“Тунгалаг буянт” 60 дахь жилдээ эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

“Тунгалаг буянт” 60 дахь жилдээ эгшиглэнэ

Мөнгөн давалгаа хаяласан
Мөрөн голын минь урсгал
Мөнх цаст Алтайн сугаас
Мяралзан урсах нь бахдалтай…
хэмээн эхэлдэг “Тунгалаг буянт” дуу монголчуудын сэтгэл зүрхэнд эгшиглэсээр 60 дахь жилтэйгээ золгож байна. Анх 1954 онд үзэгч, сонсогчдын хүртээл болж байсан “Тунгалаг буянт”-ыг Ардын жүжигчин Б.Зангад наймдугаар ангийн сурагч байх үеэс дуулснаар нэгэн жарныг хамтдаа элээжээ.  Монголчууд түүнийг “Тунгалаг буянт”-ын Б.Зангад хэмээн авгайлах нь бий, энэ бол дуулсан дуу нь түүний нэрийн хуудас болж мөнхөрсний тод жишээ билээ.

Ойрд Ардын жүжигчин Б.Зангад “Тунгалаг буянт” дуугаараа нэрлэсэн хүндэтгэлийн тоглолтоо хийхээр тун чиг завгүй хөл хөөр болж яваа сурагтай. Арга ч үгүй юм болов уу даа, 60 жилийн турш тасралтгүй дуулагдсан бүтээл тун цөөн. Тиймдээ ч “Тунгалаг буянт”-ын 60 жилийн ойд зориулсан тоглолт хийхээр хөл нь хөнгөрсөн хэрэг биз.

Тэрээр дуу төрсөн тухайгаа ийн хуучилжээ. “Тунгалаг буянт” дууны маань аяыг Ховд аймгийн театрын хөгжимчин Ч.Балдан зохиож, шүлгийг жүжигчин Д.Лхашид тэрлэсэн түүхтэй. 1954 онд Ховдын соёлын өдрүүд Улаанбаатар хотод болоход багш нар маань зөвлөлдөж байгаад дуучнаар нь намайг сонгосон юм. Тэр үед 60 жилийн дараа Ховдын сүлд дуу болно, сайн дуулъя гэж бодоогүй байж дээ. Одоогийн хэлдгээр Монголын одууд манай аймгийн соёлын өдрүүдэд биднийг  бэлдсэн. Одоогийн хотын захиргаа буюу тэр үеийн хоёр давхар байшин “Алтай” зочид буудалд бид байрлаж, наймдугаар сарын сүүлчээр соёлын өдрүүд улсын төв театрын тайзнаа эхэлсэн юм” хэмээн хуучилж байна.

Монголын дууны урлагт оруулсан түүний хувь нэмрийг зөвхөн дээрх дуугаар хэмжих аргагүй. Жил бүрийн намар айл бүрийн хойморт залардаг “Алтан намар” ч бас Ардын жүжигчин Б.Зангадын бас нэгэн чансаатай бүтээлүүдийнх нь нэг. Хуучны дурсамж өгүүлсэн, шүлэг, ая бүхэн нь ухаарал хайрласан сайхан бүтээл тун удахгүй Улсын дуурь бүжгийн эрдмийн театраа эгшиглэх нь. Харин та болзох өдрөө мартав аа, энэ сарын 15-нд шүү.

“Тунгалаг буянт” хүндэтгэлийн тоглолтыг  Ховд аймгийн нутгийн зөвлөл, Ховд аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж