Засгийн газрын уржигдрын хуралдаанаар “Оюутолгой” төслийн барилга, бүтээн байгуулалтын ажилд учирч буй хүндрэл, бэрхшээлийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт уг төслийн талаар мэдээлэл хийсэн юм. Засгийн газрын энэ удаагийн хуралдаанаар “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэх, олборлолтыг товлосон цагт эхлэхэд дэмжлэг үзүүлэн цахилгаан станц барих ажлыг ирэх зургадугаар сард багтаан эхлүүлэх даалгаврыг салбар хариуцсан сайдад өглөө.
Ганцхан сарын хугацаанд шийдэж чадах эсэх нь төрийн байгууллагын хурд, зохион байгуулалтын асуудал. Харин “Оюутолгой” төслийн тулгамдсан асуудал болох цахилгаан эрчим хүчний эх үүсвэр байхгүй нь томоохон ажлуудад саад болж байна. Барилгын ажлаа гүйцэтгэх хугацаанд шаардлагатай эрчим хүчээ БНХАУ-аас авахаас өөр аргагүй. Үүний тулд Монгол, Хятадын хил хүртэл 220 квт-ын хүчин чадал бүхий цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих зөвшөөрлийг салбарын яамнаас хүссээр байж авсан. Энд нэг сайшаалтай тал ажиглагдсан нь уул уурхай, эрчим хүч гэдэг хоёр салбарыг нэгтгэн Эрдэс баялаг, эрчим хүчний яам гэгчийг байгуулснаар асуудлыг шийдэж чадсан нь Засгийн газрын хувьд зөв алхам байжээ. Тэгээгүй бол хоёр яамны хооронд бичиг цаас барин гүйсээр ажил цалгардах байсан ч байж мэднэ. Харин цаашид яах вэ.
Засгийн газрын зүгээс говийн бүсийг эрчим хүчээр хангах цахилгаан станцаа Оюутолгойд барих уу, эсвэл Тавантолгойд уу гэдгээ шийдэж чадаагүй л байна. Хэрэв Тавантолгойд цахилгаан станц барихаар шийдвэл урт хугацааны турш шаардагдах усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх, нэмэлт судалгааны ажил, энэ бүхэнтэй холбогдуулан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчны үнэлгээ хийх ажлыг маш яаралтай хугацаанд бэлэн болгох хэрэгтэй болно.
Энэ бүхнийг хийхэд хэчнээн хүн оролцох, хэдэн байгууллагаар хэлэлцүүлж зөвшөөрүүлэх, ямар хэмжээний зардал шаардах вэ гэхээр нэг сарын хугацаа чамлалттай л санагдаад байгаа юм. Дээр нь техник, эдийн засгийн үндэслэлийг яарч сандран хийж болдоггүйг мэргэжлийн хүмүүс, эрдэмтэд байнга зөвлөдөг. Тиймээс энэ бүхнийг ирэх зургадугаар сард амжуулан сайн хувилбар, оновчтой арга замыг олох нь юу л бол. Харин “Оюутолгой” компанийн хувьд төслийнхөө тусгай зөвшөөрөлтэй талбайдаа буюу түүний ойр орчимд цахилгаан станц барих сонирхолтой байна. Усны болон байгаль орчны үнэлгээгээ хийлгэн техник, эдийн засгийн үндэслэлтэй холбоотой ажлаа тодорхой хэмжээнд хийж эхэлсэн ажээ.
Ямартай ч Засгийн газраас салаа замын нэгийг сонгох, хамгийн гол нь ажлыг яаралтай эхлэх боломж нөхцөлөөр хангах зорилготой ажлын хэсэг гараад байгаа. Гэвч цаг хугацаа, тэр тусмаа барилга, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх улирал нь өнгөрчих гээд байдаг. Энэ асуудлыг шийдсээр зургадугаар сарыг барах нь. Хэрэв зургадугаар сард багтаан цахилгаан станц хаана байгуулахыг шийдээд дэд станц барих зөвшөөрлийг нь өгчихвөл 2016 оноос ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан цахилгаан станц барих ажил дөрвөн жилээр наашилж, ирэх оноос бүтээн байгуулалтын ажлаа эхлэх боломжтой хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хэлж байсан. Тэрбээр цаашид усны хоолой болон эрчим хүчний дамжуулах шугамын газар, төслийн богино хугацааны эрчим хүчний хангамж, цахилгаан станц барих асуудлаар дэмжлэг үзүүлэхийг хөрөнгө оруулагч компанийн удирдлагууд Засгийн газраас хүссэнийг уламжилсан юм. Уг асуудлыг энэ сарын 30-31-нд Бээжин хотноо болох хоёр улсын Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын зөвлөлдөх уулзалтын үеэр ярилцахаар төлөвлөжээ. Хэрвээ тодорхой шийдэлд хүрэхгүй бол төслийн хэрэгжилт тодорхой хугацаагаар хойшилно.
