Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны өчигдөр болсон ээлжит хурлаар шингэрүүлсэн хийн хангамжийг нэмэгдүүлэх, нөөцлөх, хадгалах агуулахыг өргөтгөх болон гэр хорооллын айл, өрхийн хийн түлшний хэрэглээ нэвтрүүлэх ажлын явцын талаар хэлэлцлээ.
Хийн агуулахыг өргөтгөж, нийслэлийн айл өрхүүдэд хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх тендерт “Дашваанжил”, “Юни газ”, “Гор газ” гэсэн гурван компани шалгарч, хариуцсан ажлаа 11 дүгээр сарын 15-наас өмнө дуусгахаар гэрээ байгуулсан юм.
Хийн агуулахын багтаамжийг 1100 тн-оор нэмэгдүүлэх ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.
Харин хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх ажил тоног төхөөрөмж татан авалт, угсралтын шатандаа явна. Баянхошууны эцсээс Долоон буудал хүртэлх хэсэг буюу Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн утааны голомтын бүс дэх 5000 өрхөд 11 дүгээр сарын 1-нээс хийн плитканы иж бүрдэл нийлүүлж эхэлнэ.Дээрх гурван дүүрэгт хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх борлуулалтын цэг байгуулах, айл өрхүүдэд хүргэж суурилуулж өгөх дуудлагын баг ажиллуулах зэрэг бэлтгэл ажил үргэлжилж байна.
Хийн плитканы иж бүрдэл 200 мянган төгрөгийн өртөгтэй. Энэ үнийн дүнгийн 70 хувийг хөнгөлж, 60 мянган төгрөгөөр айл өрхүүдэд нийлүүлэх юм. Иж бүрдэлд плитка, баллонтой хий, аюулгүйн хамгаалалтын хэрэгслүүд багтана.
Нүүрс, цахилгааны аль алинаас хурдан халдаг, эдийн засгийн хэмнэлттэй энэ бүтээгдэхүүнийг үйлдвэржсэн орнууд айл өрхийн хэрэглээнд өргөн нэвтрүүлж, агаарын бохирдлыг бууруулах ажилдаа хөшүүрэг болгосон байдаг. Манай орны хувьд хийн буюу газан плиткийг нийтийн хоолны газруудад түлхүү ашиглаж, айл өрхийн хэрэглээнд төдийлөн сайн нэвтрээгүй байна. Иймд дэвшилтэт энэ төрлийн хэрэглээг өргөжүүлж, дадлагажуулахын тулд энэ онд эхний ээлжинд 5000 өрхөд хийн плитка нийтүүлэх юм. Ирэх жилүүдэд энэ ажлыг далайцтай үргэлжлүүлнэ.
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО