Македоны Эрүүл мэндийн сайд Йованка Костовска мэдэгдэл хийв
Эбола вирусын халдвартай ижил шинж тэмдэг илэрсэн 58 настай Британийн нэг иргэн Македоны эмнэлэгт нас барсан байна. Македоны албаныхны мэдээлснээр Английн Лондон хотоос ирж, Скопье хотын зочид буудалд байрласан эрэгтэйн бие муудаж, өчигдөр /Х.9/ эмнэлэгт хүргэгдсэнээс хэдхэн цагийн дараа нас баржээ. Сэжигтэй эрэгтэйд удаа дараа бөөлжих, халуурах, дотуур цус алдах шинж тэмдэг илэрч, бие нь маш хурдан муудсан гэнэ. Македоны талаас эбола вирус мөн эсэхийг тогтоолгохоор Британи эрэгтэйн цогцосноос шинжилгээ хийхээр дээжийг Германы Франкфурт руу илгээжээ.
Эбола вирусын халдвараар өвчилсөн хүн 38.5 хэм давж, өндөр халуурдаг бол Британи эрэгтэйнх 37.4 хэм байжээ. Мөн тэрээр Македонд ирэхээсээ өмнө эбола вирусын халдварын голомт Баруун Африкийн орнуудаар дайраагүй гэнэ. Тиймээс түүний үхлийн шалтгаан хараахан эбола вирусын халдвар биш байж болох талтай аж. Гэсэн ч халдвар тараахаас урьдчилсан сэргийлэх үүднээс зочид буудлыг цагдаа, цэргийнхэн бүсэлж, ажилчид болон өөр нэг Британийн иргэнийг хөл хорьжээ.
зочид буудлыг хаан хөл хорьжээ
Хэрэв түүний үхлийн шалтгаан эбола вирус мөн болох нь тогтоогдвол тэрээр аймшигт халдвараар нас барсан Их Британийн анхны иргэн болох юм. Үүнээс гадна 42 настай Томас Эрик Данкан гэгч АНУ-д эболагаар нас барсан анхны хүн болсон юм. Мөн хоёр номлогчийг эмчилж байсан Испани сувилагч өвдсөнөөр Европт эболагаар халдварласан анхны хүн болсон билээ. Олон улсад эбола вирусын халдвараар 4000 орчим хүн нас барж, 8000 гаруй хүн өвчлөөд буй юм. Эбола вирусын халдвар Гвиней, Сьерра-Леоне, Либери, Конго Нигери зэрэг орнуудад өргөн хүрээтэй тархжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Dailymail.co.uk, Reuters