2005, 2006 онд “Рэно” багаас амжилтын оргилд хүрч байсан Испани нисгэгч Фернандо Алонсо 2016 оныг дуустал “Феррари”-г төлөөлөхөөр болжээ. “Формула нэг”-ийн домогт багт хоёр дахь жилдээ уралдаж байгаа Алонсо өнгөрсөн жил хамгийн эхний гран-придаа түрүүлж, гараагаа амжилттай эхлүүлсэн ч улирлын төгсгөлөөр аваргын цомд хүрч чадаагүй билээ. Гэхдээ Абу Дабид болсон улирлын хамгийн сүүлийн гран-при уралдааны өмнө түрүүлэх боломж хамгийн өндөр нисгэгчдийн тоонд зүй ёсоор багтаж байсныг санах хэрэгтэй. Харин энэ улиралд одоогийн байдлаар тавдугаар байрт бичигдээд байгаа. Гэхдээ Туркийн гран-прид шагналт байрт шалгарч, багийнхаа багахан хэмжээний дэвшлийг амжилт болгож чадна гэдгээ батлан харуулсан билээ. “Би энэ гэрээг байгуулсандаа маш их баяртай байна” хэмээн Испани эр өөрөө хэлсэн бол үргэлж ялагч, тэргүүлэгч, манлайлагчдын нэг байсаар ирсэн “Феррари” баг Алонсогийн ялалтын төлөө эцсээ хүртэл тэмцдэг зан чанар багийнх нь хүсэл сонирхолд яг тав тохирдог болохыг дахин илэрхийлсэн байна.
Фернандо Алонсо одоогоор 52 оноотой тавдугаар байрт бичигдэж байгаа. Гэхдээ энэ амралтын өдрөөр тэрбээр эх орондоо уралдах учир дахин шагналын тавцанд гарахыг үгүйсгэхгүй. Гэвч түрүүлэх эсэх талаар ярихад эрт гэдэг нь Себастьян Феттелийн амжилтаас харагдана.
Испанийн гараанд багууд өөрсдийн болид дээрээ ажилласан, сайжруулсан байдалтайгаар зам дээр гарах бол Пирелли элэгдэл багатай шинэ хувилбартай дугуйнуудыг авчрах гэнэ. Тэгэхээр уралдаан өмнөх гран-принуудаас тэс өөр байдлаар өрнөх талтай.
Ямартай ч “Феррари” Алонсотой гэрээгээ ийнхүү сунгасан бол одоогоор Массатай холбоотой ямар нэгэн мэдээлэл алга байна. Гэхдээ Монтеземоло өнгөрсөн долоо хоногт Бразил нисгэгчээ ирэх жил ч гэсэн гэрээний дагуу үлдээх бодолтой байгаа гэсэн билээ.
Score Studio