Эбола вирусээр өвчилсөн Испани сувилагч Ромерогийн нохойг олон нийтийн эсэргүүцлийг үл харгалзан устгасан байна. Экскалибур нэртэй нохойг ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тээгч болж, бусдад тараасан байж магадгүй гэж үзэн Мадрид хотын шүүхийн шийдвэрээр устгасан байна. Испанийн эрүүл мэндийн албаныхан Экскалибур нохойг “үхлийн тариа”-гаар тарьж, чандарлажээ. Экскалибурыг устгах шийдвэр гарснаас хойш “гэмгүй” нохойг аврах хөдөлгөөн Испанид төдийгүй интэрнэтээр түгэн дэлхий дахинаа өрнөсөн юм. Цахим ертөнцөд өрнөсөн Экскалибурыг аврах хөдөлгөөнд Жастин Биберийг шүүмжилсэн сэтгэгдэлийг давсан байна. Тухайлбал, Твиттерт #SalvemosaExcalibur — "Экскалибурыг авръя" 24 цагийн дотор бараг 400 мянган удаа жиргэгджээ. Мөн “Change.org” вэб сайтад 380 мянган хүн нохойн амийг аврахаар гарын үсэг цуглуулсан байна. Ромерогийн нөхөр Хавьер нохойгоо аврахын тулд Испанийн алдартай радиогийн ярилцлагын шоунд хандсанаар энэ бүхэн эхэлсэн аж.
Испани сувилагч энэ долоо хоногийн эхээр эбола вирусын халдвар авсан нь тогтоогдсоноор нөхрийнхөө хамт хөл хорионд ороод байгаа юм. Тэрээр эболагаар нас барсан хоёр номлогчийг эмчлэх Мадридын эмнэлгийн багийн гишүүн байсан аж. Испанийн номлогч 69 настай Мануэль Гарсиа Вьехо Сьерра-Леоне улсад байхдаа эбола вирусын халдвар авч, өнгөрсөн есдүгээр сарын 25-нд III Карл хааны нэрэмжит Мадрид хотын эмнэлэгт нас барсан аж. Харин 75 настай Мигель Пахарес Либери улсад байхдаа халдвар авч өнгөрсөн наймдугаар сард нас барсан байна.
Эх сурвалж: Associated Press
Б.АНХТУЯА