“Эрдэнэт”-ийнхэн эрдэс баялгийн асуудал хөнджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийнхэн эрдэс баялгийн асуудал хөнджээ

Монгол, Оросын хувь нийлүүлсэн байгууллагуудын зөвлөл өчигдөр хуралдлаа. Харин “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Монголросцветмет” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ХК тус бүр салбар хуралдаан хийсэн юм. “Совет”-ийн хурал хэвлэлийнхэнд хаалттай, тэр ч бүү хэл өндөр харуул хамгаалалт дор боллоо. Салбар тус бүрийн хуралдаанаар өнгөрсөн оны ажлын тайлан, ирэх оны төлөвлөгөөг хэлэлцэнэ гэсэн ерөнхий мэдээлэл байсан. Гэсэн хэдий ч энэ удаагийн хуралдаанаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ОХУ-д айлчлах үеэр яригдах 1949 онд байгуулсан төмөр замын гэрээний талаар хэлэлцэж байгаа сураг бий. Төмөр замын гэрээг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамныхан шинэчлэн боловсруулж байгаа юм. Харин гэрээг өөрчлөх, шинэчлэх эсэх нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зөвлөлийн хуралдаанаар тодорхой болох аж.

“Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн зөвлөлийн хуралд Оросын төлөөлөгчид өчигдөр орой ирсэн. Тиймээс тэднийг ирэхээр “Нүхт” цогцолборт очиж, “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн хувьчлалын талаар хэлэлцэх тухай мэдээллийг бидэнд эх сурвалж өглөө. Оросын тал “Эрдэнэт үйлдвэр”-ийг хувьчлах гэж байсан. Харин “Совет”-ын хуралдаанаар уг үйлдвэрийг хувьчлах хэрэгтэй эсэх талаар байр сууриа илэрхийлж, олон жил олны анхааралд байгаа энэ асуудлыг нэг тийш нь шийдэж мэдэх юм. Мөн Оросын тал “Монголросцветмет” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ХК, “Асгат” ХК-ийг нэгтгэн хувьцаа гаргаж, арилжаалах талаар санал болгож байсан. Тэгэхээр эдгээр асуудлыг хамтатган хэлэлцэж байгаа бололтой. “Монголросцветмет”-ийн хурал өчигдөр 17 цагийн үед дууслаа. Энэ удаагийн “Совет”-ын хуралдаанаар хэлэлцэх гол асуудал нь эрдэс баялгийн салбар руу чиглэжээ. Мөн хамтарсан байгууллагуудын ажлын тайлан, өмч хувьчлал, гэрээний талаар хэлэлцэхээс гадна дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх сураг байлаа. Ямартай ч хаалттай хаалганы цаана өрнөсөн “Совет”-ын хуралдаанаас ямар шийдвэр гарах нь хүн бүхний анхаарлын төвд байна. 

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин.

Ц.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж