Хонгконгийн яриа, хэлцэл цуцлагджээ

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Хонгконгийн яриа, хэлцэл цуцлагджээ

Хонгконгийн Ерөнхийлөн захирагч Люн Чун Ин

 

Хонгконгийн эрх баригчид болон ардчиллын төлөө жагсагч оюутнуудын хооронд өнөөдөр /Х.10/ хийхээр төлөвлөсөн яриа, хэлцэл цуцлагджээ. Хонгконгийн ардчилсан хууль тогтоогчид Ерөнхийлөн захирагч Люн Чун Инийг авилгатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт тавьснаас үүдэн оюутнуудтай хийхээр тохирсон яриа хэлцэл цуцлагджээ. Хонгконгийн хууль зүйн газраас Ерөнхийлөн захирагч Люн Чун Иний бизнестэй холбоотой Австралийн инженерийн компанийн төлбөр 6.4 сая ам.долларыг мөрдөн шалгуулахаар прокурорт хандсан аж. Австралийн “Fairfax Media” агентлагт мэдээлснээр “UGL Ltd” инженерийн компани 2012 болон 2013 онд нийт 6.4 сая ам.долларыг Люн Чун Иний ажилладаг байсан “DTZ Holdings” компанид төлсөн хэмээн мэдээлснээс энэ хэрэг сөхөгдөж эхэлжээ. Энэ талаар Люн Чун Иний зүгээс “хууль бус зүйл хийгээгүй” гэж мэдэгдсэн бол “DTZ Holdings” ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа гэнэ. Австралийн “UGL Ltd” компани болон “DTZ Holdings” хамтын ажиллагааны 2011 оны есдүгээр сард хийсэн гэрээний зарим хэсэгт  Люн Чун Ин гарын үсэг зурсан аж. Люн Чун Иний “CY Leung & Co” компани 2000 онд “DTZ Holdings”-д нэгдсэн байна.

 

Үүний зэрэгцээ уулзалт, хэлцэл цуцлагдсанд дургүйцсэн оюутан, жагсагчид Хонгконгийн хууль тогтоох зөвлөлийн байрны гадна цуглаж эхэлсэн байна. Ийнхүү Хонгконгод олон хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал нь яриа, хэлцэл цуцлагдсанаар дахин өрнөх бололтой байна. Хонгконгчуудын зүгээс удирдлагаа бие даан сонгохыг хүсч, Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардаж буй юм. Харин Хятадын эрх баригчид ирэх 2017 оны Хонгконгийн удирдлагыг сонгох сонгуульд нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэсэн болзол тавьсан нь эсэргүүцлийн жагсаалыг өдөөсөн билээ. 

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж