УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн эхэнд гишүүд хуулийн төслийн нэршил оновчтой биш байна хэмээн шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан конвенцийн агуулгад анхаарахыг хүсэв.
Уг конвенцид нэгдэн орохоор Монгол Улс 2007 оноос эхлэн конвенцийг батлахаар болж, орчуулга хийсэн ч гурван парламент дамжиж, мөн 10 гаруй сайдын гар дамжсаар өнөөдрийн УИХ-аар хэлэлцэгдэж байгаа нь энэ аж.
Конвенцийн үндсэн агуулга нь төр нь хууль бусаар иргэнээ баривчлах, саатуулах, мөн иргэнийг барьцаалах, хулгайлах зэргээр хүний эрхийг хязгаарлахын эсрэг олон улсын эв санааны хувьд нэгдэж байгаагаа баталгаажуулах аж. Хууль зүйн сайдын тодотгосноор конвенцид нэгдэн орсноор Монгол Улсын иргэн гадаадад сураггүй болоход эрж хайх, амиа алдсан хохирогчийн ар гэрийнхэнд эрх зүйн туслалцаа өгөх, хохирсон иргэнийхээ асуудлыг шийдэх гол механизм болох юм байна.
Конвенцитой холбоотойгоор гишүүд саналаа хэлэх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ямар асуудлыг УИХ-д оруулж ирж байгаагаа сайд нар уншихгүй байна. Баахан ойлгомжгүй орчуулгатай юм оруулж ирдэг, тэр нь эргээд Монголд гай болдог байж таарахгүй” гэлээ. Эцэст нь орчуулгыг сайжруулах талд Хууль зүйн яам, Гадаад харилцааны сайд дахин ажиллахаар боллоо. Харин санал хураалтад оролцсон гишүүдээс 61.4 хувь нь “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлахыг дэмжсэн юм.
Г.ДАРЬ