “лааз өшиглөхгүй”. Парламентын доод танхим болох Төрийн Думын гишүүнээр ажиллана. Гэхдээ сул гишүүн бус “Шударга Орос” жигүүрийг толгойлох нь тодорхой болсон. С.Мироновын оронд Онцгой байдлын тэргүүн С.Шойгугийн нэрийг дэвшүүлэх нь бараг тодорхой болов. Албанаасаа цааргалалгүй буусан С.Миронов өөрийг нь огцруулж “чөтгөр шулам агнасан” явдал Оросын парламентын түүхэнд үлдэнэ гээд Төрийн Думын депутатын мандатаа авмагц хурц үг хэлэхээ амлажээ.
Ноён С.Миронов Монголыг хоёр дахь эх орноо гэдэг, өөрийгөө “монгол” геологич хэмээн нэрлэдэг хүн. ЗХУ, БНМАУ хоёрыг “ах дүү” байх үед С.Миронов Монголд геолигичоор ажиллаж бараг бүх аймагт хөл тавьж үзсэн гэдэг юм. Дорнодоос Ховд хүртэл явган шахам аялж эрдэс баялаг хайсан гэдгээ ярих дуртай. Нэг “монгол” охинтой. Аавыгаа Монголд ажиллаж байхад энд төрсөн хүүхэд нь. Охиных нь сэтгэлд Монгол дандаа цастайгаар дүрслэгддэг гэсэн. Мэдээ орж байхад нь цастай өвлөөр тэднийх Монголоос нүүжээ. Түүнээс хойш төрсөн нутагтаа ирж үзээгүй охинд дандаа л цавцайсан цас төсөөлөгддөг гэж аав нь Монголын сэтгүүлчидтэй уулзахдаа нэгэнтээ хуучилсан. Монголд айлчлах болгондоо ноён С.Миронов заавал аль нэг аймаг руу ухас хийгээд ирдэг байв. Түүнийгээ зарлахгүй, сэтгүүлч дагуулахгүй. Дундговь чигт явах дуртай, түүнийг нь манай геологичид цаашлуулж “Монголд ажиллаж байхдаа хайртай байсан монгол хүүхэн нь тэнд амьдардаг” гэх. Гэхдээ цаагуураа Оюутолгой, Тавантолгойг танддаг гэсэн яриа гардаг байв. Түүнийг 2005 онд Монголд айлчлахад нь Дрепасский тэргүүтэй нөхөд араас нь ирж манай томчуудтай далд уулзалт хийж байсан юм. Хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сарын сүүлээр Улаанбаатарт болсон Олон улсын парламентчдын чуулганд оролцон үг хэлсэн. Зав зай гарсан бол бас хаа нэг тийш “гялалзаад” ирэх байсныг үгүйсгэхгүй. Харин Москвагийн метронд алан хядагчид дэлбэрэлт үйлдсэнээс болж хурлаа дуусгалгүй буцсан юм.
С.Миронов Монголын хээр талаас цуглуулсан мана, гартаам, болрын цуглуулгатай гэдгээ бархалтайгаар ярих дуртай. Монголын эрдэс баялгийн нэвтэрхий толь болсон С.Мироновыг 2003 оны зун айлчлахад нь ШУТИС-ийн хүндэт доктор цол хүртээсэн юм. Харин одоо “Монгол” геологич маань Оросын төрийн гурав дахь хүний суудлаас доошилж Төрийн Думын депутат болж байна. Түүнийг өндөр албанаас чөлөөлсөн ч өөрт нь бол улс төрийн чөлөөтэй тоглолт хийх боломж олдсон нь таатай завшаан гэж үзэх ажиглагчид бас байгаа юм. “Монгол” геологич С.Миронов ямар боловч улс төрийн нөлөөгөө алдахгүй хэмээн Оросын хэвлэлүүд ид бичиж байна.