Баасан гариг бүрт уншигчдын хүртээл болдог “Зөвлөгөө” булангийн энэ удаагийн дугаарт шүдний эрүүл ахуйн талаарх зөвлөгөөг хүргэж байна.
Монгол улсын хүн амын дунд хамгийн өргөн тархсан өвчлөлийн нэг бол амны хөндийн буюу шүдний өвчлөл. Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийн 70-80 хувь нь шүд цоорох өвчнөөр өвчилсөн байдаг бол насанд хүрэгчдийнх энэнээс ч өндөр хувьтай байдаг байна.
Ингээд шүдээ хаана хямд, чанартай эмчлүүлэх талаар уншигчиддаа мэдээлэл өгөхийг зорьлоо.
Эрүүл мэндийн даатгалыг сар бүр төлдөг бол үүнийгээ ашиглаад улсын эмнэлэгт үнэ төлбөргүйгээр шүдээ эмчлүүлэх боломжтой юм. Та дүүргийн эмнэлгийнхээ шүдний тасагт хандаж болно, эсвэл бидний хэлж заншсанаар “Шүдний төв” буюу “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”-д хандаарай. “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв” бууриа сэлгэн түргэн тусламжийн 103 хажууд шинэ байранд ороод байгаа билээ.
“Шүдний төв” ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
- Урьдчилан сэргийлэх
Та хэрвээ бага насны хүүхэдтэй бол хүүхдийнхээ шүдийг байнга эрүүл ахуйч эмчид үзүүлж, цоорлоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө авч байх хэрэгтэй. Хүүхдийн анхны сүүн шүд шүдлэж эхлэхээс л та хүүхдийнхээ шүдэнд анхаарч байхыг эмч нар зөвлөдөг. Шүдний төвийн 204 номерын өрөөнд урьдчилан сэргийлэх үзлэг хийн, зөвлөгөө өгдөг юм байна. Та хүүхэд болон өөрийнхөө шүдийг эрүүл байгаа эсэхэд эргэлзэж байгаа бол урьдчилан сэргийлэх үзлэгт үзүүлээрэй. Энд үзүүлэхэд цаг авах шаардлагагүй, дугаарлаж байгаад үзүүлдэг юм байна.
- Эмчилгээ
Таны шүд нэгэнт өвчилсөн бол та хүлээн авах дээр нь очиж цаг авах хэрэгтэй. Маш их дараалалтай байдаг учир бараг 20 гаруй хоногийн дараах л цаг олдох магадлалтай. Мөн шүд авахуулах зэрэг үзлэгийн цагийг шинэ долоо хоног эхлэх бүрт даваа гаригийн өглөө өгдөг юм байна. Тиймээс эртхэн очоод нэг удаа цаг авчихсан байхад дараа дараагийн эмчилгээг эмч нар нь цаг товлоод явчихдаг учраас дахин дугаарлаж цаг авах хэрэггүй.
- Шүдний гажиг засал
Шүдний аппарат хийлгэх, шүдний буруу ургалт, элдэв төрлийн гажиг зэрэгт мэргэжлийн маш чадварлаг эмч нар зөвлөгөө өгч үйлчилнэ. 301 тоотод цаг авалгүйгээр шууд үзүүлж болох ба бусад хувийн эмнэлгүүдэд 1,5 сая орчим төгрөгийн өртөгтэйгээр хийгддэг гажиг заслын аппаратыг ЭМД-ын хөнгөлөлттэйгээр мөн хийлгэх боломжтой юм.
- Сард хэдэн төгрөгийн хөнгөлөлт эдлэх вэ?
ЭМД төлөгч иргэн сард хоёр удаа, нэг шүдний 16200 төгрөгийн эмчилгээг ЭМД-аараа хийлгэх боломжтой. Таны хийлгэсэн эмчилгээний үнэ үүнээс илүү гарвал та хувиасаа төлнө.
Шүд цоорсны дараа эмчлүүлэх гэж мөнгө төгрөг цаг заваа үрж байхаар урьдчилан сэргийлэх тал дээр илүү анхаарч байх хэрэгтэй юм. Тиймээс шүд цоорох өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэргэжлийн эмч нарын өгсөн зөвлөгөөг хүргэе.
Их эмч П.Одбаясах:
0-6 сартай хүүхдийн шүдийг шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө
• Эцэг эх, асран хамгаалагч та, таны хүүхдийн эрүү, хоншоорын зөв хөгжил,байнгын шүдний зөв шүдлэлт, зажлах, ярих зэрэгт сүүн шүд чухал үүрэгтэй гэдгийг мэдэх хэрэгтэй.
