Тэрбээр 57 тоглолтод оролцохдоо 55-т нь гараанд гарч, шилдэг тоглолт үзүүлснээр багийн ирээдүй гэдгээ батлан харуулжээ. Одоо тэрбээр багийн нэгдүгээр хаалгач гэдэг нь тодорхой болсон. 2003 онд драфтлагдаж байсан Крауфорд 2005 онд хоёр, 2007 онд тав, 2009 онд нэг тоглолтыг “Блэкхаукс”-ын өмсгөлтэй хийж байсан бол энэ жил анх удаагаа бүтэн улирал тоглосон юм. Түүнийг талбайд гарсан үед баг нь 33-18-6 гэсэн үнэмлэхүй амжилтыг үзүүлжээ.
Мөн тэрбээр улирлын туршид нэг тоглолтод дунджаар 2.30 гоол хаалгандаа алдсан үзүүлэлтээр наймдугаар байрт бичигдсэн бол плей-оффт 2,21 болж улмаар 92,7 хувьтай хаалт хийж байлаа. “Би Блэкхауксын нэг хэсэг байхыг хүссэн, багийн удирдлагууд ч мөн ялгаагүй. Хүн бүр намайг үлдээхийг хүссэн. Гэрээ эрт хийсэндээ баяртай байна. Одоо эргээд бэлтгэлдээ анхаарлаа хандуулж ирэх улиралдаа бэлтгэх боломжтой боллоо” гэж Крауфорд ярьжээ.
Багийн хувьд эхний тоглогчтойгоо л гэрээ байгуулж байна. Одоо тэдэнд чөлөөт агент болох Трой Брувер, Крис Камполи, Михаел Фролик, Жак Доуэлл, Виктор Сталберг нарын шилдгүүдтэй хэрхэн тохиролцох вэ гэдэг асуудал үүснэ.
Харин энэ үеэр дорнод бүсийн “Нью-Йорк Рейнжерс” баг Онтарио Хоккейн лигээс Кристиан Томас гэх довтлогчийг эгнээндээ элсүүлснээ зарлалаа. Томас тус лигт эхний хоёр улиралдаа нийтдээ 95 гоол оруулсан анхны тоглогч болсон. Тоглогч асан Стив Томасын хүү, энэ жил ердөө 18 настай тэрбээр 2010 оны хоёрдугаар тойргийн 40 дэх сонголтоор “Рейнжерс”-т ирж байсан юм. Тус багийн тоглогчдоос өмнө нь Райн Каллахан л Онтарио лигт 50-иас дээш гоол оруулж байсан. Харин Томас ирэх жил “Рейнжерс”-ийн өмсгөлтэй талбайд гарснаар хоёрдахь тоглогч нь болох юм.
Түүний эцэг Стив Томас 1200 тоглолтыг Үндэсний хоккейн лигт хийж 421 гоол, 933 оноо авч байжээ.