Дашрамд дурьдахад, “Оюутолгой” төслийн санхүүжилтийн талаар хөрөнгө оруулагч талууд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хооронд хийж байгаа яриа хэлэлцээрт сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа юм. Хамгийн гол нь энэ оны эцсээр “Оюутолгой” төсөл санхүүгийн хүндрэлд орж зогсч мэдэхээр болоод байгаа ажээ. Төслийн хүрээнд ойрын гурван жилийн хугацаанд хийх барилга, угсралтын ажил өнгөрсөн гуравдугаар сарын эцсийн байдлаар 15 хувийн гүйцэтгэлтэй байна гэж Засгийн газрын хуралдааны үеэр мэдээлж байсан. Орд газрыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу олборлолтыг 2013 онд эхлэхээр төлөвлөж байсан ч барилгын ажил, хөрөнгө оруулалтыг богино хугацаанд шахаж ажилласнаар 2012 онд олборлолтоо эхлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Гэтэл энэ оны сүүлчээр санхүүжилт нь зогсчихвол яах вэ. Энэ эрсдэлийг урьдчилан харж, угтуулан арга хэмжээ авах ёстой хүмүүс нь яах аргагүй гэрээ байгуулсан хоёр талынхан.
Даалгавар авсан сайдад найдаад орхилгүйгээр бүх талаас дэмжин Монголын Засгийн газар үүргээ гүйцэтгэж чадвал хөрөнгө оруулагчдад элдэв эрсдэл учрахгүй байх боломж бий. Нөгөөтэйгүүр гэрээнд заасны дагуу боломж, нөхцөлөөр нь хангаагүй байж цаг хугацаа тулгаж, хариуцлага тооцох эрх манай талд хомс болчих гээд байгаа юм. Наад зах нь Монголын Засгийн газар хөрөнгө гаргаж чадахгүй, цахилгаан станц барих зөвшөөрлийг нь ч өгч чадахгүй, дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдын ажлыг гацааж байна гээд шуугих биз. Хамгийн гол нь одоо хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийг орхих хайран санагдана. Тухайлбал, Оюутолгойд олон улсын стандартад нийцсэн нисэх буудал барих 30 сая ам.долларын төслийн ажлыг Монголын компаниуд гүйцэтгэж байгаа. Гашуунсухайтын боомтыг шинэчлэн барилга, цэвэр ус, оффис, үйлчилгээний байгууламжийн засварын чиглэлээр 1.8 сая ам.долларын ажлыг Монголын компаниуд гэрээгээр хийсэн. Энэ оны эцэс гэхэд Гашуунсухайт боомтыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний дагуу гааль, мэргэжлийн хяналтын албанд ашиглах лабораторийн барилгыг барьж дуусгана. Энэ төсөлд л гэхэд 1.6 сая ам.доллар зарцуулах юм билээ.
Түүнчлэн Оюутолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай замын барилгын ажил эхлээд байна. Энэ төсөл нь 100 сая ам.доллараар хэрэгжих бөгөөд ажлын 80 хувийг Монголын компаниуд гүйцэтгэхээр шалгараад байна. Монгол, Хятадын хилийн хооронд 220 квт-ын цахилгаан дамжуулах шугамын ажлын 30 сая ам.долларын зардлыг мөн л “Оюутолгой” төслөөс гаргах юм билээ. Гүйцэтгэх ажлын 60 хувийг манай үндэсний компаниуд гүйцэтгэнэ. Дээр нь УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн амладаг олон ажлыг “Оюутолгой” төслийнхөн өөрсдийн хөрөнгөөр хийчихээд байгаа. Спорт, урлагийн цогцолбор, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг өргөтгөх, дотуур байр, бизнес хөгжлийн төв барьж байгуулах гээд ярихад жижиг мэт боловч хийх ажил, зарцуулах хөрөнгийн хувьд асар том бүтээн байгуулалтын ажлыг энэ онд төлөвлөчихөөд байна.Иймд Засгийн газар говийн бүсэд цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох ажилд нь дэмжлэг үзүүлж, төслийн ажлыг саадгүй үргэлжлүүлэхэд яарах хэрэгтэй боллоо. Монголын Засгийн газар дэлхийн томоохон хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулж ч чаддаг, нөхцөлийг нь хангаж, ажлаа хийлгэж ч чаддагаа харуулах ёстой. Эцсийн үр дүн нь Монгол Улсын нэр хүнд, эдийн засгийн хөгжил, бидний үр хойчид л үлдэх юм шүү дээ.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.
У.ОРГИЛМАА