• Иймд сүүн шүдний эрт үеийн цоорлоос урьдчилан сэргийлэхэд анхаарлаа хандуулж, идэвхи чармайлт гаргах шаардлагатай.
• Таны хүүхдийн амны хөндийн эрүүл ахуй нь эцэг эх, болон гэр бүлийн бусад гишүүдийн амны хөндийн эрүүл ахуйгаас шууд хамааралтай. Эдгээр хүмүүсийн цооролтой шүднээс шүдний цоорол үүсгэгч болох эмгэг төрөгч нян стрептококк мутанс нь аяга халбагаар болон амнаас аманд шүлсээр дамжин таны хүүхдийн аманд халдварлаж, шүдний цоорол үүсгэх эх үүсвэрийг бий болно.
• Иймээс асран хамгаалагч , гэр бүлийн гишүүд , жирэмсэн ээжүүд шинэ хүн хүлээж авахын өмнө шүдний эмчид хандан, амны хөндийгөө бүрэн эрүүлжүүлж , фтортой оо, фтор агуулсан ам зайлагч уусмал, шүдний утсыг өдөр тутам ашиглаж байвал зохистой.
• Хүүхдийнхээ буйл салстыг төрсөн цагаас нь эхлэн ариутгасан самбай /марль/-г усаар норгон, зөөлөн арчиж цэвэрлэж байх хэрэгтэй. Шүд шүдлэхээс өмнө шүд шүдлэсэний дараа энэ аргаар үргэлжлүүлэн буйл, шүдийг цэвэрлэж болно.
• Шүд шүдлэх үед хаздаг зөөлөн тоглоом хазуулж шүдлэлтийг дэмжинэ.
• Та хүүхдийнхээ шүдний эрүүл ахуйн талаар аль болох эрт буюу сүүн шүд шүдлэж эхлэх үеэс шүдний эмчид хандан, сүүн шүдийг хэрхэн арчлах талаар зөвлөгөө авч эмчийн байнгын хяналтанд байх хэрэгтэй.
• Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ амны хөндийн байдлыг байнга ажиглаж, дээд уруулыг сөхөж үзэх аргаар буйл шүдийг хэвийн эсэхийг тогтмол шалгаж занших, зайлшгүй шаардлагатай тохиолдолд эмчилгээг цаг алдалгүй хийлгэх хэрэгтэй.
Их эмч Д.Нямсүрэн, Д.Эрдэнэтөгс: Жирэмсэн эхийн шүдийг эрүүл байлгах зөвлөмжүүд
Жирэмсэн байх хугацаанд биед гарч байгаа гормоны өөрчлөлтүүд нь таны буйлыг хавагнуулж улайлган хөндүүр болгодог. Энэ байдлыг жирэмсний үе дэх буйлны үрэвсэл гэх бөгөөд эмчлэгдээгүй тохиолдолд шүдний тулгуур эдийн өвчин болдог байна.
Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд та доорх энгийн зөвлөмжүүдийг дагана уу?
1.Угаах утсаар цэвэрлэх
• Шүд буйлны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд фтор агуулсан оогоор зөөлөн үстэй сойзоор өдөрт 2-оос доошгүй угаах
• Өдөрт нэг удаа унтахын өмнө шүдний утсаар шүдний завсруудыг цэвэрлэх
• Хэрэв угааж чадахгүй хордлоготой бол фтор агуулсан ам зайлагчаар зайлах
• Бөөлжиж байгаа бол зүгээр усаар зайлж байх
2. Эрүүл хооллох
• Жимс ногоо , сүү сүүн бүтээгдэхүүн , загас, өндөг ,самар, үр тариа , чихэрлэг хоол хүнсний зүйлсийг зөвхөн үндсэн хоолны үед хэрэглэнэ. /хийжүүлсэн ундаа , чихэрлэг сок ундааны оронд бага клортой сүү усыг сонгох /
• Хоол хооронд ус ууж байх
• Чихэрлэг зүйлсийг багасгах зогсоох үүнд: бүх төрлийн чихэрлэг шингэн зүйлс ,жигнэмэг, чихэр
• Ксилитол, саахаргүй бохь , гаа , хэрэглэж байх
3. Шүдний эмчийн үзлэг
• Жирэмсний эхний үед шүдний эмчид очиж амны хөндийн үзлэгт орох
• Жирэмсэн гэдгээ шүдний эмчдээ хэлж төрөх хугацаанаасаа өмнө амны хөндийг эрүүлжүүлэх
• Эмчийн зааврын дагуу амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй
Н.ЦЭНД